МУИС-ийн түүх цадигаас…

Share Button

Yu. TsedenbalЮ.Цэдэнбал ба МУИС 

МУИС-ийн үүсэл хөгжлийн түүхийн анхны баримт бичиг бол 1940 оны III, IV сард хуралдсан МАХН-ын Х их хуралтай холбоотой юм. Манайд урьд нь их, дээд сургууль төгссөн сэхээтэн үгүй байсан, ялангуяа эрх баригч нам, төр, засгийн удирдлагад ийм хүн бараг байгаагүй болохоор дээд боловсролын тухай сэтгэлгээ хөгжөөгүй байсан билээ.Тэр үед Монголын хүн амын дөнгөж 10 хувь нь бичиг мэддэг, түүний дотор туйлын бага мэдэгчид олон байгааг Х их хурал тэмдэглэж байлаа.  1944 онд Б.Ширэндэв дурсахдаа: “Тэр цагт манайд дээд сургууль төгссөн 3 хүн байсан нь Ю.Цэдэнбал, Багшийн текникумын багш Даш, нөгөө нь би байлаа”  гэж бичсэн нь сонирхол татаж байна. Их хурлын үндсэн илтгэлүүдэд дээд сургуулийн тухай дурьдаагүй. Харин Монголын шинэ үеийн сэхээтний төлөөлөгчид их хуралд сонгогдон оролцсон нь дээд сургууль байгуулах шийдвэр гарахад нөлөөлсөн юм.

Их хурлын 1940 оны III сарын 22-ны шийдвэрээр тогтоол, баримт бичгийн комиссийн бүрэлдэхүүнд Ю.Цэдэнбал орсон байдаг. IV сарын 5-нд батлагдсан их хурлын тогтоолд: “Ойрын жилийн дотор дээд сургуулийг байгуулах бэлтгэлийг хангах”  заалт орсон нь МУИС-ийг байгуулах анхны түүхэн шийдвэр мөний зэрэгцээгээр дээрх тогтоол нь намын удирдлагад дөнгөж гарч ирж байсан Ю.Цэдэнбалын биечлэн оролцож боловсруулсан анхны баримт бичиг байсан нь сонирхол татаж байна. Үүнээс үндэслэн МУИС байгуулах үйлсийг анхлан санаачлагч нь Ю.Цэдэнбал байсан гэдэг саналыг Их сургуулийн зарим нэртэй судлаач, эрдэмтэд: МУИС-ийн анхны ректор байсан, Гавъяат багш Т.Машлай, ректор байсан: Гавъяат багш, академич О.Шагдарсүрэн, Гавъяат багш, профессор Д.Дорж, Гавъяат багш, профессор С. Төмөр-Очир,  МУИС-ийн проректор байсан: Хөдөлмөрийн Баатар, профессор Т.Дашцэдэн, Ардын багш, академич Ч.Авдай, Ардын багш, профессор С.Галсан, Гавъяат багш, академич А.Мекей, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор Т.Дорж, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, академич, МУИС-ын профессор О.Төмөртогоо, Гавъяат хуульч, МУИС-ийн Хүндэт профессор С.Жалан-Аажав, нэрт соён гэгээрүүлэгч, Хөдөлмөрийн Баатар Л.Түдэв, АБЯ-ны сайд байсан, МУИС-ийн профессор Р.Санжаасүрэн нар дэвшүүлжээ.

Намын их хурлын дээрх шийдвэрийн үндсэн дээр 1940 оны XII сарын 6-нд Сайд нарын Зөвлөл “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай“ 45 дугаар тогтоол гаргажээ.  Маршал Х.Чойбалсан, Сүрэнжав, Жамсран, Сэрээтэр нарын гарын үсэг зурсан энэ тогтоолд: “Монгол улсын дотор анхдугаар дээд сургууль болох Улсын университетийг мал эмнэлэг, зоотехникч, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлэгийн гэсэн 3 анги бүхийтэйгээр АГЯ- ны харьяанд Улаанбаатар хотноо байгуулсугай. Улсын университетыг цаашид дээр дурдсан ангиудад хөгжих 3 бүлэгтэйгээр 1941 оны 10 сарын 01-ээс эхлэн нээсүгэй” гэжээ. Маршал Х.Чойбалсан “Дээд сургуулийн бэлтгэл курсэд суралцах хугацааг сунгах тухай” (1941 оны III сар); “Дээд сургуулийн бэлтгэл ангийн курсийг өөрчлөн зохион байгуулах тухай” (1941 оны IX сар); “Дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирал томилох тухай” (1942 оны III сар) зэрэг шийдвэрийг гардан гаргаж, шийдвэрийн хэрэгжилтэд байнга анхаарал тавьж байсны хувьд МУИС-ийг байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн хүний нэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Залуучуудыг удирдлагад дэвшүүлэн гаргаж, тэдний санал бодлыг гярхай ухаалгаар шүүн тунгааж, тухайн цаг үеийнхээ эрэлт шаардлагыг тусган МУИС байгуулах СнЗ-ийн тогтоол гаргасан түүхэн хүний хувьд нь МУИС-ийг Х.Чойбалсангийн нэрэмжит болгох санаачлага шийдвэрийг Ю.Цэдэнбал гаргасан нь ахмад үеийн нэр төртэй зүтгэлтнийг хүндэтгэх, гавьяат үйлсийг нь бодитой үнэлэх үзэл бодлын нь илрэл байсан юм. Хожим нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг өргөн компанийн үеэр Ю.Цэдэнбал олон нийтийн шахалтын улмаас МУИС-ийг Х.Чойбалсангийн нэрэмжит болгосон дээрх шийдвэрээсээ аргагүй ухрах болсныг ойлгож болох талтай. Түүхэн дурсгалт зүйл болохын хувьд нь Х.Чойбалсангийн хөшөөг үлдээсэн ажээ.

Их сургууль байгуулах тухай Намын Х их хурлын болон СнЗ-ийн 1940, 1941 оны тогтоолуудыг хэрэгжүүлэх зарим алхмууд хийгдсэн ч явц удаан байлаа. Дайны үе байсныг хэлэх үү, санхүү, эдийн засгийн бэрхшээлүүд ч байв. Дээд сургууль байгуулах уламжлал ч байсангүй, ер нь бүрэн дунд боловсролын тогтолцоо ч бараг зүгшрээгүй үе билээ. Гэгээрлийн яам, боловсролын төдийгүй улс орны зарим дээд удирдлага ч чухам юу хийх ёстой талаархи мэдлэг тулгамдуу байсан, бас амирлангуй тайван, назгай байдал байсан нь асуудалд нөлөөлж байлаа. 1941 оны 10 сард Улсын университетыг нээх тухай засгийн газрын шийдвэр байтугай бэлтгэл анги нээж хичээллүүлэх тухай зорилт ч хэрэгжихгүй байжээ.

Ахмад үеийнхний дурсаж бичсэнээр дээд сургууль байгуулах асуудлыг зогсонги байдлаас гаргах ярвигтай үүргийг Ю.Цэдэнбал гүйцэтгэжээ. Ю.Цэдэнбалын үед хилсдэн хохирч явсан нам, төрийн ахмад зүтгэлтэн, Гавъяат хуульч, МУИС-ийн Хүндэт профессор С.Жалан-Аажав дурсахдаа: “1941 онд НТХ-ны шийдвэрээр Нам, улсын төв сургууль гэж байсныг Намын шинэ хүчний дээд сургууль болгон өөрчилж, би энэ сургуульд элссэн юм. Бүх элсэгчдийг НТХ-ны УТТ-ны хурлаар хэлэлцэн баталдаг журамтай байлаа. Энэ нь боловсон хүчин бэлтгэх асуудалд онцгой анхаарал тавьж  байсантай холбоотой байв. УТТ-ны хуралд Х.Чойбалсан маршал хувцастай, бусад нь энгийн хувцастай байсан. Мэргэжилтэн бэлтгэхтэй холбогдсон ярианы үед Ю.Цэдэнбал: “юуны өмнө хүмүүсийг эрүүлжүүлэх, малын өвчнөөс ангижрах хэрэгтэй байна. Үндэсний мэргэжилтэн бэлтгэх УИС байгуулах, тэнд эмч бэлтгэх явдал их чухал байна” гэхэд Маршал Х.Чойбалсан: “Чи юу хэлэв? гэж  лавлахад Ю.Цэдэнбал давтан дээрх санаагаа хэлэв. Х.Чойбалсан “энэ их зөв зүйтэй санал байна. Би Ивановтой ярья. Зөвлөлт засгийн газарт санал хүсэлт тавья. Чи бичгийн төсөл бичээдэх, би явахаасаа өмнө гарын үсэг зурчихая” гэж шууд шийдвэрлэн ярилцаж байсан. Ер нь үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ажилд 1940 оноос үндсэн эргэлт гарсан юм шүү. Энэ нь Ю.Цэдэнбалын гэгээрлийн шинэтгэгч бодлоготой холбоотой байсан”  гэжээ. 1940 онд гарсан Засгийн газрын шийдвэрийг сэргээн сануулж, ажил хэрэг болгох талаар Ю.Цэдэнбал 1941 оны намар дахин санаачлага гаргаж байсныг дээрх яриа харуулж байна. Дайны хүнд үе эхэлсэнтэй холбогдон цэрэг, батлан хамгаалахын асуудалд гол сэтгэл санаагаа хандуулж байсан Маршал Х. Чойбалсангийн анхаарлыг Их сургуулийн зүг чиглүүлсэн нь цагаа олсон алхам мөн байв. 1942 оны 6-р сарын 11-нд Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй гарсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн “БНМАУ-д дээд сургууль байгуулах тухай” тогтоол нь 1940 оноос хойш дуншсан Их сургууль байгуулах үйл явцыг хурдасгаж өгсөн юм. Энэ тогтоолыг бид оруулж байна. Үүнд:

 “1.Урьд баталсан төлөвлөгөөнд заасны дагуу дээд сургуулийн бэлтгэл салбарт суралцах боломжтой хүмүүсийг 1942 оны 6 сарын 20 гэхэд бэлэн байлгах. . . 2.Дээд сургуулийн 1-р курсэд 1943 онд суралцах хүмүүсийн бэлтгэлийг хангуулах зорилгоор 1942 оны 9-р сарын 1 гэхэд дээд сургуулийн бэлтгэл ангид 30 хүнийг явуулах, 3. Дээд сургуулийн бэлтгэл салбарт шаардлагатай мөнгөн хөрөнгө гаргах, 4. 1942 оны 7 сарын 1-ээс Холбооны сургуулийн байшинг дээд сургуульд түр ашиглуулахаар чөлөөлж, шилжүүлэн өгөх, 5. Дээд сургуульд уригдан ажиллах зөвлөлтийн мэргэжилтэн багш нарт одоо баригдаж байгаа байшингаас 4 байр гаргаж өгөх, 6. Хилийн цэргийн сургууль ба холбооны сургуулийн чөлөөлөгдсөн барилгыг Их сургуулийн мэдэлд шилжүүлэх, 8. 1942 оны 8-р сарын 1 гэхэд их, дээд сургуулийн танхимуудад хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг яаралтай оруулж ирэх арга хэмжээ авахыг Худалдааны яаманд үүрэг болгосугай. МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал”  гэжээ.

Дайны хүнд нөхцөлд их сургууль цоо шинээр байгуулах нь төвөгтэй нарийн асуудал байлаа. Зөвхөн сайн санаагаар, тогтоол шийдвэрээр бус зохион байгуулалт, эдийн засгийн тооцоотой бодлого шаардлагатай болсон тул Монголын удирдагчид энэ 6-р сардаа багтан СнЗ, НТХ-ны Тэргүүлэгчдийн хамтарсан 23, 45-р хурлаар “Улсын дээд сургуулийн тухай” шинэ тогтоол шийдвэр гаргажээ. Маршал Х. Чойбалсан байгаагүй бололтой СнЗ, НТХ-ны энэ чухал тогтоолд намын удирдагч Ю. Цэдэнбал тэргүүлэн гарын үсгээ зурсан нь сонирхол татаж байна. Үүнд: “Тогтоох нь: Улсын дээд сургуулийг байгуулах бэлтгэл ажил ба ялангуяа сурагчдыг элсүүлэх ажлыг муугаар явуулсныг Гэгээрүүлэх яамны сайд Машлай, Эрүүлийг хамгаалах яамны сайд Гонгоржав, Мал тариалангийн яамны дэд сайд Юндэн нарт тэмдэглэн заасугай. 1942 оны 6-рсарын 25-ны наана дутуу сурагчдыг бүрэн элсүүлсэн байхыг ЭХЯ-ны сайд Гонгоржав, МТЯ-ны сайд Юндэн нарт даалгасугай. 1943 онд дээд сургуулийн 1-р анги болон бэлтгэл ангийг бүхий сурагчдаар хангахын тулд 1942 оны 9-р сарын 1-нд 90 хүмүүстэй бэлтгэл ангийг нээхийг зөвшөөрсүгэй. Улсын дээд сургуулийг нээхэд бэлхэн орон барилгагүй учир өдгөө бололцоо бүхий байгууллагуудаас байр гаргуулах. Улсын дээд сургуулийн хичээлийн байрыг 1943 онд барих нь зүйтэй хэмээн үзсүгэй. НТХ-ны Тэргүүлэгчид: Цэдэнбал, Сүрэнжав, Янжмаа, Лхагвасүрэн, Дамба, Дамдин, СнЗ-ийн гишүүд: Сэрээтэр, Юндэн, Лхамжав, Доржготов, Намсрай, Дамбадаржаа, Гонгоржав, Жамбалжав”  гэжээ. Их сургууль байгуулах ажлын эрх ашгийн үүднээс Ю. Цэдэнбал өөрийн дотны найз, хамтран зүтгэгч нараа тогтоолоор арга хэмжээ авахаас ч буцаагүй ажээ. “ Эрэг боолтыг нь сайтар чангалсан “ энэ тогтоол Их сургууль байгуулах ажлыг эрчимжүүлж чадсан юм.

Гадаадад 10 жил сурсан, Монголын дээд боловсролтой анхны эдийн засагч Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлах, байгуулах,  бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. НТХ – ны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Ю.Цэдэнбал соёл боловсролын салбарт хийх шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүнийг судалж эхэлсэн бөгөөд түүний биечлэн дэвшүүлж гаргаж ирсэн анхны хүн нь Т.Машлай байлаа. Эрхүү, Улаан – Үдийн Рабфак, монгол курсад сурч байх үеийн танил, боловсролын байгууллагад олон жил ажилласан зохих туршлагатай, бас ч гэж төрөлх сум Давстынх нь хүн байжээ. 1940 оны V сард Гэгээрлийн яамны боловсролын хэлтсийн дарга байхад нь Ю.Цэдэнбал түүнийг өөрийнхөө туслахаар татаж ажиллуулжээ.

Тэр хавар Улсын VIII их хурал хуралдаж, хоёрдахь Үндсэн хуулийг баталж, Улсын Бага Хурлын гишүүнд 75 хүнийг сонгожээ. Т.Машлай гуай дурссанаар: “Их хурлын төгсгөл ойртож байлаа. Нэг өдөр Цэдэнбал дарга : “Чи өнөөдөр УИХ- д очиж суугаарай ” гэв. Би “даргаа, миний ажил их байна, эмхлэх цэгцлэх зүйл олон бий” гэхэд Цэдэнбал : “за чи түүнийгээ орой шөнө хийчихнэ биз. Харин чи заавал очоорой” гэлээ” гэжээ. “Их хуралд очоод суутал хурлын төлөөлөгчид Улсын Бага Хурлыг сонгох асуудал хэлэлцэж эхлэв. УИХ – ын төлөөлөгчдөөс гадна хүн гэвэл Бумцэнд гуай, Машлай хоёр л байв. Хурлын явцад Бумцэнд, Машлай нарын нэрийг дуудаж, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгох саналыг Ю.Цэдэнбал дарга гаргав. Төлөөлөгчид Т.Машлайн түүх намтарыг сонсож хэлэлцээд УБХ – ын гишүүнээр сонголоо… Улсын энэ XXI бага хурлаар Т.Машлайг Ардын гэгээрүүлэх яамны сайдаар томилжээ” .

Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөл Монгол улсын их сургуулийг байгуулах түүхэн шийдвэрээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг Гэгээрлийн сайд Т.Машлайд даалгажээ. Манай ахмад үеийн хүндтэй хүмүүсийн нэг болох Т.Машлай 1944 онд Б.Ширэндэв МУИС – ийн ректор болох хүртэл Их сургуулийн амьдралд идэвхтэй оролцож,  боловсрол, соёл, гэгээрлийг хөгжүүлэх улсын хэмжээний их ажлын хажуугаар энэ үүргийг биелүүлж, МУИС–ийг нээх бэлтгэлийг хангах, сургалт хүмүүжлийн ажлыг эмхлэн цэгцлэх, ялангуяа хичээлийн байртай болох практик ажлыг хөөцөлдөн хэрэгжүүлж, МУИС-ийг байгуулахад хүндтэй үүрэг гүйцэтгэсэн юм.

МУИС-ийн захирал байсан академич Н.Содном 2 чухал санааг дэвшүүлсэн байдаг. Үүнд: “Гэгээрлийн сайд Т.Машлай МУИС-ийг анхнаас нь эхлээд гардан зүтгэсэн, улаан гараараа ухаан санаагаараа МУИС-ийг үндэслэн байгуулсан гавьяат зүтгэлтэн болох нь маргаангүй” гэж МУИС-ийг байгуулахад Т.Машлайгийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлжээ. Үүний хамт Зөвлөлтийн хүмүүсийн үүргийг ч үнэлж: “Сүүлд Машлай гуай тэр үеийг дурсан санаж ярьдагсан:”Би өөрөө дээд боловсролгүй, дээд сургууль гэж ямар юм байдгийг мэдэхгүй байлаа. Хамаг бэлтгэл ажил, төсөв төлөвлөгөөг Русаков л хийдэг байв. МУИС-ийг байгуулахад энэ хүний оролцоо, жинтэй хувь нэмэрийг түүхэнд тэмдэглэх хэрэгтэй” гэж Машлай сайд ямагт сануулж байдагсан” гэжээ. Профессор Н.Содном дүгнэхдээ: А. В. Русаков “Монголын бага дунд сургуулийн системийг шинэчлэхэд сайд Машлайн хамт гар нийлэн ажиллаж арван жилийн боловсролын системийг цогцлон байгуулсан хүн юм. 1941 онд 10 жилийн сургуулийн анхны төгсөлт болж байсан. Мөн бүрэн дунд боловсролын тэр бааз дээрээ Т.Машлай, А.В.Русаков нар дээд сургуулийг байгуулж эхэлсэн юм”  гэжээ.

Түүнчлэн МУИС-ийн түүхийн алтан хуудсыг бичилцсэн өөр нэгэн Зөвлөлтийн хүний тухай: “Зөвлөлтөөс томилогдсон багш нараас хамгийн түрүүн Монголд ирж Их сургууль нээх    бэлтгэл ажлыг зохион байгуулж хийсэн хүн бол Н. И. Иванов гэдэг хүн байв. Тэрээр  сургуулийн  амин сүнс болсон хичээл ангийн ажлыг жигдрүүлж өгсөн гавьяатай хүн. Н. И. Иванов Монголд хамгийн түрүүн ирээд 7 жил ажилласан. Энэ завсар сургалтыг явуулах дүрэм журмыг боловсруулан мөрдүүлж, дээд сургуулийн баримтлах дэглэмийг тогтоож, сургах сурах соёлыг багш, оюутан нарт нэвтрүүлсэн зэрэг сургуулийг хөл дээр нь босгосон гол хүн”  гэж дүгнэжээ.

1942 оны Х сарын 5-нд МУИС-ийг нээх ёслол Лениний нэрэмжит клубт болжээ. Хурлын хүндэт тэргүүлэгчээр И.В.Сталин, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг сонгожээ.  Тэргүүлэгчээр Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав, С.Янжмаа, Г.Бумцэнд, Д.Дамба, ЗХУ-ын элчин Иванов, Тувагийн элчин Химчиг, Кудряшов, Т.Машлай, Русаков, Шафигулин, Топольский, Шаравнямбуу, Дашжамц, Рагчаа нарыг сонгожээ.  Их сургуулийн хамт олны үндсэн лоозон нь Х.Чойбалсангийн:“Зориг их хэрэгтэй, сайн сурахын төлөө тавих зориг нь бүхнийг чадна”, Ю.Цэдэнбалын:”Хөдөлмөрийн өндөр бүтээлийг сурлагын фронт дээр үлгэртэйгээр гаргах хэрэгтэй” гэсэн үгнүүд байлаа. Баярын цуглаан дээр Маршал Чойбалсангийн хүндэт сануулгыг уншин сонсгож, “Дээд сургуульд суралцагчдын суралцах зорилгын тухай“ гол илтгэлийг НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тавьж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн баярын бичгийг танилцуулжээ.  Их сургуулийн нээлтийн гол илтгэлийг Ю.Цэдэнбал зүгээр л албан тушаалын журмаар тавиагүй юм. Түүнээс өндөр албатай Ерөнхий сайд, Улсын их сургуулийг байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг хүлээсэн Гэгээрлийн яамны сайд ч гол илтгэлийг тавиагүй бөгөөд удирдлагын хүрээн дэх дээд сургууль төгссөн, дээд боловсролын учир начрыг ойлгох ганц хүний хувьд, дээд сургууль байгуулах санаа анхлан гаргаж, энэ ажлыг удирдах боловсон хүчнийг биечлэн сонгож, их сургуулийн тухай эрх баригч намын хэд хэдэн тогтоол тэрлэж, дээд боловсролын болон бүх салбарт ЗХУ-тай хамтран ажиллах ерөнхий чиг бодлогыг барьж байсан хүний хувьд, соёл боловсролын салбарт жинхэнэ өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилтыг өмнөө тавьсан Монголын томоохон сэхээтэн хүний хувьд гол илтгэл бэлтгэх, илтгэх үүрэг оногдсон юм.

МУИС–ийн нээлтийн баярын хурал дээр тавьсан илтгэлдээ Ю.Цэдэнбал: “…Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ хурцаар мэдрэгдэж байна. Хэрэв урьд нь бидний хэрэгцээг дунд сургуулиас авч буй боловсон хүчин үндсэндээ хангаж байсан бол хүн амын соёл, улс төрийн түвшин өсөхийн хэрээр жил ирэх тутам дээд боловсролтой мэргэжилтнүүд улам ихээр шаардагдаж байна… Манай оронд дээд сургууль нээж байгаа нь өөрийн эх орондоо дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх бололцоог бидэнд анх удаа олгож байна. Өөрийн оронд дээд сургуулийг зохион байгуулахдаа монголын залуучуудад бидний олгох мэдлэг нь манай бүтээн байгуулалтын ерөнхий зорилттой нягт холбоотой байхад бид зорьж, зорьсондоо хүрэх ёстой. Манай анхны дээд сургуулийн оюутан болж буй залуус шинэ амьдралд хөл тавьж байна. Нээгдэж буй дээд  сургуульд элсэн суралцагч бүр оюутан болох нь ихээхэн нэр төрийн хэрэг гэдгийг ойлгох ёстой. Түүнчлэн өөртэйгээ маш шаргуу хичээнгүй ажилласан нөхцөлд л дээд боловсролыг жинхэнэ ёсоор олж авна гэдгийг оюутан нэг бүр ойлгох хэрэгтэй. Дээд сургуульд суралцах нь ихээхэн бэрхшээлтэй тулгарна гэсэн үг, тийм учраас оюутан бүр дээд боловсрол олж авах замд тохиолдох саад бэрхшээлийг даван туулахад өөрт байгаа бүх хүчээ дайчилдаг байх ёстой. Дээд сургуулийн оюутан, багш нарын өмнө оюутан нэг бүрийг олж авсан мэдлэгээ ашиглаж чаддаг, мэдлэг оюунаа тасралтгүй  боловсронгуй болгодог бүтээлч ажилтан болгон бэлтгэх зорилт тавихыг би хүсч байна”  гэж  шинэ тутам байгуулагдаж буй Их сургуулийн зорилтыг анхлан тодорхойлсон байна.      Ю.Цэдэнбалын энэ ажиллагаа нь МУИС байгуулахад тэрээр голлох үүрэг гүйцэтгэсэн хүн болохыг илтгэн харуулсан хэрэг гэж хэлж болно.

МУИС-ийн түүх, Ю.Цэдэнбалын намтрыг сонирхон судлагч миний бие Ю.Цэдэнбал гуай Москва хотод байхад нь хэд хэд уулзаж байсан юм. 1989 оны нэг удаагийн уулзалтын үеэр миний МУИС-д багшилж, Эрхүүд ажилладгийг анхааран сонсож, бодолхийлснээ: “Дээд сургууль байгуулая гэдэг санааг намын Х их хурлын шийдвэрт бид зориуд оруулсан юм. Х.Чойбалсан дээд сургуулийн ажлыг надад хариуцуулна гэсэн. Гэвч би тэр үед НТХ-ны дарга, Армийн УТГ-ын даргыг хавсарч, дээд сургуулийн ажил надад тэртэй тэргүй шууд хамаарагдаж байсан болохоор Маршалд: “би идэвхтэй оролцоё. Тэгэхдээ одоогоор практик ажил хөөцөлдөхийг Машлайд даалгая” гэж хэлсэн. Маршал: “Болно. Гэхдээ Университетийн захирал тавих дээд сургууль төгссөн хүн судал” гэсэн үүрэг надад өгсөн. Ширэндэвийг захирал болгох саналыг Маршал шууд дэмжсэн юм” гэж ярьсан билээ.

МУИС нээгдсэний дараахан Ю.Цэдэнбалын удирдаж байсан НТХ-ны Тэргүүлэгчдийн 1942 оны XII сарын 17-ны өдрийн хурлаар “Улсын дээд сургуулийн ажиллагааны тухай“ авч хэлэлцээд Их сургуулийн тухайн байдалд бодит дүгнэлт хийжээ. Үүнд: “Тус сургууль нь аж ахуй зохион байгуулалтийн талаар үндсэндээ хангалттай болжээ. Тус сургуулийн кафедруудын төхөөрөмж нь хичээл сурлагын явдалд саадгүй байна. Энэ нь дээд сургуулийн оюутнуудын сайн ба онц сурах явдалд нөхцөлийг бүрдүүлэв. Оюутнуудын хичээл сурлага ба сахилга бат нь нилээд сайжралыг олж эхлэв. Үүний зэрэгцээгээр тус сургуулийн ажил дээр үлэмжхэн дутагдал оршиж байна. АГЯ нь одоо болтол оюутны хоолны газарыг тусгайлан байгуулах талаар бодитой арга хэмжээ авсангүй.Түүнчлэн оюутан  бүхний сахилга батыг сайн болгож чадаагүй байна”  гэж дүгнэсэн байна.

Их сургуульд малын эмчийн ба зоотехникийн 2 салбар бүхий мал эмнэлгийн факультетийг өргөтгөн байгуулах, дээд сургуульд багшлах боловсон хүчин бэлтгэхийн тулд онцсайн сурлагатай, тэргүүний оюутнуудыг сонгон авч тусгай программаар хичээллүүлэх, 2 жилийн бэлтгэл анги нээх, оюутны хоолны газар байгуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлжээ. Их сургуулийн амьдралд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн энэ тогтоолд НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал гарын үсэг зурж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллажээ.

1943 оны 5 сарын 20-нд Намын Төв Хорооны тэргүүлэгчид, СнЗ-ийн хамтарсан хурлаас “МУИС-ийн хичээлийн төв байр барьж яаралтай дуусгах тухай“ тогтоол гаргасанд НТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал эхлэн, Ерөнхий сайд Х.Чойбалсан удаалан гарын үсэг зуржээ. 1944 оны I сарын 4 – ний 12 цагт МУИС – ийн хичээлийн байрны суурь тавих ёслол болж Ерөнхий сайд Х.Чойбалсан, намын дарга Ю.Цэдэнбал, Ардын гэгээрлийн яамны сайд Т.Машлай нарын удирдах хүмүүс оролцон, эдүүгээгийн төв байрны баруун хойд өнцгийн суурин доор монгол заншлаар цай, хадаг, дурсгалын бичиг байрлуулж, барилгын суурийн анхны чулууг тавих ёслол үйлджээ.   Барилгын ажлыг түргэтгэх холбогдох заалтуудыг тэд өгч, ажлын явцтай танилцаж байлаа. Барилгын ажил хугацаандаа дуусч ашиглалтад орсон юм. МУИС-ийн хөгжлийн томоохон шат болсон хичээлийн төв байрыг барих шийдвэр гаргасан, шавыг тавьсан гол хүний нэг нь Ю.Цэдэнбал мөн байв. МУИС-ийн барилгыг хүлээн авах Улсын комиссийн актанд Ю.Цэдэнбал гарын үсэг зурлаа. Шинэ захирал Б.Ширэндэв төр, засагтаа баярласнаа илэрхийлж үг хэлэв. 1944 оны Х сарын 3-нд Их сургууль шинэ байрандаа нүүж ороод хичээллэж эхэлжээ.

