Нобелийн шагналт, Германы эрдэмтэн Клаус фон Клитцинг МУИС-д айлчилж лекц уншлаа

Share Button

 

МУИС-ийн захирал С.Төмөр-Очирын урилгаар Монголд айлчилж буй Физикийн салбарт 1985 онд Нобелийн шагнал хүртсэн, Германы нэрт эрдэмтэн др.проф.Клаус фон Клитцинг  судлаачид болон сонирхсон олон нийтэд зориулж 8-р сарын 9-ний өдөр ” Квант Холлын эффектын нээлт” сэдэвт лекц уншлаа.

Клаус фон Клитцинг нь Монголд анх удаа уншиж байгаа энэхүү лекцийн сэдэв болох тодорхой нөхцөлд цахилгаан дамжуулагчийн эсэргүүцэл квантжих, өөрөөр хэлбэл цахилгаан дамжуулагчийн эсэргүүцэл нь тасралгүйгээр өөрчлөгдөхийн оронд тасралттай дискрет шатлалаар өөрчлөгдөх үзэгдлийг нээж,  1985 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртжээ. Эрдэмтэн Клитцинг энэхүү Холлын эффект ашиглан цахилгаан эсэргүүцэл нь маш нарийн нэгжээр өөрчлөгдөхийг үзүүлснээрээ салбартаа гавъяа байгуулсан юм. Түүнчлэн тэрбээр соронзон орон хүчтэй температур бага байхад Холлын эсэргүүцэлд дискрет үсрэлтүүд байхыг ажиглаж,  үсрэлтийн хэмжээ нь нарийн бүтцийн тогтмол буюу атомын хамгийн дотоод орбит дахь элетроны хурд ба гэрлийн хурдны харьцаатай шууд холбогддогийг нотолсон байна.    Иймд түүний ажил нарийн бүтцийн тогтмолыг асар өндөр нарийвчлалтай олж,  цахилгаан эсэргүүцлийг өндөр нарийвчлалтай хэмжих стандарт тогтооход үлэмж ач холбогдолтой нээлт болсон ажээ.

“Квант холлын эффектийн нээлт” сэдэвт лекц нь Монголын физикчид квант холлын нээлтийн дэлгэрэнгүй болон тухайн физик процессын мөн чанар, түүнийг орчин үеийн нано-элетроникт хэрхэн хэрэглэж буй тухай мэдлэг, мэдээллийг олж авснаараа чухал ач холбогдолтой боллоо.

Лекцийн дараа Нобелийн шагналт, Германы эрдэмтэн  Клаус фон Клитцингийг морин хуурын уянгалаг ая эгшгээр хөглөж, МУИС-ийн хүндэт доктор цол өргөмжилж байгаагаа хурсан олны өмнө албан ёсоор зарлаж, хүндэтгэлийн хувцас, өмсгөлийг зүүлгэн, эрдмийн зөвлөлийн  нийт хамт олон халуун баяр хүргэлээ.   

Клаус фон Клитцинг энэхүү хүндтэй цолыг хүлээн авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлээд “Шинжлэх ухаанд хэл, соёлын хил хязгаар гэж байдаггүй нь өнөөдрийн миний авч байгаа энэхүү эрхэм шагнал харуулж байна. Цаашид хүн төрөлхтний сайн сайхны төлөө ихийг бүтээж ажиллана” хэмээн сэтгэлийн үгээ хэллээ.

Германы хатуу биеийн Макс Планкийн хүрээлэнгийн захирал Клаус фон Клитцинг 1943 оны 6 сарын 28-нд Шрода хотноо төрж,1962 онд ерөнхий боловсролын сургууль дүүргэн тус ондоо Брауншвайгийн Техникийн их сургуулийн физикийн ангид элсэн орж 1969 онд төгсжээ. Тэрбээр 1969-1980 онд Вюрцбургийн их сургуульд суралцаж физикийн шинжлэх ухааны доктор цол хамгаалсан байна.1980-1984 онд Мюнхений их сургуульд багшилж байгаад 1985 оноос хойш Хатуу биеийн Макс Планкийн хүрээлэнгийн захирал, Штутгартын их сургуулийн хүндэт профессороор өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.  Тэрээр дэлхийн 13 их сургуулийн хүндэт доктор болсон байна. Олон улсын нэр хүнд бүхий шагналуудыг авч байжээ.

 Монголын эрдэмтэд болон иргэдийн мэдлэг, танин мэдэхүйд тустай энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах ажилд Рио Тинто компани хамтран ажиллаж буйг дурдах нь зүйтэй.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар