Монгол улс эдийн засаг, нийгмийн хүрээнд хийсэн шилжилтийн үеэ амжилттай даван туулж, эрчимтэй хөгжлийн гараан дээр хүрч ирээд байгаа энэ цаг үед МУИС антерпренѐр хөгжлийн үзэл баримтлалыг хөгжлийн зорилгоо болгосон судалгааны нээлттэй их сургууль болон өөрчлөгдөж, улс үндэстнийхээ шинжлэх ухаан боловсролд үнэтэй хувь нэмэр оруулдаг дээд боловсролын байгууллага болох нийгмийн шаардлагатай тулгараад байна. МУИС дээр хийгдэж буй шинэчлэлийн бодлого нь дээр дурдсан стратеги зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж байгаа бөгөөд шинэчлэлийн гол агуулга нь:
- Сонголтоос өрсөлдөөн, ѳрсѳлдѳѳнѳѳс чанарыг тѳрүүлдэг, эдийн засгийн хувьд үр ашигтай, нөөцийг оновчтой ашиглаж чадах, ахисан түвшний сургалт, салбар дундын судалгааг хөгжүүлэхэд тохиромжтой бүтэц зохион байгуулалтыг бий болгох,
- Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадах шилдэг мэргэжилтнийг бэлтгэхэд шаардлагатай хөтөлбөрүүдийг дэлхийн тэргүүлэх сургуулиудтай харьцуулсан жишгийн дагуу бий болгох,
- Шилдэг багш, шилдэг оюутнууд ажиллаж суралцах зайлшгүй нөхцлүүдийг хангасан сургалт судалгааны академик орчин нөхцлийг бүрдүүлсэн, хараат бус, биеэ даасан эдийн засаг, санхүүгийн бүтэц тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм.
1990 оноос хойш МУИС-д хийгдсэн өөрчлөлтүүд нь дээд боловсролыг шаталсан сургалтын тогтолцоонд шилжүүлэх, кредит системийг нэвтрүүлэх, их сургуулийг санхүүгийн хувьд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимд нийцүүлэн өөрчлөх, боловсролын агуулга, стандартыг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудын жишигт ойртуулахад чиглэж байсан бол бидний хийж буй шинэчлэлийн зорилго нь кредит системийг сургалтад бүрэн нэвтрүүлж, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаа, хөтөлбөрийг тасралтгүй өөрчлөн сайжруулдаг, нэг талаас оюутан багш нараас байнгын хүчин чармайлтыг шаарддаг, нөгөө талаас илүү их хөдөлмөрлөж буй багш, оюутанд илүү боломжийг бий болгодог өрсөлдөөнт тогтолцоог бүрдүүлж, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай бүтцийг бий болгох замаар их сургуулийг өөрөө өөрийгөө хөгжүүлж чаддаг, бие даасан хөгжлийн замд оруулахад чиглэж байна.
Бүтэц зохион байгуулалтын шинэчлэлийн хүрээнд тэнхим, багш, оюутан, сургалтын болон хичээлийн туслах ажилтнууд, хөтөлбөрүүдийг шинэ бүтцийн дагуу байршуулж, сургуулиудын төсвийг дахин хуваарилж, хөтөлбөрийн хороод, сургалтын нэгдсэн алба, оюутанд үйлчлэх бүтцийг шинээр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд өмнө нь байсан сургалтын 170 гаруй хөтөлбөрийг шинэчилж, ЮНЕСКО, БШУЯ-наас гаргасан шаардлагад нийцүүлэн мэргэжлийн 70 гаруй индексийн дагуу 93 хөтөлбөрийг шинэчлэн боловсрууллаа. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хөтөлбөрийн 35 хороодод докторын зэрэгтэй 260 гаруй багш, профессорууд оролцсон бөгөөд 150 гаруй багш, ажил олгогчдын төлөөлөл экспертээр ажилласан. Сургалтын хөтөлбөрт МУИС-ийн ерөнхий суурь хичээлүүдийг бий болгож, мэргэжлийн тэнхим хөтөлбөрийн багуудаас санал болгосон 170 хичээлээс шат шатны хэлэлцүүлгийн дүнд 90 хичээлийг оюутанд санал болгохоор тогтлоо. Энэ бүхний дүнд оюутан бүр өөрийн авьяас чадвар, хүсэл сонирхол, ирээдүйн хэрэгцээн шаардлагадаа үндэслэн мэргэжил, хичээл, багшаа сонгох, хос болон хавсарга мэргэжил эзэмших боломж бүрдэж байгаа юм.
