Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк (ШУТУБП) нь шинэ санаа, бүтээлч санаачилгыг дэмжих, эрдэм шинжилгээ судалгааны үр дүн инновацыг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх зорилгын хүрээнд инновацын экосистемийг цогцоор бүрдүүлэхээр 7000м.кв бүхий орон зайд төлөвлөлт, зохион байгуулалтыг хийж байна. Инновацын экосистем нь:
- Технологи дамжуулах төв
- Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цех
- “Гэрлаб” инженерийн урлан
- Усны чанар, аюулгүй байдлын сорилтын лаборатори
- Сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх
- Робот дроны нисэх урлан
- Инновацын үйлчилгээ, зөвлөгөө зэрэг бүрдэл хэсгүүдтэй.
Инновацын экосистемийг бүрдүүлснээр, эрдэмтэн, судлаачид, хувь хүн, бизнес эрхлэгчдийн инновац шингэсэн шинэ санаа, бүтээлч санаачилгыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх, дэмжих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт хөтөлбөрөөр дамжуулан чадавхжуулж үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх замаар нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулж улс орны хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, технологи инновацын тогтолцоог бэхжүүлэх, нээлттэй орон зай бүрдэх юм.
Нээлтийн арга хэмжээнд төр, их дээд сургуулиуд, олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллага, орон нутгийн удирдлагын төлөөлөл, хувийн хэвшил болон стартап бизнес эрхлэгчид уригдан оролцлоо.
Нээлтийг Монгол Улсын Их Сургуулийн ректор, профессор Б.Очирхуяг нээж, ШУТУБП-ийн захирал, профессор О.Мөнхбат, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Б.Ганбат, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл, Зэвсэгт хүчин жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Инженер технологийн дээд боловсрол төслийн зохицуулагч Б.Мөнхтулга, Боловсролын яамны Дээд боловсролын газрын Эрдэм шинжилгээ хариуцсан шинжээч, доктор Б.Баттогтох нар үг хэлж, шинжлэх ухаан, технологийн уялдаа холбоог бэхжүүлэх, бодитоор дэмжлэг үзүүлэх зорилгоо онцолж, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
Зочид өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад шинжлэх ухаан технологи, инновацыг дамжуулах, хөгжүүлэх нээлттэй орон зайг бүрдүүлсэн шинжлэх ухааны парк байгуулагдаж нээлтээ хийж байгаа нь хамгийн тохиромжтой цаг үе болохыг онцоллоо.
Нээлтийн арга хэмжээнд оролцсон зочид төлөөлөгчид өртөөчлөн Шинжлэх ухааны технологийн Улаанбаатар парктай танилцаж МУИС-ийн гарааны компаниудын үзэсгэлэн, цехэд хөгжүүлж буй бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн үйл явц, экосистемийн орон зайд хамтран ажиллах, ашиглах, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг хийх, инновац шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов.
Мөн онцлох арга хэмжээний нэг нь Эндаумент сангийн нээлтийн үйл ажиллагаа байлаа. Тус сангийн анхны хандивлагчид хандив өргөж талархлын модонд нэрээ мөнхлөх ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлсэн юм.
Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновац хөгжиж мэдлэг үнэлэгдэх цаг айсуй.