ЭМГЭНЭЛ
Дашдэлэгийн Дашдулам /1967 – 2025/
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор, Монгол Улсын Гавьяат багш Дашдэлэгийн Дашдулам нь 2025 оны гуравдугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт хүнд гарз тохиолоо.
Д.Дашдулам нь 1967 онд Улаанбаатар хотод уран барималч Л.Дашдэлэгийн охин болон мэндэлж, улмаар нийслэлийн 10 жилийн лаборатори 1-р дунд сургуулийг дүүргэн бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Тэрээр 1988 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетыг дүүргэн бакалавр, 1997 онд ОХУ-ын Улаан-Үд хотын Улсын Их сургуулийн аспирантурыг дүүргэн Түүхийн ухааны доктор /Ph.D/-ын зэргийг тус тус хүртжээ.
Мөн 2000-2002 онд Япон Улсын Васэдагийн Их сургуульд судлаач оюутан, 2002-2005 онд Дайто Бунка Их сургуульд докторантурт, 2009-2010 онд Япон Улсын Дайто Бунка их сургуульд зочин судлаач, 2016-2017 онд Аояма Гакүин Их сургуульд зочин профессороор тус тус суралцаж ажиллахаас гадна ХБНГУ, БНХАУ, Унгар Улсад мэргэжил дээшлүүлсэн байна.
Д.Дашдулам нь Монгол Улсын Архивын хэрэг эрхлэх газрын Кино, гэрэл зураг, дуу авиа бичлэгийн архивд судлаач, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, 1995 оноос өнөөг хүртэл МУИС-ын түүхийн тэнхимийн багшаар ажиллаж ирсэн.
МУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, тус сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байв.
Монгол Улсын төрөөс түүний боловсрол, түүх, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн “Боловсролын тэргүүний ажилтан”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор тус, тус шагнаж Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндэт цолыг хүртээсэн юм.
Д.Дашдулам нь олон зуун шавь нартаа эрдэм мэдлэгийг түгээж, амьдралын гараанд нь бэлтгэхийн зэрэгцээ түүх, соёл, шашин зэрэг өргөн хүрээнд судалгааныхаа ажлуудыг туурвиж байв. Судалгааны гол сэдэв нь Монгол Улсын шинэхэн түүх, түүхэн сэтгэл судлал, улс төрийн харилцааны түүх, Бурхны шашны түүх, олон улсын харилцааны түүх, Монгол-Япон, Монгол-Оросын харилцаа бөгөөд, монголчуудын сэтгэлгээ, хандлага, өөрчлөлтийн талаар ч мөн судалгаа хийн бүтээлүүдээ нийтэд түгээдэг байв. Судалгааны нэг сэдэвт болон хамтын бүтээл 15, судалгааны өгүүлэл 80 гаруйг монгол, англи, орос, япон, хятад хэлээр хэвлүүлснээс гадна судалгааны 6 бүтээлийг редакторлан, олон арван өгүүлэл бичиж, баримтат түүхэн кино, нэвтрүүлгүүдэд оролцжээ. Тэрээр Ерөнхийлөгчийн ивээл дор хийгдсэн “ХХ зууны Монгол” төслийн ерөнхий таван зөвлөхийн нэгээр ажиллаж, “Сэрсэн зууны түүх” цуврал баримтат түүхэн кинонуудыг бүтээхэд хувь нэмрээ оруулжээ.
Д.Дашдуламын боловсрол, шинжлэх ухааны салбарт үлдээсэн зам мөр, ажилч хичээнгүй, шударга бөгөөд тууштай, хүнлэг дүр төрх, зан чанар нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд орших болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МУИС-ийн Удирдах зөвлөл
МУИС-ийн Захиргаа
МУИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо
МУИС-ийн Түүхийн тэнхим