“Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал шийдэл” үндэсний хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилтыг дэмжиж, оюутны хөгжилд чиглэсэн цогц бодлого, хөтөлбөр, үнэлгээний тогтолцоо, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор “Боловсролын яам” , төрийн өмчийн 6 их сургууль, хувийн их дээд сургуулиудын холбоод хамтран “Боловсролын ерөнхий газар” , “Лоринэт сан” , “Зориг сан”-гийн дэмжлэгтэйгээр үндэсний хэлэлцүүлгийг төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн захирал, оюутны хөгжил хариуцсан нэгжийн удирдлага, хариуцсан нэгж, оюутны төлөөллүүд буюу нийтдээ 700 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Хэлэлцүүлэг Боловсролын яамны сайд П.Наранбаярын мэндчилгээгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа уншиж танилцууллаа.

Дараагийн хэсэгт “БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА АСУУДАЛ, ШИЙДЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” сэдэвтэй хэлэлцүүлэг эхэлсэн ба модератороор МУИС-ийн сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор, профессор Д.Заяабаатар ажиллаа. Урилгаар Боловсролын яамны дээд боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ж.Ариунболд, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа, Хувийн их, дээд сургуулиудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар оролцож дээд боловсролын байгууллагт хэрэгжиж буй үйл ажиллагаа түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо илэрхийллээ.

Энэхүү хэлэлцүүлгийн төгсгөлд танхимд ирсэн төлөөлөл бүхий 20 гаруй оюутнууд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо нээлттэй илэрхийллээ. Тухайлбал:

  • Төрөөс оюутнуудын цагийн ажлын байрыг дэмжих талаар бодлого боловсруулах эсэх;
  • Урлаг спортын авъяастай оюутнуудад тэтгэлэг, хөнгөлөлт олгох талаар бодлого баримтлах эсэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцах орчныг бүрдүүлж, тохируулгатай болгох зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийллээ.

Мөн нийт оюутнуудаас цахим хэлбэрээр оюутны хөгжлийн талаар нээлттэй санал асуулга явагдсан бөгөөд судалгаанд оролцсон 900 гаруй оюутнуудын 21,6% нь оюутны хөгжлийн бодлогын хүрээнд суралцах үйл явцыг дэмжих нь зөв гэж үзжээ. Нээлттэй саналын хүрээнд оюутнуудын ирүүлсэн саналыг нэгтгэж үзвэл:

  • Хувь хүний ур чадвар, нийгмийн идэвх, карьерын төлөвлөлт зэрэг олон талт хөгжилд анхаарч ажиллах;
  • Оюутнууд өөрийгөө нээх, илтгэх ур чадвар, манлайлал, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа зэрэг чадваруудыг эзэмшихэд чиглэсэн клуб, сургалт, уралдаан тэмцээн, нээлттэй лекц зэрэг хөтөлбөрийг тогтмол, хүртээмжтэй зохион байгуулах мөн ийм төрлийн үйл ажиллагаанд оролцох дэмжлэг (мэдээлэл, цагийн зохицуулалт, санхүүгийн дэмжлэг гэх мэт) дутагддаг тул илүү системтэй, оюутныг чиглэсэн хөгжлийн орчин бүрдүүлэх хэрэгцээг илэрхийлжээ.

Хоёр дахь хэсэгт “ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ САЙН ТУРШЛАГА” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ХААИС, СЭЗИС, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургууль, Зориг сан зэрэг 10 их дээд сургуулийн 12 төлөөлөгчид өөрийн сургуульд амжилттай хэрэгжиж буй оюутны хөгжлийн талаарх илтгэл тавьлаа. Илтгэлийн сэдвүүд:

  • “Оюутны хөгжил, үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, сайжруулах арга зам (МУИС-ийн жишээн дээр)” – МУИС, Социологи нийгмийн ажлын тэнхимийн багш М.БАТБААТАР, Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.ЧИНЗОРИГ
  • “Оюутны хөгжил – Шинэ оюутны хөтөлбөр” – ШУТИС, Оюутны үйлчилгээний албаны дарга Д.ЦОГЗОЛМАА
  • “Оюутны хөгжил – Ирээдүйн үнэ цэнэ” – АШУҮИС, Оюутны хөгжил, удирдлагын газрын дарга Д.ОЮУНБИЛЭГ
  • “Оюутны хөгжлийн сайн туршлага” – СЭЗИС, Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.МӨНХЗАЯА
  • “Бүтээлч оюутан” төсөл сайн туршлага” – СУИС, Оюутны хөгжил, үйлчилгээний газрын дарга Б.БОЛОРМАА
  • “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” – Зориг сангийн гүйцэтгэх захирал Б.ЦОЛМОН
  • “Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн үйл ажиллагааны тайлан” – МУБИС, Боловсрол судлалын сургууль, Сэтгэл судлал арга зүйн тэнхимийн багш А.БАЯРХҮҮ
  • “Оюутны мэтгэлцээний сайн туршлага” – Шихихутуг их сургуулийн дэргэдэх Харьцуулсан эрх зүйн хүрээлэнгийн захирал Б.МӨНХ-ЭРДЭНЭ
  • “Оюутны хөгжил хөтөлбөр” – ХААИС, Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга А.БАЗАРСАД
  • “Оюутны хөгжил, хөдөлмөр эрхлэлтийн сайн туршлага” – Отгонтэнгэр их сургууль, Захиргаа, хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга А.БУЯНЖАРГАЛ
  • “Оюутны хөгжил, үйлчилгээний Олон улсын туршлага” – МУИС, Оюутны хөгжлийн газрын дарга Б.ЦЭЦЭНЦОЛМОН

МУИС-ийн Оюутны хөгжлийн газар нь “Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал шийдэл” үндэсний хэлэлцүүлгийн хүрээнд яригдсан илтгэлүүд болон оюутнуудын саналыг нэгтгэн эмхэтгэл хэлбэрээр нийтэд түгээх ажлыг эхлүүлээд байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар