МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, Археологийн тэнхимээс эрхлэн гаргадаг “Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology” сэтгүүлийн Vol. 13, Issue 2 (601), December 2024 дугаар хэвлэгдэн гарлаа.
Их Юань улсын Хубилай хааны флот Японд 1274 онд довтолсон үйл явдлаас хойш 750 жил өнгөрч байгаа бөгөөд сэтгүүлийн энэ дугаарын тусгай сэдвээр онцолсон байна. Энэхүү түүхэн үйл явдалтай холбоотой “Монголын довтолгооны хуйлмал бичиг” (蒙古襲来絵詞 Moko Shurai Ekotoba) дэх монголчуудын дүрслэлийн тухай ажиглалт”, “Такашима арлын орчмоос олдсон Юаний флотын зарим олдворыг Хархорум хот ба Монголын үеийн булшны олдворуудтай харьцуулах нь”, “Монгол болон Японд хадгалагдаж байгаа Их Юань улсын үед хамаарах зэр зэвсгийн харьцуулсан судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг нийтэлжээ.
Монголын эрт, дундад үеийн археологийн судалгааны сэдвээр “Бөөрөгтийн хадны зураг”, “Монгол Алтайн эртний урлагийн өвөрмөц дурсгал”, “Монголын хүрлийн үеийн зан үйлийн ландшафтуудаас оршуулгын уламжлалын хэв маягийг хайх нь”, “Богдын голын хөндийд олдсон эртний төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгаа”,”Торгоны зам ба Хятан бунхны ханын зураг”, “Хятаны үеийн чулуун хөргийн онцлог шинжийн тухай”, “Монгол нутаг дахь XIII-XIV зууны үеийн хүн чулуун хөрөгт тахилын байгууламжийн судалгааны зарим асуудалд”, “Наран толгойгоос шинээр илрүүлсэн руни бичгийн дурсгал” эрдэм шинжилгээний өгүүллүүдийг нийтлэн гаргажээ.
Монголын нийгэм-соёлын антропологийн чиглэлээр “Шинэхээн буриадын төр хуримын сэргэ босгох ёсноос Чингис хааны намрын тахилгын нэрийдлийг зүйчлэх нь”, “Монгол хаадын ордны дуу хөгжмийн түүхэн тойм”, “Засагт хан аймгийн Олхонууд гурван хошууны халхчуудын уламжлалт хоол, идээ ундаа (XIX зууны эцэс XX зууны эхэн үе)”, “Үндэстний соёлын нөлөөн доорх бэлгийн үзэл баримтлал: Хан үндэстэн ба Өвөр Монголчуудыг харьцуулах нь” зэрэг өгүүллийг нийтэлсэн байна.
“Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology” сэтгүүл нь жилд хоёр дугаараар, өгүүлэл бүр нь DOI (Digital Object Identifier)-той хэвлэгдэн гардаг бөгөөд “Google scholar” мэдээллийн санд бүртгэгдэж олон улсын хэмжээнд эшлэл тоологдох боломжтой болдог.
Сэтгүүлийн цахим хувилбартай МУИС-ийн сэтгүүлийн вэб хуудсаар орж танилцахыг урьж байна. Холбоос: https://journal.num.edu.mn/MJAAE/index
“Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology”
сэтгүүлийн редакцийн зөвлөл