Орчин үеийн сургалт судалгааны академик орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд шинэ номын сангийн барилгын зураг төслийг боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн, барилгын ажлыг эхлүүлэх, хичээлийн болон оюутны байруудад их засвар хийх, номын санг шинэчлэн зохион байгуулах, хичээллэх орон зайг нэмэгдүүлэх, хичээлийн байруудад оюутны тав тухыг хангасан орчинг бүрдүүлэх, жижиг хэмжээний нүүлгэн шилжүүлэлт хийх, сургалтын шинэ тоног төхөөрөмж, ширээ сандлыг худалдан авах, шинэ элссэн оюутанд зориулсан гарын авлага бэлтгэх зэрэг ажлуудыг хийлээ. Тухайлбал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургалтын албаны дарга нарын өрөөг өөрчлөн, 500 метр квадрат талбай бүхий сургалт судалгааны 14 анги танхимын орон зайг шинээр бий болгосны зэрэгцээ оюутны байрны багтаамжийг 30 гаруй өрөөгөөр нэмэгдүүлж, зарим магистр, докторын оюутнууд дотуур байранд амьдрах боломжтой боллоо.
Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажилласны үр дүнд их сургуулийн үйл ажиллагаанд зарим тодорхой ахиц дэвшил гарлаа. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд багш ажилтны цалинг 10% нэмсэний зэрэгцээ, хуримтлалыг 6 тэрбум төгрөгт хүргэж, үүгээр номын сангийн барилгын ажлыг эхлүүлэх боломжтой болсон. Үүн дээр хичээлийн болон оюутны дотуур байруудыг засварлах, тохижуулах ажилд зарцуулсан хөрөнгийг нэмбэл, эдгээр тоо биднийг эдийн засгийн хувьд хэр зэрэг үр ашигтай ажилласныг харуулна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж, бүрэлдэхүүн сургуулиуд бүгдээрээ эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлттэй гарсан нь сургуулийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжрууллаа.
Шинэ бүтцээр анхны төгсөлтийг амжилттай хийсний зэрэгцээ баталсан квотын хүрээнд оюутныг 100% бүрэн элсүүллээ. Энэ хичээлийн жилд элссэн оюутны ЕШ-ын голч оноо 648-д хүрсэн нь өмнөх жилийн дунджаас даруй 38 оноогоор илүү байна. Энэ нь шинэ бүтэц, шинэчилсэн хөтөлбөрүүд элсэгчдийн хүсэл сонирхолд урьд өмнөхөөс илүү нийцэж буйг харуулж байна гэж хэлж болох талтай. Бидний хувьд шинээр элссэн суралцах эрмэлзэл дүүрэн, сурлагын өндөр оноотой элсэгчиддээ илүү их эрдэм мэдлэг, илүү чанартай сургалтыг санал болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Шинэ бүтцийн хүрээнд сургалт, судалгааны ажлыг зохион байгуулахад эрхзүйн шинэчлэл чухал билээ. Өнгөрсөн хугацаанд “Хөтөлбөрийн хорооны түр журам”, дагалдах зааврууд, “Оюутан элсүүлэх журам”, “Оюутан шилжүүлэн суралцуулах журам”, “Номын сангийн журам”, “Дотуур байрны журам”, “Сургалтын журам”, “Сурах бичигт тавих нийтлэг шаардлага” зэрэг журам заавруудыг шинэчлэн боловсруулж, заримыг нь хэлэлцүүлж батлуулахаар бэлтгэн гаргалаа. Мөн “МУИС-ийн стратеги төлөвлөгөө”, “МУИС-ийн дүрэм”-д оруулах өөрчлөлтүүдийг шинэчлэн боловсруулж, эрдмийн хамт олноороо хэлэлцүүлэхээр бэлдэж байна.
Ирж буй хичээлийн жилд хөтөлбөрийн шинэчлэлээ бүрэн хэрэгжүүлж, магистр, докторын хөтөлбөрүүдээ бүрэн шинэчлэх, судалгаа шинжилгээний бүтцээ оновчтой зохион байгуулж, профессор багш нарын зэрэглэлийг шинэчлэн тогтоох, багш нарын ажлын ачааллыг оновчтой болгох, судалгаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, номын сангийн барилгын ажлыг урагшлуулах зэрэг томоохон ажлууд шил шилээ даран хүлээж байна.
Шинэчлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд бид бүхний хамтын хичээл зүтгэл, эе эв хамгаас чухал бөгөөд шинэчлэл, өөрчлөлтийг хэрэгжүүлсний үр дүнг та бид хамтаараа хүртэх нь гарцаагүй юм. Бид энэ жилд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, багш, оюутныхаа нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх, ажиллах суралцах орчин нөхцлийг сайжруулахад чиглэсэн дэс дараатай ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Та бүхний шинэ хичээлийн жилийн ажилд их амжилтыг хүсье.
Захирал А.Галтбаяр