МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр шилдэг профессорын багууд ажиллаж байгаа билээ. Эдгээр багуудын нэг болох Чип-системийн сургалт, судалгааны чиглэлээр ажиллаж буй профессорын багийн ахлагч, МТС-ийн багш, доктор М.Баярпүрэвтэй ярилцлаа.
– Та профессорын багийнхаа судалгааны чиглэлийг танилцуулаач. Шинэхэн багийн маань ажил хэр төвхнөж байна?
Манай баг радио холбоо болон роботик хоёрыг судалгааныхаа үндсэн чиглэл болгон явж байгаа. Үүн дотроо бид дараах үеийн өргөн зурвасын хөдөлгөөнт холбооны модуляц, алдаа засах кодууд болон роботын динамик, оновтой удирдлага, компьютер хараа (computer vision), дүрс боловсруулалт зэрэг чиглэлд судалгаа хөгжүүлэт хийж байгаа. Мөн суурь математик техникээ сайжруулах үүднээс МКС-тай хамтран Ли бүлгийн (түүн дотроо эргэлтийн болон Лоренцийн бүлэг) дүрслэл, төгсгөлөг цагирагийн семинарыг тогтмол хийдэг.
Нэгэнт бид инженерийн чиглэлийн судалгааны баг болохоор гаргасан үр дүн, алгоритмуудаа бодит бүтээгдэхүүн, тодруулбал хагас дамжуулагч чип болгохыг зорьдог. Одоогоор бид хоёр төсөл дээр ажиллаж байгаа. Нэг нь алгоритмийн хувьд дуусчихсан. Чипнийхээ архитектор руу ороод явж байна. Энэ маань залуурдагдаггүй тэнхлэг бүхий роботын байршил, координатыг олох алгоритм юм. Эхний ээлжинд хөвөгч таслалтай, нэмж хасч, үржиж хуваадаг электрон хэлхээгээ хийж байгаа.
– Чип дизайны чиглэлээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?
Чипийг бүтээх процессыг үндсэндээ хоёр хэсэг хувааж болно. Нэг нь фабрикац (fabrication), нөгөөх нь дизайн. Сүүлийн үед хагас дамжуулагчийн аж үйлдвэрлэлд энэ хоёрыг тус нь авч явдаг бизнесс модел руу ороод байгаа. Хамгийн сүүлд хуучнаар үлдсэн Японы компаниуд энэ модел руу шилжих бүтцийн өөрчлөлт ид явагдаж байгаа. Зөвхөн дизайн хийдэг компаниудыг фаблесс компани гэдэг. Энэ нь анхны хөрөнгө оруулалт бага шаарддаг бөгөөд манай улс шууд ороход тун тохиромжтой зах зээл гэж би хардаг. Боловсон хүчнээ л сайн бэлдээд авах хэрэгтэй. Бид электрон системийнхаа дизайныг, тодруулбал logic synthesis, layout, тестийг монголдоо хийгээд түүнийгээ Япон, Тайван зэрэг улс руу явуулж фабрикац хийнэ. UNIQLO, Gap зэрэг хувцасны компаниуд загвараа өөрсдөө хийгээд хятадын компаниар оёулдагтай адил гэх үү дээ.
– Чип дизайныг монголд үйлдвэрлэх боломжтой юу
Бүрэн боломжтой. Манай залуусын электрон системийн дизайны онолын мэдлэг хаа ч гологдохооргүй. МТС-д багшилж байсан С.Энхболд багш маань АНУ-д суралцаж, ажиллаж ирээд FPGA-г (програмчлагддаг логикууд) манай сургалтанд нэвтрүүлсэн нь энэ салбарын хөгжилд томоохон түлхэц өгсөн. Одоо бид дахин нэг үсрэлт хийж хагас дамжуулагч чип дезайн руу орох хэрэгтэй. Бидэнд суурь байгаа. Харин layout, симүляц, тест нь FPGA-с нилээд өөр бөгөөд фабрикацид хэрэглэгдэх хими-технологийн процесс, нано хэмжээст транзисторуудын моделийн суурь болсон хатуу биеийн физикийн онолуудыг мэдэх шаардлага байгаа. Үүнд манай ФЭС, МКС, ХХИС-н холбогдох багууд ч хамтран ажиллаж, идэвхтэй оролцоосой гэж боддог.
– Монголд амжилттай хэрэгжих боломж хэр вэ
Алгеритмуудаа туршаад чип болгохоор ажиллаж байна. Биднийг МУИС-н удирдлага, ялангуяа эрдэм шинжилгээ инновацын хэлтсийн хамт олон маш сайн ойлгож дэмжиж байгаа. ШУТИС—тай ч энэ салбарт хамтран ажиллах гэрээ байгууллагдсан.
Бид чип-дизайны EDA програм хангамж үйлдвэрлэлийн тэргүүлэгч Synopsys компанитай удтал хэлцээр хийсний үр дүнд 2012 оны 5 сард гэрээ байгуулж суурь програм хангамж авахаар болсон. Гэсэн хэдийг ч санхүүжилтийн асуудал, янз бүрийн шалтгаанаар хойшилсоор өдий хүрсэн. Саяхан ректоратаас санхүүжилтыг зөвшөөрч МУИС-аас 25 мянган ам. доллар гаргаж өгөхөөр болсон. ШУТИС-аас ч төдий хэмжээний санхүүжилт гаргаж 4 сараас EDA программ хангамжаа суурилуулахаар боллоо. Одоо төсөл маань амжилттай хэрэгжих эсэх нь биднээс л хамаарах боллоо доо.
