Цусны донорын өдөрлөг болно

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн дэргэдэх “Залуучуудын улаан загалмай” клуб-ээс “Цусны донорын өдөрлөг”-г Монгол Улсын Их Сургууль дээр тогтмол зохион байгуулдаг билээ. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн цусны донорын өдөрлөг нь 2025 оны 4 дүгээр сарын 1, 2 болон 4-ний өдрүүдэд 09:00-12:00 цагийн хооронд 3 өдрийн турш Багш, оюутны хөгжлийн төвийн 5 давхарт зохион байгуулагдана.

Иймд сайн дурын цусны донорын эгнээг өргөжүүлэх, цус цусан бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс сэргийлэх, нөөц бүрдүүлэхэд өөрийн хувь нэмэрийг оруулан идэвхтэй хамрагдахыг оюутан суралцагч, багш ажилтнууд та бүхнээс хүсье.

Та цусаа хандивласнаар 3-н хүний алтан амийг авардаг бөгөөд таны хувьд цусны шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой байдаг.

Өдөрлөгт хамрагдахдаа та дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  • 6-аас дээш цагийн нойртой байх,
  • Өглөө шарсан хуурсан тостой, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглээгүй байх,
  • Эмэгтэйчүүд сарын тэмдэг бүрэн дуусаад 3-с дээш хоног болсон байх,
  • Спиртийн төрлийн бүтээгдэхүүн 3н хоног хэрэглээгүй байх,
  • Сүүлийн 6 сарын хугацаанд шивээс хийлгээгүй байх,
  • Сүүлийн 1 сар антибиотик эмчилгээ хийлгээгүй байх зэрэг болно.

Таны бэлэглэсэн 350 мл цус 3 хүний эрдэнэт амь насыг авардаг юм шүү.

Оюутны хөгжлийн газар, МУИС-ийн дэргэдэх Залуучуудын улаан загалмай клуб

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар