Монгол Улсын Их Сургуулийн “Манай судалгаа-Бид юу судалдаг вэ?” мультимедиа нийтлэлийн баг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн дэд профессор Т.Идэрхангайгийн ахалж буй археологийн малтлагын талбайд ажиллалаа.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажлыг гүйцэтгэж буй МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судалгааны багийнхантай МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг уулзаж, судалгааны ажилтай танилцлаа.
Тус судалгааны баг МУИС-ийн нүүдэлчдийн археологийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн төгсөгчид, оюутнууд болон Соёлын Өвийн Үндэсний Төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Төв аймгийн музей, Батлан хамгаалах яамны харьяа Монгол Цэргийн музей, Өмнөговь аймгийн Говийн байгаль, түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг нийт 26 судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр замын трасст орсон Сяньбигийн үед хамаарах археологийн дурсгалуудыг чөлөөлөх судалгааны ажлыг гүйцэтгэсэн юм.
Тухайлбал, Археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажлаар авто замын хөрс хуулалт, далан байгуулалтын ажилд Сяньбигийн үеийн 3 бунхан, 2 жижиг булш буюу нийт 5 дурсгал өртсөнийг авран хамгаалах малтлага судалгааны ажлыг хийлээ.
5 дурсгалаас 4 дурсгал нь тодорхой хэмжээнд тоногдсон, түүнээс 2 жижиг булш нь бүрэн тоногдсон, 2 язгууртны булшийн оршуулгын хэсгүүд бүгд тоногдсон байжээ. Харин 1 бунхан тоногдоогүй буюу огт хөндөгдөөгүй байсан нь Монголын эртний түүх, Сяньбигийн үеийн түүхийг эд өлгийн зүйлсээр баяжуулах, ялангуяа Сяньбигийн оршуулгын зан үйл, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, соёл, ёс заншил, технологийн дэвшил ямар түвшинд байсныг тодорхойлох олдворууд олноор гарсан нь онцгой содон тохиолдол боллоо.
Ялангуяа бунханы тахилын хэсгүүд дээр 3000 жилийн тэртээх хүрэл зэвсгийн үеийн зүлд тахилгын ул мөрүүд уламжлагдан Сяньбигийн үед байгаа нь, мөн Хүннүгийн хэв шинжийн олдвор, хэрэглэгдэхүүнүүд хадгалагдан явж байгаа нь, Хүннү-Сяньбигийн залгамж халааг харуулсан өвөрмөц олдворууд, түүнчлэн урьд хожид Монголын нутгаас олдож байгаагүй шинэ төрлийн олдворууд олдож, эдгээр олдворуудын байр байршил, байрлал зүй буюу аль олдвор нь бунханы аль хэсэгт байгаа зэрэг нь Сяньбичуудын түүхийг тодруулах чухал баримт болох юм.
Тоногдоогүй бунханы баруун хойд талд шахаж тавьсан ухмал модон австай бүтэн 2 шарил байлаа. Ухмал модон 2 авсны хойд талынхыг бүтнээр нь даавуугаар ороосон, өмнө талынхыг даавуугаар ороогоогүй байсан бөгөөд авсыг нээхэд шарил бүрэн хувцастай, зориуд тавьсан эд өлгийн зүйлстэй байв. Эдгээр 2 шарил дээл хувцастайгаа, дээл хувцас нь маш сайн хадгалагдан үлдсэн байгаа нь Монголын түүхэнд анхны тохиолдол боллоо. Энэ 2 оршуулгын эзэд бор шаргал, цайвар шаргал үстэй байгаа нь анхаарал татаж байна. Лабораторийн нарийвчилсан судалгаагаар эдгээр хүмүүсийн нас хүйс, бусад мэдээллийг тодруулахаар ажиллаж байна.
Лабораторийн нарийвчилсан судалгаагаар эртний түүхийн улбаа мөрүүд шинээр гарч ирэх нь дамжиггүй.
Энэ удаагийн малтлагаас нийт 20 гаруй шавар сав суулга, 3 хүрэл жижиг гүц маягийн олдвор, дашмаг хэлбэрийн маш сайн шатаалттай шавар сав суулга, оршуулгын жижигрүүлсэн хэлбэрүүд буюу зан үйлд зориулан хийсэн 4 модон морь, хэд хэдэн модон хүүхэлдэйний дүрс, мөн тансаг хэрэглээний, язгууртнуудын хэрэглэдэг чий будагтай 5-6 аяга зэрэг олдворууд олдсон нь Монголын эртний түүхийг өөр өнцгөөр харах, өөр түүхэн шинжийг нээх боломж олгосон түүхэн судалгааны ажил боллоо.
Авран хамгаалах малтлага судалгааны ажилд ССАЖЗЯ, Соёлын өвийн үндэсний төвийн сэргээн засварлах баг газар дээр нь ажиллаж мод, даавуу, органик олдворуудыг тээвэрлэх анхны сав баглаа боодлыг мэргэжлийн түвшинд хийж лабораторид авч ирэн судалгааны ажил үргэлжилж байна.
Малтлага судалгааны ажлыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ЗДТГ, Соёлын төвийн ажилтнууд, Эрдэнэт суварга ХХК-ийн ажилтнууд зэрэг олон байгууллага, хүмүүс дэмжин ажилласанд талархал илэрхийлье.