– ШУТИС, МУИС хамтран авч байгаа лабориторийг программ хангамж гэж ойлгохнээ дээ.
Яг тийм. Энэ нь хүчин чадал сайтай сервер компьютер дээр ажилладаг. Тэр сервер компьютерийг МУИС-аас профессорын багуудыг дэмжиж өгсөн мөнгөөр авья гэж манай баг шийдсэн юм. МТС-ийн Эрдмийн зөвлөл ч дэмжсэн.
Хувцасны загвар хийхэд эсгүүрийн жижиг лаборитори маягийн юм хэрэгтэй байдаг шүү дээ, иж бүрэн тоноглолтой. Эсвэл харуул, хөрөө, цүүц, алхтай мужааны жижиг цех ч гэмээр юмуу. Эдгээр програм хангамжууд нь тийм л цех гэж ойлгож болно. Чип дизайн хийхэд нэн шаардлагатай програм хангамжуудын цуглуулга. Энэ лаборатори маань монгол нээлттэй лаборатори байна. Хэн ч очоод чипээ дизайн хийж болно.
– Та бүхний хийж байгаа энэ зүйлийг хэрхэн ашиглах боломжтой вэ?
Роботын координат олдог алгоритмыг бол анх Робокон тэмцээнээс гарч ирсэн бодлого байгаа юм. Сүүлийн үед жолоочгүй машинын судалгаа хөгжүүлэлт их эрчимтэй явагдаж байгаа. Гүүглийн жолоочгүй машин, Тоётагийн i-unit гээд бий. АНУ-н батлан хамгаалахынхан ч их ач холбогдол өгч жил бүр “DARPA Grand Challenge” уралдаан явуулдаг. Жолоочгүй машинд координатаа локаль орчинд миллиметрийн нарийвлалтай мэдэх шаардалага гардаг. Бидний бүтээлийг жишээ нь үүнд хэрэглэж болох юм.
Дэлхийд төстэй алгоритмыг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Бид энэ тал дээр бол бүрэн мэргэшээгүй. Төстэй бодлого дээр ажиллаж байгаа дэлхийн бусад багуудын судалгааны үр дүнг сайн мэдэхгүй л гэсэн үг. Гэхдээ л энэ алгоритм маань сайн ажиллаж байгаа. Бид хангалттай хөгжүүлсэн, тестелсэн болохоор чип-дизайны эхний pilot төсөл болгож хийхээр шийдсэн. Монгол улсын хэмжээнд чип-дизайн хийж сурахыг хүссэн хэн ч болов энэ төсөл дээр нэгдэж болно. Бид нээлттэй заагаад өгнө.
Бусад алгоритмуудын хувьд манай багийн оюуны өмч байх болно.
– Та өөрөө энэ чиглэлтэй холбоотой сэдвээр судалгаа хийж байсан уу.
Үгүй, үгүй. Монголд ирээд л Робокон тэмцээнийг харж байгаад санаанд орсон практик бодлого гэх үү дээ. Өөр нэг төсөл маань харин миний докторын судалгааны чиглэлтэй холбоотой. Хурдтай хөдөлж буй орчинд өргөн зурвасын интерференц бага өгдөг модуляцийн арга байгаа юм. Түүндээр бол хэн хаана юү хийгээд байгаад андахгүй. Оригналь үр дүнгүүддээ ч мэдэж байна. Гэхдээ Чип болгоход судалгааныхаа хувьд арай л дуусаагүй байгаа. Цааш хөгжүүлэх зүйл нилээд байгаа.
– Танай профессорын баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна вэ.
Манай багийн бүрэлдэхүүнд Р.Амартүвшин, Баттогтох гээд 2 залуу багш байна. Амартүвшин маань бол дүрс боловсруулалт компьютер хараагаар мэргэшиж байгаа. Баттогтох бол саяхан БНСУ-д Чип дизайнаар төгсөөд ирсэн. Мөн магистрын 3-4 оюутнууд байгаа.
– МУИС профессорын багийн тогтолцоогоор ажиллаж эхэлж байна. Таны бодлоор?
Би японы Нагояагийн их сургуулийг Pulse- shaping OFDM Systems for Time- Freguency Dispersive Channels сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Японд бол оюутнууд бакалаврынхаа 4-р курсээс эхэлж албан ёсоор аль нэг лабориторид харьяалагдаж судалгаа хийдэг. Бакалаврын 4, магистр, докторын оюутнууд лабораторид ажилладаг. Тэгэхээр МУИС-д хэрэгжих гэж буй профессорын багийн систем нь тэр хандлага руу чиглүүлэх оролдлого гэж үзэж дотроо баяртай байна. Сургуулийн удирдлага профессорын багуудаа маш их дэмжиж байна. Гэхдээ жижиг сажиг асуудлууд байна. Манайх чинь байр сав багатай. Оюутнуудтайгаа нийлээд суучих өрөө оройдоо л сулардаг.
МТС-ийн хувьд профессорын багууд нь одоохондоо сайн дурын байдалтай л байна. Оюутнууд сонирхлынхоо түвшинд бидний судалгааны ажлыг сонирхож байвал бидэнтэй нэгдээд ажиллаж байна. Албан ёсны бүтцэд орсон юм бол хараахан алга байна л даа. Бүгдийг хүчээр хийж болохгүй байх. Яваандаа жигдрээд профессорын багууд өөрийн гэсэн байр савтай, оюутан бүр аль нэг лабораторид харъяалагдаад судалгаагаа хийдэг цаг удахгүй ирэх байх гэж бодож байна.
– Ярилцсанд баярлалаа.