Баруун Вашингтоны Их Сургуулийн захирал Брьюс Шепард тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчилж, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр сургуулийн төлөөлөгчдийн уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, тодорхой санал солилцсон чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцсоны баталгаа болгож ийнхүү албан ёсны гэрээ байгуулсан юм.
2013 онд Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр Баруун Вашингтоны их сургуулийн Ерөнхийлөгч Брюс Шепард болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааг Монголын их дээд сургуулиудтай эхлүүлэх хамгийн эхний бөгөөд боломжит хувилбарыг МУИС гэж тогтсон байдаг. Энэ талаарх 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн №23 албан тоотыг МУИС-д ирүүлсэн билээ.
Баруун Вашингтоны Их Сургуулиас ирүүлсэн хамтын ажиллагааны гэрээний саналд багш, ажилтан, оюутан солилцоог явуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл болон мэдээлэл солилцох талаар тусгасан байдаг бол МУИС-ийн зүгээс Археологи, нийгэм соёлын антропологи болон биоантропологийн чиглэлээр хамтарсан судалгааны ажил хийх, монгол судлалын чиглэлээр хамтарсан сургалт семинар явуулах, монгол судлал, археологи, антропологиын чиглэлээр хамтарсан зуны сургалт зохион байгуулах багш, оюутан солилцох, хамтарсан хээрийн судалгааны ажил явуулах, номын сангийн мэдээллийн технологийг хөгжүүлэхэд, хайлтын хамтарсан мэдээллийн баазтай болох, мэдээллийн санг бүрдүүлж ажиллахад харилцан туршлага солилцох, монгол судлалын чиглэлээр тодорхой төслүүд дээр хамтран ажиллах, Баруун Вашингтоны Их Сургуулийн Монгол судлалын төвийг сэргээх, Монгол хэл соёлыг заах гэх мэт чиглэлээр ажиллах, мөн бусад бүрэлдэхүүн сургуулийн хүрээнд байгаль орчин, эрчим хүч, Ази судлал болон бусад чиглэлээр оюутан солилцоог хөгжүүлэх саналуудыг тавьжээ.
Гэрээнд дээрх саналууд тусгагдаж, гарын үсэг зурагдсанаар хоёр сургуулийн хамтын ажиллагаа биелэлээ олох эхлэл тавигдлаа.
Баруун Вашингтоны Их Сургууль нь 1893 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цагаас хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, 1977 онд их сургуулийн статустай болжээ. Эдүгээ 15000 оюутан, 160 гаруй хөтөлбөрт хамрагдаж байна. Мөн Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнд Зүүн Азийн Судлалын төвөөс монгол хэлний хичээл заахын зэрэгцээ Баруун Вашингтоны Их Сургуулийн Вилсоны номын сангийн томоохон цуглуулгаараа Монгол судлалын судалгааны ажлыг дэмжиж ирсэн. 1990 онд Америкийн Засгийн газраас Монгол судлалын ач холбогдлыг үнэлж, номын сангийн үйл ажиллагаа, каталог хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн байдаг. 1992 онд хэвлэгдсэн каталогт Монгол судлалтай холбоотой нийт 3562 гарчиг багтаж байсан бол 2001 онд 6000 болж нэмэгджээ.