МУИС-ийн Бодлогын Судалгааны Лаборатори нь Цахим Хөгжил, Инноваци, Харилцаа холбооны яамны захиалгаар “Дрон жолоодлогын сургалт хөтөлбөр боловсруулах, шалгалт баталгаажуулалтын гарын авлага боловсруулах” зөвлөх үйлчилгээ, судалгааны ажлыг судалгааны багаараа гүйцэтгэж байна. Тус ажлын хүрээнд салбарын мэргэжлийн холбоо болох Монголын Дрон Нисгэгчдийн Холбоо НҮТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Тус санамж бичгийн хүрээнд дрон жолоодлогын салбарын ажил хэргийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулан, хийгдэж буй ажлын талаар мэдээллээр хангах, дроны сургалтын шалгалт, баталгаажуулалтын гарын авлага хамтран боловсруулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, тэмцээн уралдаан хамтран зохион байгуулах, дрон жолоодлогын оюутны сайн дурын клубт дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг олон чухал асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцов.