МУИС-ийн ШУС-ийн БУС болон АНУ-ын Колорадагийн Их сургуулийн хооронд байгуулсан шувуу судлах, хамгаалах хамтарсан гэрээний дагуу хоёр их сургуулийн шувуу судлалын судалгааны баг 2014 оны 6, 7 дугаар сард Монгол орны дорнод, баруун, өмнөд болон төвийн бүс нутгаар амьдрах Асрын Алтанхараацай (Hirundorustica) шувууны ангилал зүй, гарал үүсэл, салбар зүйлийн филогенетик судалгааг амжилттай гүйцэтгэлээ. Энэ зүйл шувууны олон салбар зүйл дэлхий даяар тархсан ч одоо хир тэдгээрийн тархалтын хил хязгаар, эрлийз бүс (hybrid zone)-ийн асуудал тодорхойгүй бөгөөд манай орны хувьд энэ зүйлийн ялгаатай 3 салбар зүйл байх боломжтой тухай шувуу судлаачид бичжээ.


Тэдгээр салбар зүйлийн хоорондын уялдаа холбоо, хөрш орнуудын популяцитай холбоотойг тогтоох, мөн нүүдлийн судалгааны чиглэлтэй судалгааг ШУС, БУС-ийн проф. багш С. Гомбобаатар, түүний 2 магистрант, Колорадогийн их сургуулийн проф.Rebecca Safran, доктор Elizabeth Scordato нар хамтран гүйцэтгэв. МУИС-ийн оюутнуудын хувьд мэргэжлийн өндөр түвшний багш нартай хээр ажиллаж, туршлага хуримтлуулсан үр дүнтэй ажил байсан төдийгүй төслийн хүрээнд 1 магистрант сургалтын төлбөрөө төлжээ. Судалгааны ажлын үр дүнг Колорадагийн Их Сургуулийн лабораторид боловсруулж байгаа бөгөөд үр дүнгээр хамтарсан бүтээл гаргах юм.
МОНГОЛ УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТЭД МУИС-ИЙН СУДЛААЧДЫН ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРГИЙГ ТАЙЛАНГААС ҮЗНЭ ҮҮ. (Монгол хувилбарыг үзэх саналтай бол gomboo@num.edu.mn хаягаар хандана уу.)
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, ГХАГ-ын дарга Д. Батболд, МУИС-ийн ШУС, БУС-ийн Степ форвард хөтөлбөрийн зохицуулагч С.Гомбобаатар болон хамт олон хамтран 2014 онд Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан Биологийн олон янз байдлын Талуудын XII бага хурлын “Mongolia Biodiversity Aichi Target- Side Event”-ийг амжилттай зохион байгуулж, Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа, хамгааллын ажлыг олон улсад сурталчлах ажлыг хийжээ.

Энэ ажлын хүрээнд Монгол орны биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, бодлого, хууль, эрх зүйн чиглэлээр 2000 оноос хойш гүйцэтгэсэн ажлуудыг нэгтгэн “Монгол орны биологийн олон янз байдлын үндэсний 5-р тайлан”-г Монгол, Англи хэлээр хэвлүүлж, нийтийн хүртээл болголоо.