“Газрын харилцааны салбарын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Инженер-Геодизийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 85 жил, Инженер-Геологийн салбар үүссэний 55 жилийн ойн хүрээнд Суурь судалгааны чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг бүхий л салбарын их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2015 оны тавдугаар сарын 9-нөөс 29-ний хооронд шилдэг илтгэлийн уралдааныг зохион явуулснаас Байгаль Орчныг Зайнаас тандан судлал ба Газарзүйн Мэдээллийн системийн III түвшний оюутан Б.Баасандолгор “Орон зайн мэдээллийн дэд бүтцэд хийсэн свот болон пест шинжилгээний арга” (удирдагч багш : Ч. Болорчулуун МУИС, Газарзүйн тэнхим) 1-р байр эзэллээ.
Зүүн гар талаас З. Наранмандах (ШУТИС, ХШУС Үйлдвэр экологийн инженер -3), Б.Баасандолгор (МУИС, ШУС, БОЗТС, Газарзүйн мэдээллийн системийн-3), А.Хүрэлшагай (Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын дарга), Г. Гандэлгэр (ШУТИС, ГУУС Геодези-4)
Илтгэлийн 1-р шатыг удирдамжид заасны дагуу тодорхой шалгуур үзүүлэлтээр шүүн, ажлын хэсгийн гишүүдийн өгсөн онооны дунджаар байр эзлүүлсэн байна. Нийт 6 их дээд сургуулиас ирүүлсэн материалуудаас эхний 10 оролцогчийг шалгаруулснаас эхний шатанд МУИС-ШУС, Газарзүйн тэнхимийн Байгаль Орчныг Зайнаас тандан судлал ба Газарзүйн Мэдээллийн системийн 3-р дамжааны оюутан Б.Баасандолгор, 4-р дамжааны оюутан Б.Эрхэмбаяр нарын илтгэл шалгарч дараагийн хэлэлцүүлэгт орох эрхээ авчээ.
Улмаар тавдугаар сарын 1-ний өдөр шилдэг илтгэлүүдийг шалгаруулж 2 ба 3-р байранд ШУТИС-ийн оюутнууд шалгарсан байна.
Уралдаанд амжилттай оролцсон оюутан, багш нартаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.