Монгол-Японы төвд 3 дугаар сарын 23-аас 27-ны өдрүүдэд “Ажлын байран дээрх харилцаа ба идэвхжүүлэлт” сэдэвт бизнесийн тусгай сургалт 5 хоног амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтад улс үндэстний нийгмийн соёлын онцлог, нийгмийн харилцааг тодорхойлдог Хофстедийн 6 хэмжээст загвар болон компани, хувь хүний онцлогт тохируулан идэвхжүүлэлтийг хэрхэн хийх талаарх онолын үндсэн ойлголтыг Монгол, Япон компаниудын практик жишээн дээр тулгуурлан авлаа. Мөн удирдлага болон ажилтан хоорондын харилцааг ажил үүрэг, менежментийн бодлогоор зохицуулж, ажилтнуудынхаа ур чадварыг нээн илрүүлэх, бие даасан санаачилгатай бүтээлч болгон хөгжүүлэхэд дасгалжуулах (coaching) аргыг ашиглах нь маш их үр дүнтэй болохыг сургалтаараа дамжуулан хүргэсэн байна.
Сургалтыг Япон улсын Panasonic компанид 42 жил ажилласан арвин туршлагатай Мизүно Шигэрү мэргэжилтэн удирдан явуулсан бөгөөд Монгол-Японы Төвийн сургагч багш Б.Анхболд (Шунхлай групп, дэд ерөнхийлөгч) өөрийн компани дээрх идэвхжүүлэлтийн бодит жишээ, удирдлага болон ажилчид хоорондын харилцаанд гардаг асуудал тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар өөрийн туршлагаас хуваалцлаа.
Мөн ажилтны урам зоригийг нэмэгдүүлдэг гол хүчин зүйлд бид бүхний сайн мэдэх компанийн бодлого тодорхой байх, хүмүүс хоорондын таатай харилцаа, нийгмийн халамж, цалин хөлс, хөдөлмөрийн орчин зэрэг нь ордоггүй нь гайхалтай. Эдгээр зүйлс нь мотиваци нэмэгдүүлдэггүй боловч байхгүй бол мотиваци буурдаг байна. Харин зорьсондоо хүрэх, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, хариуцлага оногдуулах, тушаал дэвших, ажил үүрэг нэмэгдэх, ажил мэргэжлээ өөрчлөх зэрэг хүчин зүйлүүд нь ажилтны мотивацийг нэмэгдүүлдэг болохыг онцоллоо.
Идэвхжүүлэлтийг хүний нөөцийн бодлоготой төдийгүй компанийн үзэл баримтлал философитой хэрхэн уялдуулж, бие даасан санаачилгатай ажилчдыг хөгжүүлэн амжилтад хүрсэн Японы Мак Доналд компанийн үйлчилгээний шинэчлэл болон Японы ЖДҮ-ийн төлөөлөл болгож “Накано Сэйсакүшо” ХК-гийн менежментийн бодлогыг мөн тайлбарлаж таниулжээ.
5 өдрийн сургалтын дараах оролцогчдын санал сэтгэгдлийг хуваалцахад
- Тулгамдаж байсан асуудалдаа хариулт авлаа. Зөвхөн лекц сонсох биш бусад оролцогчидтой харилцан санал солилцож туршлагаа хуваалцлаа.
- Олон санаа авлаа. Энэ сургалтанд компанийхаа захирлыг суулгах шаардлагатай
- Тушаал хүлээдэг ажилтаныг санаачлагаараа ажил хийдэг бүтээлч сэтгэлгээтэй болгон хөгжүүлэхэд coaching-ийн арга их хэрэгтэй гэдгийг ойлгож авлаа.
- Япон багштай уулзаж компанийхаа тулгамдаж буй асуудлаар ганцаарчилсан зөвлөгөө авсан нь их таалагдлаа гэсэн юм.