МУИС-ийн 2025-2030 оны стратеги төлөвлөгөөний Зорилго 3.1: Нийгмийг хөгжүүлэгч тэргүүлэх судалгааны байгууллага, Стратеги 3.1.5-д дурдсан мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх, Гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт: Мэргэжлийн холбоодтой хамтарсан төсөл, хөтөлбөрийн тоо 50-д хүрсэн байх гэсэн стратегийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, мөн БОАХ-ны үйл ажиллагааны 4.1.1; 4.1.6 зүйлд заасан дээд боловсролын байгууллагатай хамтран байгаль орчны аудитын чиглэлд үндэсний боловсон хүчнийг чадавхжуулах, төр-төрийн бус байгууллагын түншлэлийг дэмжих гэсэн зорилгын хүрээнд хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уг гэрээний хүрээнд дараах чиглэлд хамтран ажиллана: Үүнд:
- Мэргэжлийн ангийн оюутнуудыг дадлага хийлгэх, тухайн салбарын мэргэжлийн ур чадвар, туршлагаас суралцах боломжийг бүрдүүлнэ.
- Салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх хамтарсан зэргийн болон зэргийн бус сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, арга хэмжээг зохион байгуулахад харилцан дэмжлэг үзүүлнэ.
- Олон нийтэд байгаль орчны аудитын талаар зөв мэдээлэл, боловсрол олгох контент бэлтгэх, сургалтын модуль боловсруулах, хөгжүүлнэ.
- Талууд хамтарч гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлын эмхэтгэл, ном, товхимлыг боловсруулан хэвлүүлэх, солилцох, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулна.
Хамтын ажиллагааны гэрээний хамтаар 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан бөгөөд жил бүрийн 12 дугаар сард Талуудын хамтарсан уулзалтаар төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, ирэх жилийн төлөвлөгөөг баталж байхаар тохиролцлоо.
БОАХ нь 2014 оноос хойш МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд 11 жилийн турш хамтран ажилласан түүхтэй бөгөөд энэ удаагийн гэрээ нь дээд түвшинд буюу МУИС-ийн Ректор, профессор Б.Очирхуяг, БОАХ-ны Удирдах зөвлөлийн дарга, доктор Т.Индра нар гарын үсэг зурж баталгаажуулснаар онцлог байв.
Гэрээг үзэглэх үеэр Ректор Б.Очирхуяг “МУИС нь 2021 оноос эхлэн олон улсын түвшинд их, дээд сургуулийг тогтвортой хөгжлийн үзүүлэлтээр эрэмбэлэдэг The Impact Rankings үнэлгээний системийг судалсан бөгөөд ирэх хичээлийн жилээс эхлэн тус үнэлгээний системээр МУИС-ийг олон улсад үнэлүүлэхээр ажиллаж байна. Энэ үнэлгээнд та бидний өнөөдөр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдэх ажлууд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” хэмээсэн бол БОАХ-ны зүгээс “МУИС-тай хамтран байгаль орчны аудитын зэргийн бус сургалтыг цахим хэлбэрээр хөгжүүлэхээр ажиллаж байна” гэв.