МУИС-ийн байр суурь, биеэ даасан байдал, нэр төрийг өндөржүүлэх нь сургалт, хүмүүжлийн цаашдын ажилд сайнаар нөлөөлнө гэж Монголын удирдагчид үзэж байв. Энэ зорилгоор намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын шийдвэрээр 1944 оны IX сарын 1-нээс Намын Төв Хорооны Нарийн бичгийн дарга Б. Ширэндэвийг УИС-ийн ректороор хавсруулан ажиллуулах болсон юм. МУИС – ийн анхны ректор Б.Ширэндэв Ю.Цэдэнбал нарын харилцаа ойр дотно байжээ. Б.Ширэндэв дурсахдаа: “Цэдэнбал 1938 онд, би 1941 онд дээд сургуулиа төгссөн юм. Цэдэнбал төгсөж ирээд дээгүүр албан тушаалд орчихсон байлаа. Би төгсөж ирээд Багшийн сургуульд багшилж байтал Цэдэнбал намайг татаж Засгийн газрын референтээр ажилд томиллоо. Мөн тэндээс НТХ -д шилжин ажиллаж байлаа”  гэжээ.

Ю.Цэдэнбал тун удалгүй Ширэндэвийг НТХ- ны нарийн бичгийн даргаар дэвшүүлээд, Зөвлөлтийн элчин, НТХ – ны орос зөвлөхтэй хэл амаа олоогүйн улмаас чөлөөлж, Гэгээрлийн сайдаар ажиллуулаад, 1944 онд дахин НТХ – ны нарийн бичгийн даргаар дэвшүүлээд, УТТ–ны орлогч гишүүн болгожээ. Ю.Цэдэнбал 1952 онд Ерөнхий сайд болмогц, Б.Ширэндэвийг Ерөнхий сайдын I орлогч болгож, 1954 онд УТТ–ны жинхэнэ гишүүн болгожээ. Доктор хамгаалаад ирсний дараа Ширэндэв гуайн дурссанаар: “Цэдэнбал намайг удирдах ажилд томилно гэсэн, би түүнээс татгалзан, эрдэм шинжилгээний ажил хийе гэж хүссэн. Тэр ёсоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, МУИС-ийн ректороор томилсон. 1961 онд ШУА байгуулагдахад Ерөнхийлөгчөөр сонгогдож, МУИС–ийн ректороос чөлөөлөгдсөн” гэжээ. Ю.Цэдэнбал нэрт эрдэмтэн Ширэндэвийг өндөр үнэлж, ямагт дэмжиж, МУИС–ийн ректороор ажиллуулах шийдвэр хоёр удаа гаргасан юм. Зарим хүн үзэхдээ Т.Машлай бол Гэгээрлийн сайдын хувьд МУИС байгуулах бэлтгэл ажил гүйцэтгэсэн албан тушаалтан бөгөөд МУИС-ийн захирлаар томилогдоогүй гэж үздэг. Б.Ширэндэв мөн л НТХ-ны нарийн бичгийн даргыг хавсран ажиллаж байсан ч МУИС гэдэг их айлын анхны өрхийн тэргүүн-захирлаар томилогдсоноороо онцлог юм.

1946 оны МУИС-ийн анхны төгсөлтийн улсын шалгалтын комиссд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Т.Машлай нар ажиллаж, шалгалт авч байлаа. Мөн оны VI сард анхны төгсөлтийн ёслолын хурал болж Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нар оролцон баяр хүргэж, төгсөгчдөд зөвлөлгөө сургамж өгчээ. Ю.Цэдэнбалын удирддаг МАХН-ын ТХ-ны УТТ 1947оны II сарын 1-ний өдрийн 5-р хурлаар “УИС-ын хичээл сурлагын явцыг шалгасан дүнгийн тухай” асуудлыг хэлэлцэж тогтоол гаргасан байна. УИС-ын үйл ажиллагаанд олон талтай дүн шинжилгээ хийж, цаашдын зорилтыг нарийн тодорхойлсон байна. МУИС-ийн эхний жилүүдийн ажлыг дүгнэсэн энэ тогтоол “дэндүү“ ажил хэргийн шинжтэй байжээ. сургууль, факультет, тэнхмийг удирдаж байсан Зөвлөлтийн олон мэргэжилтнүүдийг нэр зааж ажлыг нь хатуухан шүүмжилсэн нь олны анхаарал татаж байв. Энэ нь Ю.Цэдэнбалын хувьд рисктэй алхам байсан нь мэдээж. Зөвлөлтийн эсрэг үзэлтэй тогтоол гаргалаа гэх хүн ч байсан аж. Дайны хүнд үед бүхий л талаар Зөвлөлтийн ард түмэнд туслах бодлогыг Монголын удирдагчид тууштай хэрэгжүүлж байсан болохоор Ю.Цэдэнбалын хурц шүүмжлэлд Зөвлөлтийнхэн эмзэглээгүй , Их сургуулийн ажилд нь чин сэтгэлээсээ туслах бодлогыг л Зөвлөлтийнхэн баримталсан юм. Тогтоол МУИС-ийн хөгжилд шинэ үе шатыг авчирлаа.

Ю.Цэдэнбалын гарын үсэгтэй энэ тогтоолоор УИС-ийг Сайд нарын Зөвлөлийн шууд мэдэлд шилжүүлж, ректорыг яамны сайдын, проректорыг орлогч сайдын адил эрхтэй болгосон нь УИС-ийн цаашдын бэхжилтэд нэн чухал ач тустай болжээ. Энэ үед Ю.Цэдэнбал Засгийн газрын Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан болохоор МУИС-ийн нийт ажил түүнд шууд хамаатай  байлаа. БНМАУ-ын Ерөнхий сайдын 1946 оны Х сарын 11-ний өдрийн 16 тоот тушаалаар Ерөнхий сайдын орлогч Ю.Цэдэнбалд шинжлэх ухаан, соёл, урлагийн хэргийг тус тус хариуцуулах болсон тул (ҮТА.1-4-3,т.32) МУИС-ийг шууд төр, засгийн ивээлд авах ажлыг тэрээр зохион байгуулсан байна.

УИС-тай холбогдсон ямар ч асуудал хурдан түргэн шийдвэрлэгдэх болов. Энэ тогтоолоор УИС-д марксизм-ленинизмийн ба философийн, улс төрийн эдийн засгийн ухааны, түүхийн тэнхимтэйгээр Нийгмийн ухааны факультет байгуулагдсан юм. Ийнхүү НУФ байгуулах шийдвэр нь Ю. Цэдэнбалын нэр, бодлоготой бас холбоотой байв. Энэ үед УТТ-ны тогтоолоор УИС-ийн дэргэдэх намын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх заалт өгч, НТХ-ны Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний шийдвэрээр УИС-д намын зохион байгуулагчийн орон тоог буй болгожээ. Түүний үүрэг нь УИС-ийг хөгжүүлэхэд намын дэмжлэг туслалцааг зохион байгуулах, оюутныг соёлтой, эх оронч, иргэний үзэл хүмүүжилтэй болгоход тус дэм үзүүлэх явдал байв. Энэ тогтоол УИС-ын хөгжилд дорвитой нөлөө үзүүлсэн бөгөөд дээд боловсролыг хөгжүүлэх Ю.Цэдэнбалын бодлого энэ тогтоолд тодорхой тусгагдсан юм.

Анхны жилүүдийн туршлага дээр тулгуурлаж 1947 ондоо багтаж эдийн засагчийн мэргэжлээр элсэлт авчээ. Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан М.Пэлжээ гуай дурссанаар: ”Хүн, мал эмнэлэг, багшийн бэлтгэл ангийн оюутнуудаас шилжүүлэн эдийн засгийн ангийг нээхэд нь би анх элсэн орсон юм. Шинэ  анги салбар болохоор нам, засгаас ч их анхаарал тавьж байлаа. 1-р дамжааны эхний улирлын шалгалтаар Ю.Цэдэнбал манай сургууль дээр биечлэн ажилласан юм. Орос зөвлөхөө дагуулж ирсэн санагдана. Улс төрийн эдийн засгийн ухааны шалгалтыг бидний 11 оюутнаас авлаа. Эдийн засгийн анхны, тэгээд ч хүнд шалгалт учраас бидэнд тун хэцүү байсан. Цэдэнбал багш уурлаж зэмлэсэн ч үгүй гурван оюутанд дунд дүн тавиад бусдыг дахин сайн уншиж ирээрэй гээд явсан. Бал дарга боловсролд маш их анхаарал тавьдаг хүн байсан юм. Хожим намайг яаманд ажиллаж байхад аль нэгэн сургуульд хүн явуулж сургах саналыг л юуны өмнө дэмждэг байсан”(ЗХА) гэжээ. 1947 оны XII сард хуралдсан МАХН-ын XI их хурал УИС байгуулагдсаныг манай орны соёлын том ололт гэж дүгнэв. Их хурал дээр Ю.Цэдэнбал тавьсан илтгэлдээ УИС-ийн хөгжлийн асуудлыг тусгайлан анхаарч “Таван жилд Их сургуульд суралцагчдын тоог 2,2 дахин нэмэгдүүлэх, төгсөгчдөөсөө аспирантурт үлдээн    суралцуулж   үндэсний    багш, шинжлэх    ухааны   ажилтан бэлтгэх”  зорилтыг дэвшүүлжээ. Ю.Цэдэнбал Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын шийдвэр гаргаж  УИС-д Эдийн засгийн факультет нээв. 1959 оны намраас ЭЗФ нь Эдийн засгийн дээд сургууль болон өргөжсөн юм. Эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх тогтолцооны үүсэл нь Ю. Цэдэнбалын нэртэй холбоотой байв.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1957 оны VIII сарын 10-ны 347 дугаар тогтоолоор “УИС-ийн зарим факультет, салбарууд, суралцах хугацаа, багш нарын хичээл заах цагийн хэмжээг өөрчлөх тухай“ шийдвэр гаргаж, 1960 оны VIII сард СнЗ-ийн 319/229 тоот тогтоолоор барилга инженерийн салбарыг өргөтгөж, Инженерийн факультет болгожээ. МАХН-ын ТХ, СнЗ 1962 оны V сарын 19-нд “УИС-ын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай“ 196/266 тоот тусгай тогтоол гаргаж “одоо үед улс ардын аж ахуй, соёлын салбарт ажиллах онолын зохих бэлтгэлтэй, социалист байгуулалтын практиктай танил мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргах эрхэм үүрэг их сургуулийн өмнө тавигдаж байна” гэж УИС-ийн шинэ зорилтыг тодорхойлжээ. УИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож УИС-д ФМФ, ПТФ, БУФ, НУФ, ХБФ ба утга зохиолын оройн дээд сургууль, барилга инженерийн оройн салбар ажиллах болов. Их сургуулийн амьдралыг шинэ шатанд гаргасан эдгээр тогтоолд намын удирдагч, засгийн тэргүүний хувьд Ю.Цэдэнбал гарын үсэг зурж, биелэлтийг нь зохион байгуулжээ.

1962 онд СнЗ-ийн шийдвэрээр Дээд, тусгай дунд боловсролын хороо байгуулагдах хүртэлх үед МУИС-ийн амьдралтай холбогдсон бүх асуудалд нам, засгийн удирдагч Ю.Цэдэнбал  биечлэн оролцож, УИС-ийг хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байжээ. 1972 оны Х сард МУИС-ийн 30 жилийн ойн хуралд Ю.Цэдэнбал оролцож баяр хүргэж үг хэллээ. 1982 оны 10 сарын 5-нд Ю.Цэдэнбалаас МУИС-ийн багш, бүх ажилтан, оюутан нарт ирүүлсэн баярын бичигт: “Манай орны дээд боловсролын ууган уурхай-МУИС-ийг үндэслэн байгуулсан нь БНМАУ-ын соёлын амьдралд гарамгай үйл явдал болсон билээ. МУИС-ийг байгуулж, дараа нь факультетуудын бааз дээр салбарын хэд хэдэн дээд сургуулийг байгуулсан нь манай орны эдийн засаг, соёлын янз бүрийн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд асар их ач холбогдолтой болсон юм. Өнгөрсөн хугацаанд МУИС үндэсний мэргэжилтэй боловсон хүчныг бэлтгэх томоохон уурхай, олон түмэнд эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч, эрдэм шинжилгээний нэг төв боллоо” гэж Их сургуулийн гүйцэтгэсэн үүргийг өндөр үнэлсэн байна.

МУИС-ийн Хүндэт профессор, Гавъяат хуульч, доктор С.Жалан-Аажав: “1941 онд Ю.Цэдэнбал их сургууль байгуулах асуудлыг УТТ-ны хурал дээр сануулж хэлж байсан”. “Аугаа их мэдлэгтэй түүнтэй ажиллахад их сайхан байсан. Одоо бидэнд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль ёсыг чандлан хэрэгжүүлэх ажил ус агаар мэт чухал байна. Чиний мэргэжлийн наймхан хүнтэй. Тэгэхээр бид энэ ажилд хүч тавих ёстой гэж нэг өдөр надад  хэлэв. Тэгэхээр нь би “Тэгвэл МУИС-д хуулийн анги нээе” гэдэг санал гаргаж, Цэдэнбал уг ажлыг надад даалгаж, мэргэжлийн хуульч эх орондоо бэлтгэж эхлээд 40 жилийг ардаа хийжээ. Ю.Цэдэнбал ингэж хууль, эрх зүйн шинэчлэлийг тэртээ жилүүдэд хийлгэж байлаа”  гэжээ. 1979 онд Ю. Цэдэнбалын 37-р албан даалгавраар МУИС-ийн бүрэлдүүнд Орос хэлний дээд сургууль байгуулсан нь гадаад олон хэлний боловсролыг хөгжүүлэх сайн суурь болж өгсөн юм. Орос хэл сурах нь дэлхийн соёл шинжлэх ухааны ололтыг хүртэх оньсон түлхүүр, бусад хэл сурах үндэс болно гэж тэрээр үздэг байлаа.

МУИС-ийг багшлах боловсон хүчин, удирдлагаар хангахад Ю.Цэдэнбал онцгой анхаарч МУИС-ийн ректороор дэлхийд алдартай шилдэг эрдэмтэд: томоохон  түүхч, төр, нийгмийн зүтгэлтэн Б.Ширэндэв, нэрт биологич эрдэмтэн, зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн Д.Цэвэгмид, олон улсад алдартай физикч эрдэмтэн, академич, профессор Н.Содном, нэрт эдийн засагч, профессор, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх, авьяаслаг биологич эрдэмтэн, академич О.Шагдарсүрэн нарыг биечлэн томилж ажиллуулж байсан нь МУИС-ийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ.

Ю.Цэдэнбал МУИС-ийг бэхжүүлэхэд цаг ямагт анхаарал тавьж, Монголын эрдэм мэдлэгийн гол уурхай болсон энэ сургуульд тун элэгсгээр хандаж өөрөөс шалтгаалах бүхнээр тусалж байжээ. МУИС-ийн ректороор 17 жил ажилласан, академич Н.Содном “Монгол Улсын Университет“ номынхоо “Буянтай учрал“ бүлэгт Ю.Цэдэнбалтай уулзаж саналаа хэлсний ачаар “Улсын 60 жилийн ойгоор урьд үзэгдээгүй олон багш нар төр, засгийн шагнал авч, дараа нь түүхэнд үзэгдээгүй олон орон сууцыг МУИС-д бэлэглэсэн юмаа. МУИС-д тус бүр 300 хүн суух оюутны байр 3-ыг, багш нарын 48 айлын орон сууц 2-ыг улсаас бариулж өглөө. Цэдэнбал дарга их сургуулиа мартсангүй”  гэж тэмдэглэн бичжээ. Нэрт эрдэмтнийг Ю.Цэдэнбал Дээд, тусгай мэргэжлийн дунд боловсролын улсын хорооны даргаар томилж байсан бөгөөд хожим нь Н.Содном ШУА-ийн Ерөнхийлөгчөөр ажилласан билээ.

Нэрт биологч эрдэмтэн, авъяаслаг сурган хүмүүжүүлэгч, зохиолч Д.Цэвэгмид нь Ю.Цэдэнбалын бүрэн хүндэтгэл хүлээсэн хүн байсан бөгөөд МУИС– ийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. НҮБ–д Монгол улсаа элсүүлэх үйлсийг 1946 онд Ю.Цэдэнбал эхэлж, Д.Цэвэгмид нь 1961 онд Монголын далбааг НҮБ- д мандуулж байсан сонин хувь тавилантай хүмүүс байв. МУИС–иас төрөн гарсан сурган хүмүүжүүлэх их туршлагатай, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт  өндөр нэр хүндтэй энэ хүнийг Ю.Цэдэнбал Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар дэвшүүлэн ажиллуулж байлаа.

Баялаг туршлага, их мэдлэг, хүнлэг ёсны чанарыг нь дээдлэн хүндэтгэдэг проф. Д.Цэвэгмидийн санал, бараг л “тулгалтаар” Ю.Цэдэнбал нэрт эдийн засагч, профессор Ж.Батмөнхийг МУИС-ийн ректороор томилсон бөгөөд Их сургуулийг удирдаж байсныг харгалзан, түүний эдийн засгийн онол, шинжлэх ухааны мэдлэг чадварыг үнэлж, Сайд нарын Зөвлөлийн даргын өндөр сэнтийд гаргасан билээ. Хожим Ж.Батмөнх: Ю.Цэдэнбал мэдлэг боловсролын суурь сайтай, их хөдөлмөрч, маш твчээртэй, зан харилцааны хувьд эелдэг, хүнийг өөртөө татах увдистай,өөрийн гэсэн маш хатуу дэг журамтай нэгэн байсан гэж боддог. Тэр ихн уншдаг. Тиймээс түүнд чөлөөтэй цаг гэж тун бага байсан….Хэвлэлийг байнга уншдаг, бас тийнхүү уншиж байхыг бусдаас шаарддаг байсан.Орос хэлийг гарамгай эзэмшсэн” гэж дурсан бичжээ.

1982 онд ректор Н.Содном МУИС-ийн анхдагчдыг урьж уулзаж “Намын Х их хурлаас дээд сургууль байгуулах шийдвэр гаргасан. Энэ талаар гол санаачилсан хүн хэн байсныг та мэдэх үү? гэж 1942 онд АБЯ-ны сайд байсан  Т.Машлай гуайгаас асуухад Т.Машлай: “Ер нь их сургууль байгуулах ажлыг Цэдэнбал дарга их дэмжсэн хүн шүү. МАХН-ын X их хурлаар Төв Хорооны удирдлагад Бал дарга орсон, МУИС байгуулах тухай ажил өрнөсөн хоёр яг таардаг юм. Бал даргын гарын үсэгтэй хэд хэдэн тогтоол энэ үеэр гарсан байдаг юм” гэж хэлжээ. /ЮЦА-ийн архив. ф. 1, хн. 13, т. 473/

МУИС-ийн түүхэнд нэрээ үлдээсэн томоохон зохион байгуулагч, эрдэмтэн, Гавъяат багш О.Шагдарсүрэн дурсахдаа: “Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлагч, зохион байгуулагчийн нэг, их сургуулийн нээлтийн хурал дээр их сургуулийн зорилгыг тодорхойлсон гол илтгэлийг тавьж байсан хүний хувьд их сургуулиараа бахархаж, цаг ямагт санаа тавьж, тулгарсан асуудлыг шууд шийдэж өгдөг хүн байж билээ. XX зууны сэргэн мандлын 44 жил энэ хүнтэй холбоотой байсан. . . Угсаа залгаагүй болохоос улс төр, ард түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн ард түмний хаан байв”  гэжээ. МУИС-ийн ректор байсан, Гавъяат багш Д.Дорж их сургуулийн амьдралд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж: “Энэ хүн МУИС-ийг санаачлан байгуулагчийн нэг, олон жил их сургуулийн амьдралыг удирдаж, хамгийн шилдэг боловсон хүчнээ их сургуульд томилж, их  сургуулийн материаллаг  базыг  бэхжүүлэхэд  ихээхэн хувь нэмэр оруулсан болохын хувьд МУИС-ийн түүхийн алтан хуудсыг бичилцсэн хүн гэж  зүй ёсоор тооцогдох ёстой. Энэ тухай МУИС-ийн хамт олон, оюутан залуус, төгсөгчид гүн хүндэтгэлтэйгээр санаж  дурсах нь их сургуулийнхаа түүхийн өмнө бидний хүлээх ариун үүрэг мөн”  гэжээ.

МУИС-ийн ректор байсан, Монголын дээд боловсролын том зохион байгуулагчдын нэг, доктор, профессор С.Даваа: “Их сургууль байгуулах шийдвэр гаргаж, зохих бэлтгэлийг хангах, нэгэнт байгуулсан сургуулийг цаашид хөгжүүлэх талаар Ю.Цэдэнбалын толгойлж байсан НТХ, СнЗ удаа дараа хэлэлцэн тогтоол шийдвэр гаргаж, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлсэн нь архивын баримтаас харагдаж байна. Түүгээр ч барахгүй их сургуулийн барилгын шав тавих, нээлт болон анхны төгсөлтийн ажиллагаанд оролцож үг хэлж байснаас үзэхэд энэ түүхэн зүтгэлтэн хир их ач холбогдол өгч байсан нь харагдаж байна” гэсэн юм. МУИС-ийн ректор байсан, нэрт физикч эрдэмтэн, профессор Ц.Ганцог хэлэхдээ: “Манай улсад орчин цагийн дээд боловсролын ууган байгууллага болох Улсын университет байгуулах түүхэн шийдвэр гаргах, үүсгэн байгуулах, улмаар түүний материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр ханган бэхжүүлэх үйлсэд Ю.Цэдэнбал томоохон үүрэг гүйцэтгэсэн” гэжээ.

Монгол Улсын Гавьяат багш, АБЯ-ны сайд, УИХ-ын дарга, МУИС-ийн ректор байсан, нэрт математикч, философич, проф. С.Төмөр- Очир МУИС-ийн 70 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж, энэ хүрээнд хэвлэгдсэн олон тооны судалгааны судалгааны бүтээлүүдийг үндэслэн дүгнэхдээ: “Олон жилийн судалгаа,шинжилгээний үр дүнд МУИС-ийг Ю.Цэдэнбал байгуулсан болох нь тогтоогдож байна” гэжээ.\ Facebook,Ю.Цэдэнбал.2013.09.13\

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавъяат багш, МУИС-ийн проректор, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны орлогч дарга байсан, МУИС-ийн Хүндэт профессор, доктор Т.Дашцэдэн хэлэхдээ: “Ю.Цэдэнбал бол Монголын боловсрол, соёл, гэгээрэл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд мэдээжийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Монголыг орчин цагийн улс болоход Ю.Цэдэнбалын эрдэм мэдлэг, санаачлага их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй. МУИС байгуулахад Ю.Цэдэнбал ажил хэргийн талаас  голлож оролцсон” гэжээ.

Монгол Улсын ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны Гавъяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн тэргүүлэх профессор Т.Дорж: МУИС-ийг үүсгэн байгуулж, хөл дээр нь зогсоох, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, ялангуяа эдийн засгийн салбар байгуулсан, ЭЗФ, улмаар ЭЗДС байгуулсан гол автор нь Ю.Цэдэнбал байв. МУИС-ийн эцэг болсон хүний хувьд нь манай хамт олон, оюутан, төгсөгчид онцгой анхаарч тахиж явах ёстой гол хүн гэдгийг хэлэхийг хүсч байна” гэжээ. Монгол Улсын Ардын багш, МУИС-ийн проректор, ПДС-ийн захирал байсан Ч.Авдай хэлэхдээ: “Ю.Цэдэнбал боловсрол, соёл, шинжлэх ухааны уурхай болсон Монгол Улсын Их Сургууль байгуулах, дээд боловсролын системийг бий болгох ажлыг санаачлан, зохион байгуулагчийн нэг байв” гэжээ.

Монгол Улсын Ардын багш, МУИС-д проректор, ОБДС-д ректор, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны даргаар ажиллаж байсан, А.С.Пушкины нэрэмжит олон улсын шагналт, Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн ерөнхийлөгч С.Галсан дурсахдаа: “МУИС-ийг чухамдаа энэ хүн л санаачилж, байгуулсныг түүхийн баримтууд гэрчилдэг”, “Ю.Цэдэнбал Монголын ард түмний түүхэнд  их гавъяатай хүн. Тэр гавъяа нь мөнхрөх учиртай. Монголын сүүлчийн үе залгамжлаагүй жинхэнэ Хаан Цэдэнбал гэдэг их хүний итгэлийг хүлээж, түүний мэлмийд бүлээн зөөлөн харагдаж явсныгаа ямагт сайн сайхнаар санаж явдаг” гэжээ.

Монгол Улсын Гавъяат багш, МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ардын Боловсролын яамны сайд байсан Р.Санжаасүрэн хэлэхдээ “Үндэсний дээд мэргэжилтэн бэлтгэх асуудал хурцаар тавигдаж байсныг анхлан сайн мэдэрч байсан хүн бол Ю.Цэдэнбал гуай байв. Энэ сургуулийг жинхэнэ университет болгоход онцгой анхаарч байсан хүн гэдгийг хэлэхийг би үүргээ гэж бодож явдаг юм. МУИС-ийн түүхийг судалж байсан хүний хувьд хэлэхэд Цэдэнбал дарга бол ер нь Их сургуулийг үндэслэн байгуулах ажлыг биечлэн удирдсан хүн юм” гэж дурсан бичжээ.

Монгол Улсын Ардын багш, академич, МУИС-ийн проректор байсан, профессор А.Мекей: “МУИС-ын бараг бүх л ой тэмдэглэх комисст миний бие орж ажиллах хувьтай байв. Сургуулийн архивт олон хоногоор сууж  тун сайн баримт материалтай танилцсан. Энэ бүгдийг уншиж судлаж байхад МУИС-ийг гол санаачлагч, санаа тавьж байсан хүн нь Ю.Цэдэнбал гэж би үзсэн. Монгол улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан МУИС-ийг арван жилийн боловсрол ч олигтой хөгжөөгүй, бичиг үсгээ мэддэг хүн ч ховор байсан, дайны хүнд үед ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гарган байгуулсан нь үнэхээр холын хараатай, зоригтой, зөв шийдвэр, алхам мөн байв” гэжээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны  Гавьяат зүтгэлтэн, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч МУИС-ийн профессор О.Төмөртогоо хэлэхдээ: “Ю.Цэдэнбалын боловсролын бодлогын гол төвд МУИС байсан. МУИС байгуулах, дээд боловсролтой  боловсон хүчин бэлтгэхийн ач тусыг ойлгож,  анхны санаа санаачлага гаргасан хүн нь удирдлагын хүрээн дэхь дээд боловсролтой ганц хүн болох Ю.Цэдэнбал гэдэг нь ойлгомжтой” гэж дүгнэжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавъяат зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв гуай МУИС-ийг байгуулахад Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн үүргийг тодорхойлж: “Москвагийн их сургуулийг Орос хөвгүүн Михаил Ломоносов үүсгэн байгуулсан нь зөвхөн Орос орноор хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний эрдэм оюуны голомт болтлоо хөгжин дэвжсэнтэй харьцуулахуйц чухал ач холбогдолтой санаачлагыг малчны хөвгүүн Цэдэнбал дэвшүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх учир холбогдолтойн хувьд шинэ Монголын түүхнээ ч, Ази тивийн улс орнуудын соёл иргэншлийн шинэхэн үеийн дэвшил хөгжилд ч тэмдэглэлтэй үйл явдал мөн болой. Урган гарах онд ойтойгоо золгохоор зэхэж буй МУИС үүсгэн байгуулагчийнхаа гавъяа зүтгэлийг төдий л санахгүй мэт явж ирсэн он жилүүдийнхээ хүлээснээс салж, түүний бодит гавьяаны тухайд түүхэн үнэнээс цэрвэхгүй хэлдэг, ярьдаг байхаар эрийн цээнд нэгэнт хүрчээ. Ахмад үеийнхнийхээ уламжлалыг МУИС мартахааргүй цэлмэг ой дуртгалтай гэдэгт итгэж байна” гэж бичсэн нь амьдрал, түүхийн үнэн үг гэлтэй.

Ийнхүү МУИС нам, төр, засгийн байнгын анхаарал халамжид ямагт байж, эх орон, ард түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлж, Монголын соёл, шинжлэх ухаан, боловсролын нэгэн томоохон оргил болж чадсан билээ. Энэ үйлсэд Ю.Цэдэнбал хэнтэй ч зүйрлэшгүй  томоохон хувь нэмэр оруулжээ.

МУИС-ийн профессор, Түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.Sc)

Цэен-Норовын Жамбалсүрэн

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар