Отани их сургуулийн профессор Мацукава Такашид МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Монгол судлалын хөгжил, Японы Отани их сургууль болон МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүнд энэхүү цолыг олгожээ. Профессор Мацукава Такаши нь Японы монгол судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажилладаг. Тэрбээр 1979 онд Токиогийн Гадаад судлалын их сургуульд монгол хэлний бакалаврын зэрэг эзэмшсэн цагаасаа хойш Монголын түүх, археологи, бурханы шашин судлал, хэл шинжлэл, монголчуудын бичээс судлалын чиглэлээр судалгаа хийж иржээ. Профессор Мацукава Такаши “Монгол Улсын нэр хүндтэй их сургууль надад өндөр итгэл найдвар тавьж, хүндэт докторын цол хүртээсэн нь миний хувьд туйлын их нэр төрийн хэрэг бөгөөд бахархал юм. Миний судалгааны гол чиглэл болох Монголын түүх, археологийн судлал нь зөвхөн өнгөрсөн үеийн баримтыг судлахаас гадна Монголын соёл, оюун ухааны өв, түүхэн үнэт зүйлийг гүнзгий ойлгож, тэдгээрийг өнөө үе болон ирээдүйд уламжлуулахад чиглэдэг. Судалгааныхаа хүрээнд Монголын түүх, археологийн ач холбогдлыг тодруулж, нийгэмд гүйцэтгэсэн үүргийг илрүүлэх боломжтой болсондминий хувьд ихээхэн сэтгэл хангалуун байна” хэмээв.
МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар “Профессор Мацукава Такаши нь Японы монгол судлалын салбарт монгол судлаачидтай хамгийн ойр бөгөөд олон чиглэлээр ажилладаг эрдэмтэн. Дэлхийн монгол судлаачдыг холбох гүүр болсон, Монголын түүх, соёлыг Японд танилцуулах чиглэлээр ажилладаг монгол соёлын элч юм” гэж тэмдэглэн хэллээ. Профессор Мацукава Такашигийн судалгааны ажилд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Отани их сургуулийн хамтарсан “Монгол дахь буддын шашны хожуу дэлгэрэлтийн үе буюу 13-17дугаар зууны үеийн Буддын сүм хийдийн археологи, түүх, шашны судалгаа” чухал байр суурь эзэлдэг. Энэхүү судалгаань 2013 онд эхэлж, Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа дахин эхэлжээ. Профессор Мацукава Такаши “МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, эрдэмтдийг жил бүр Киото дахь Отани их сургуульд урьж, хамтарсан судалгаа хийхийн зэрэгцээ Япон дахь монгол судлал, Японы түүх, соёлтой танилцах боломж олгосон нь миний хувьд үнэтэй туршлага болсон” гэв. Тэрбээр монгол судлалтай холбоотой 30 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн. Мөн монгол хэл, түүх, археологи, шашин судлалын чиглэлээр МУИС-ийн багш, судлаачидтайхамтран бичээс судлал, монголын төрт улсын түүх, эзэнт гүрний үеийн археологи, Монголын бурханы шашин судлалын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах зэрэг олон үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болд-Эрдэнэ “Профессор Мацукава Такаши нь монгол судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллаж, Японы Отани их сургууль болон МУИС-ийн судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм” хэмээн онцоллоо.
Уг ёслолын ажиллагаанд Япон Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сатоши Морий, хоёрдугаар нарийн бичгийн дарга хатагтай Ёрико Ито, Япон Улсын элчин сайдын яамны атташе хатагтай Миёоко Сайто болон Японы Рюкоку их сургуулийн профессор Мүраока Хитоши оролцов. Мөн МУИС-ийн ШУС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, тус сургуулийн багш, оюутнууд, төрийн байгууллага болон их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцлоо.