Орос-Монголын их сургуулиудын ректорын анхдугаар чуулганд оролцлоо

Share Button

2025 оны 7 дугаар сарын 4-6-нд ОХУ-ын Улаан-Үүд хотноо “Орос-Монголын их сургуулиудын ректорын анхдугаар чуулган”-д Монгол Улсын 12 их, дээд сургууль, ОХУ-ын 60 их сургуулийн 150 гаруй төлөөлөгч оролцлоо.

Хоёр улсын Боловсролын яамны ивээл дор зохион байгуулагдсан чуулганы зохион байгуулагчаар ОХУ-ын талаас Буриадын улсын их сургууль, Монголын талаас ШУТИС ажиллав. Уг чуулганд МУИС-ийг төлөөлж ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Мөнх болон Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар оролцлоо.

Чуулганд оролцогчид 4 салбар хуралдаанд дараах үндсэн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүнд:

  • “Боловсрол – ОХУ ба Монгол Улсын тогтвортой хамтын ажиллагааны хүчин зүйл болох нь”;
  • “Шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”
  • “Их, дээд сургуулиуд, бизнес болон корпорацуудын хамтын ажиллагааны    туршлага” ;
  • “Монгол дахь орос хэлний болон Орос дахь монгол хэлний сургалт”.

МУИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар эхний салбар хуралдаанд “Тогтвортой хөгжил ба МУИС, ОХУ-ын их сургуулиудын хамтын ажиллагаа” сэдвээр, Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Мөнх “МУИС, ОХУ-тай хэрэгжүүлж буй сургалтын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүлэв.

Чуулганы үеэр тохиосон нэг онцлох үйл явдал бол Буриадын их сургууль дээр “Монгол хэл, соёлын төв”-ийг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И.Могилевский, Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр, Буриад Улсын тэргүүн А.С.Цыденов, Буриадын улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов болон МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар нээж, энэ төв нь хоёр их сургуулийн төдийгүй Евразийн бүс нутагт чухал ач холбогдол бүхий хэл, соёл судлалын төв болж буйг онцоллоо. Уг төв нь монгол хэл, соёлыг Буриадын их, дээд сургуулиудын багш, оюутнуудад сурталчлан ажиллах бөгөөд тус төвд МУИС-ийн багш монгол хэл заах юм.

МУИС нь ОХУ-ын нийт 23 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд чуулганы үеэр Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургуультай 2017 оны 10-р сарын 05-ны өдрийн 24 дугаар гэрээний хүрээнд нэмэлт гэрээ, Газар төлөвлөлтийн улсын их сургууль, Б.Б.Городовиковын нэрэмжит Халимагийн их сургууль, М.К. Аммосовын нэрэмжит Якутын Хойд-Дорнодын холбооны их сургууль болон Москвагийн автозамын дээд сургуультай шинээр гэрээ байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Байгуулагдсан баримт бичгийн хүрээнд МУИС-ийн ректор тэргүүтэй төлөөлөгчид  А.С.Пушкиний нэрэмжит орос хэлний дээд сургууль болон Халимагийн их сургуультай орос хэлийг дэлгэрүүлэн, сурталчлан ажиллахаас гадна орос, монголын эрдэмтэн хоорондын судалгааны хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр, Эрхүү болон Буриадын улсын их сургуультай хамтран Хөвсгөл нуурын иж бүрэн хамтарсан судалгааг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсын Гавьяат багш, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн хүндэт профессор, Оросын боловсрол шинжлэх ухаан, боловсролын элч, МУИС-ийн ахмад багш Ц.Саранцацрал хүндэт зочноор илтгэл тавьж оролцсон юм. Чуулганы үеэр “Дээд боловсролын салбар дахь Орос-Монголын хамтын ажиллагаа” номын нээлт болж оролцогчдод номын талаарх товч танилцуулгыг Буриадын улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов хийлээ.

Үйл ажиллагааны хоёр дахь өдрийн стратегийн уулзалтыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд  К.И.Могилевский болон Буриадын улсын их сургуулийн ректор А.В.Дамдинов даргалан явуулж, хоёр орны их, дээд сургуулиудын оролцогчдын чуулганы үеэр хэлэлцсэн хамтын ажиллагааны талаарх саналыг нэгтгэсэн тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд нэмж оруулах саналаа хоёр долоо хоногийн хугацаанд ирүүлэх хэрэгтэйг мэдэгдлээ.

Форумыг зохион байгуулагч Буриадын улсын их сургууль нь Монголын боловсролын байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тус бүс нутаг нь уламжлал ёсоор хоёр орны хүмүүнлэгийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар