2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр МУИС, Бритиш Колумбын Их Сургууль, Монголын Ахисан Түвшний Боловсролын Зөвлөл (MCGS) хамтран бусад таван төрийн өмчийн их сургуулийн оролцоотойгоор “Монгол дахь докторын боловсролыг шинээр төсөөлөхүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Номын санд амжилттай зохион байгууллаа.
Хурлыг МУИС-ийн Хамтын ажиллагааны газрын дарга Ш. Мэндбаяр нээж, үндсэн илтгэгчдийг танилцуулан, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв.
МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор С. Гомбобаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ судалгааны их сургууль болоход докторын боловсрол чухал үүрэгтэй болохыг онцолж, ахисан түвшний боловсролын хөгжилд дэлхийн нэр хүндтэй эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчдын оролцоо чухал гэдгийг дурдав.
Дэлхий дахинд докторын боловсрол хиймэл оюун ухаан, цахим сургалт, олон улсын жишиг, бодлогын шинэчлэл, байгууллагын бүтцийн өөрчлөлтийн нөлөөгөөр эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед тус хурал нь Монгол Улсын докторын боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох чухал үйл явдал боллоо.
Хурлын үеэр дараах тулгамдсан асуудлуудыг хөндөн хэлэлцэв:
- Дэлхий дахинд гарч буй боловсролын системийн өөрчлөлтүүд Монголын докторын боловсролд хэрхэн нөлөөлөх вэ?
- Олон улсын жишигт нийцүүлэхийн тулд ямар бодлого, байгууллагын шинэчлэл шаардлагатай вэ?
- Дэлхий болон пост-социалист орнуудын туршлагаас Монгол Улс юуг суралцах боломжтой вэ?
- Монголын докторын оюутнууд их, дээд сургуулиудын сургалтын чанарыг хэрхэн үнэлж байна вэ?
- Докторын боловсролын гол сорилт, боломжууд юу вэ?
Тус хурлын гол илтгэгчид дараах сэдвүүдээр санал бодлоо хуваалцлаа:
- Бритиш Колумбын Их Сургуулийн Ахисан түвшний боловсролын хэлтсийн эрхлэгч асан, Канадын Ахисан түвшний Боловсролын Холбооны ерөнхийлөгч, профессор доктор Сьюзан Портер “21-р зууны докторын боловсролыг шинээр төсөөлөх нь” сэдвээр нээлтийн илтгэл тавьж,
- Торонто Их Сургуулийн Боловсролын Судалгааны Институтын профессор доктор Глен А. Жонс “Докторын боловсролын дэлхийн чиг хандлага” сэдвээр цахимаар оролцон мэдээлэл өгч,
- Мэнхаймын Их Сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн эрхлэгч доктор Жулиан Диеркес “Ахисан түвшний сургуулийн удирдлагын олон улсын туршлага” сэдвээр туршлагаа хуваалцаж,
- Калгарийн Их Сургуулийн Верклунд боловсролын сургуулийн профессор доктор Алия Кужабекова “Казахстаны докторын боловсролын шинэчлэлийн туршлагаас суралцах нь” сэдвээр илтгэл тавьж,
- МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор доктор Б. Отгонтөгс “Ахисан түвшний боловсрол ба судалгааны удирдагч багшийн асуудал” сэдвээр судалгааны үр дүнгээ танилцуулж,
- Дээд Боловсролын Хөгжлийн Академийн гүйцэтгэх захирал, Бритиш Колумбын Их Сургуулийн докторант Г. Орхон “Неолиберал бодлогын Монголын докторын боловсролд үзүүлж буй нөлөө” сэдвээр илтгэл танилцууллаа.
Мөн хурлын хүрээнд төрийн өмчийн их сургуулиудын докторын боловсролын чиглэлээр судалгаа хийдэг багш, профессор, судлаачид өөрсдийн судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулж, сургуулиуд ахисан түвшний боловсролын хөтөлбөр, хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь хурлын нэгэн онцлох хэсэг болов.
МУИС-ийн Ректор хурлын үндсэн илтгэгчдийг хүлээн авч уулзав
Хурлын дараа гадаадын үндсэн илтгэгч нарыг МУИС-ийн ректор хүлээн авч уулзлаа. Зочид хурлын үр дүнгийн талаар сэтгэл өндөр буйгаа илэрхийлж, Монголын докторын боловсролын өнөөгийн байдлын талаар нэгдсэн ойлголт авснаа онцоллоо.
Ректор Б. Очирхуяг хол замыг туулан ирж Монголын их, дээд сургуулиудын багш, судлаач, оюутнуудтай хамтран докторын боловсролын өнөөгийн чиг хандлага, тулгарч буй бэрхшээлийн талаар туршлагаа хуваалцсанд талархал илэрхийлэв. Тэрээр үргэлжлүүлэн МУИС-ийн бүтэц, сургалт, судалгааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Др. Алия Кужабекова Казахстаны Назарбаевын Их Сургуулийг Засгийн газрын зүгээс хэрхэн санхүүжүүлж, гадаадын эрдэмтэн багш нарыг татан ажиллуулж буй туршлагын талаар танилцууллаа.
Мөн ректор Б. Очирхуяг Канадын Бритиш Колумбын Их Сургууль болон Германы Мэнхаймын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Талууд багш солилцоо болон англи хэл дээрх ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр харилцан санал нэгдэв.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР