МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, МУИС-ийн Утга зохиолын нэгдэл, Профессор Д.Галбаатарын гэр бүл хамтран зохион байгуулдаг түүхт “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадам 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил тус наадмыг СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимтэй хамтран зохион байгуулсан бөгөөд шалгарсан бүтээлээс СУИС-ийн оюутнууд хөдөлгөөнт уншлагын төрлөөр олонд хүргэсэн онцлогтой юм.
“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмын оюутны ангилалд МУИС, СУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС, Оточ Манрамба Их Сургууль, Этүгэн ИС, ИЗОУИС болон АНУ, ОХУ, БНСУ-д суралцаж буй 74 оюутны 220 гаруй бүтээл, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын ангилалд 54 сурагчийн 160 гаруй бүтээл иржээ. Эл наадмыг зохион байгуулах ажлын хэсэг оролцогчдын нэрийг нууцлан, их, дээд сургуулийн багш, утга зохиол шүүмжлэгч болон яруу найрагч, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүнд хүргүүлэн, шагналт байрыг тодруулсан байна.
Энэ жилийн наадмын шүүгчдээр МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн дэд профессор Д.Нямдорж, МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн дэд профессор Г.Батсуурь, СИТИ их сургуулийн багш Х.Чойдогжамц, , “Чөлөөт сэтгэлгээний дуулал-2015” наадмын тэргүүн шүлэгч Б.Алтанхуяг, яруу найрагч М.Дэвээжаргал нар ажилласан юм.
“Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадмын оюутны ангиллын Тэргүүн байранд МУИС-ийн IV түвшний оюутан Б.Санчирмаа “Самади хийгээд сайхны тухай бодлууд” бүтээлээр, Дэд байрт Оточ Манрамба Их Сургуулийн IV түвшний оюутан Э.Маралмаа “Уруулын чинь хээг мэдрэх гэж гадаа зогсоно…” бүтээлээр, Гутгаар байрт МУИС-ийн I түвшний оюутан М.Ариун-Эрдэнэ “Танимхайрч ядах бороо та хоёр…” бүтээлээр тус тус тодорчээ. Мөн эл ангиллын шагналт байрт:
- С.Саруул “Цав цагаан цаасан дээр…” бүтээлээр
- Г.Ундраа “Надаас явсан намар” бүтээлээр
- Ц.Төгсбаатар “Чамайг хайрлахад “Р” үсэг дутсан учир…” бүтээлээр
- Б.Бүжмаа “Инээд цангинасан дурсамжийн хэсгүүд…” бүтээлээр
- О.Ганжигүүр “Чи бичиж, би уншина…” бүтээлээр
- Б.Золбоо “Нүдээ аньсан ч би чамайг танихаар боллоо…” бүтээлээр
- Я.Отгонсүрэн “Би юмсыг ойлгохоо болиод ирэхийн цагт…” бүтээлээр тус тус шалгарлаа.
Энэхүү наадмын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын ангиллын Тэргүүн байрт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч А.Сарангоо “Үнс болохуй” бүтээлээр, Дэд байрт Нийслэлийн 117-р сургуулийн сурагч Б.Төгөлдөр “Чи надад зөгийн бал, цэцэг, нойр, үхэл шиг үнэртдэг…” бүтээлээр, Гутгаар байрт Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн сурагч Б.Намуун “Ганцаардал” бүтээлээр тус тус шалгарчээ. Мөн эл ангиллын шагналт байрт:
- О.Дэлгэрмаа “Уйлж буй тэнгэрийн дор би ганцаараа зогсоно…” бүтээлээр
- Э.Марал “Улаанбаатар улаан өнгөтэй биш болохоор…” бүтээлээр
- Т.Номин “Чимээгүйд шингэсэн гуниг” бүтээлээр
- Ш.Энхзаяа “Тавдугаар сарын хүүрнэл зохиол” бүтээлээр шалгарчээ.
Зохион байгуулагчид шилдэг бүтээлийн эзэд болон бусад оролцогчдыг урьж, хөгжим, яруу найраг хосолсон уншлага хийж, шагнал урамшууллыг гардуулсан байна. Мөн эл наадмыг дэмжигч байгууллага болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Улсын Үндэсний Номын Сан, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Монгол-Японы Утга зохиолын нийгэмлэг, Богд хааны ордон музей, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан, Монсудар хэвлэлийн газар, Улбар хэвлэлийн газар, Усны гудамж уран зохиолын сайт зэрэг 20 шахам байгууллага өөрсдийн нэрэмжит шагналаа бусад шилдэг оролцогчдод гардуулжээ.
“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2025” наадмын шилдэг бүтээлийг МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн албан ёсны цахим хуудсаар цуврал болгон, олон нийтэд танилцуулах юм.