Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр МУИС-д шашин судлалын салбар үүссэний 20 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хурал Эрдмийн дугуй танхимд болж байна.
Хурлын нээлтийн ажиллагаанд шашин судлалын салбарт хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар сэтгэгдлээ хуваалцаж, туурвисан бүтээл, номын дээжээ бэлэг болгон гардууллаа. МУИС-ийн Шашин судлалын тэнхмийн үйл ажиллагаа МУ-ын шашин судлалын салбарын үүсэл нэг гараанаас эхэлсэн байдаг.
Түүхийг эргэн сөхвөл, 1994 онд Философийн тэнхмийн дэргэд Буддын философийн салбар нээгдэж, улмаар 1999 онд Буддын судлал ба Шашин судлал гэсэн хоёр салбартайгаар Шашин судлалын Тэнхим байгуулагдсан билээ. Тэнхим байгуулагдахад Монгол Улсын гавьяат багш, академич С.Норовсамбуу, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэн зэрэг нэрт судлаач эрдэмтэд ажиллаж байлаа. Тэнхмийн анхны эрхлэгчээр шинжлэх ухааны тэргүүний ажилтан, профессор Г.Лхагвасүрэн юм. ТэнхимБуддын болон Шашин судлалаар 20 гаруй жил ажилласан туршлагатай эрдэмтэн, профессор багш нараас бүрдэж байсан түүхтэй.
Ихэнх монголчууд Буддын шашин шүтдэг тэр ч утгаараа Буддизм нь Монголын соёлын нэгэн салшгүй том хэсэг мөн учраас Буддын судлал нь тэнхмийн сургалт, судалгааны дийлэнх хэсгийг эзэлдэг. Энэ түүхэн 20 жилийн хугацаанд тэнхмийн судлаач багш нар эртний Энэтхэг, Төвд, Монголын буддын гүн ухааны сурвалж бүтээлүүдийг судлан орчин үеийн монгол хэлээр хэвлэн залуу хойч үеийнхээ хүртээл болгож, Буддын философи сэтгэлгээг уламжлан дэлгэрүүлэхэд гол анхаарлаа хандуулж иржээ. 2005 онд тэнхмийн дэргэд байгуулагдсан Буддын ба Санскрит судлалын төвийн урилгаар жил бүр Энэтхэгээс санскрит хэлний багш уригдан ажиллаж, санскрит нэр томъёог судалгаандаа хэрэглэх боломжийг олгосон байдаг.
Монгол дахь шашин судлалын гол шинжилгээг МУИС-ийн Шашин судлалын тэнхим хариуцан гүйцэтгэдэг бөгөөд тус тэнхмийн энэ чиглэлээр мэргэшин туршлагажсан судлаач багш нарын эрдэм шинжилгээний баг орчин үеийн Монгол дахь Шашин судлалын чиглэлээрх үндсэн төслүүдэд хамрагдан ажилласаар байна.
Хурлын үйл ажиллагаа шашин судлалын салбар эдгээр он жилүүдэд монголчуудын түүх, соёл, оюун санааны амьдралд шашин хэрхэн нөлөөлөх, ямар өөрчлөлтүүд бий болж буйг судалж, хийж бүтээж ирсэн ажлуудаа тайлагнан хэлэлцэх, мөн түүнчлэн суралцагч төгсөгчдийн төлөөллийн үзэл бодлоо хуваалцах гэсэн үндсэн 2 хэсгээр бүрдэх ажээ.