Оюутны хөгжлийн газар нь МУИС-ийн нийт суралцагчдын соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр соёл урлагийн байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд МУИС-д суралцаж буй Гадаад суралцагчдад зориулан тэдэнд монголын түүх, соёлыг таниулах, чөлөөт цагийг нь зөв өнгөрүүлэх зорилгоор “Чингис хаан” үндэсний музейг үзүүллээ.
Бидний хүсэлтийг хүлээн авч дэмжлэг үзүүлэн “Чингис хаан” музейн хамт олонд талархал илэрхийлье.
Тус үйл ажиллагаанд оролцсон суралцагчид сэтгэгдэл ирүүлснийг оруулав.
ИТС-ийн магистрын түвшний суралцагч Хангай: Чингис хаан музейг үзэж сонирхсоноор Монголын түүх, соёлын гайхамшгийг гүн гүнзгий мэдрэх боломж олдлоо. Миний хувьд Чингис хааны түүхийг өмнө нь сонсож байсан ч энд ирснээр илүү өргөн хүрээтэй мэдээлэл, үнэт олдворуудыг үзэж түүний аугаа их үйл хэрэгт бодитоор оролцож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Музейн үзэсгэлэн нь зөвхөн Чингис хааны суу билгийг харуулаад зогсохгүй, Монголын ард түмний амьдралын хэв маяг, шүтлэг, соёлын өвийг тод томруунаар дүрслэн харуулж чадлаа. Энэ удаагийн аялал Монголын түүхийг илүү гүнзгий ойлгоход туслаад зогсохгүй, Монгол-Хятадын соёлын холбоог гүнзгий мэдрэх боломж олголоо. Баярлалаа МУИС-даа.
БНХАУ-ын суралцагч ШУС-ын докторант Тунгалаг: МУИС-иас гадаад суралцагч нарт зориулан “Чингис хаан” музейг үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсанд баяртай байна. Музейг үзсэнээр өөрийн үндэстэн, түүх, соёлоо сайн мэдэж авсан төдийгүй үндэстнээ хайрлах сэтгэл улам их болсон. Мөн нүүдэлчин үндэстний түүхэн хөгжлийн ул мөрийг мэдээд зогсохгүй түүнтэй холбоотой археологийн олдворуудыг сонирхлоо. Бас Чингис хааны алтан хөшөөг сэтгэл догдлон байж үзсэндээ маш их сэтгэл хангалуун байна.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР