Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих 18 төсөл, Судалгааны 60 төсөлд нийт 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгогдлоо.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зэх зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болоход оршиж буй юм.
Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд анх удаа 2015 оны 09 сард Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарлаж судалгааны төслүүдийг шалгаруулаад байна.
Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгийг 8 чиглэлээр олгож байна. Үүнд:
- Дээд боловсролын байгууллагын хөгжлийн тэтгэлэгийг сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх
- Гадаадын ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бенчмаркинг хийх
- Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
- Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох
- Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
- Сургуулийн үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх
- Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлүүд багтаж байгаа юм.
Тус өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их дээд, сургуулийн 18 төсөл шалгарч нэг тэрбум, долоон зуун ерэн долоон сая (1’797’000’000) төгрөгийн санхүүжилт авч байгаа юм.
Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирсэн бөгөөд сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл, Байгалын ухааны чиглэлээр 24, Инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.
Дашрамд дурьдахад Дээд боловсролын чанарын дэмжих, судалгааны нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор дундын ашиглалттай нээлттэй ажиллах 12 лабораторийг байгуулсан ба ирэх 2016 онд 11 лаборатрийг байгуулах бэлтгэл хийгдэж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр зохих шаардлага хангаж шалгарсан их, дээд сургуулийн байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр 16 төсөл, дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын зйл ажиллагааг хөгжүүлэх 2 төсөл, судалгааг дэмжих байгалийн ухааны 24 төсөл, инженер технологийн 25 төсөл, хөдөө аж ахуйн 11 төсөл нийт 78 төсөлд 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардуулж, “Тэтгэлэгт хамрагдсан сургууль, багш судлаач, эрдэмтдийг өөрсдийн шинэ бүтээл, тодорхой үр дүн, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь чухал” гэдгийг онцлон хэлж төслийн удирдагч нарт батламж гардуулан өгч баяр хүргэлээ.
Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр МУИС-17, ШУТИС-24, ХААИС-12, АУШУИС-9, МУБИС-4, СУИС-2, ОтгонтэнгэрИС-1, МГТИС-2, УлаанбаатарИС-1, ИдэрДС-1, Хүмүүнлэгийн ухааныИС-1, Шинэ МонголДС-2, МҮИС-1, ХовдИС-1 гэсэн нийт 14 сургууль 78 төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр болоод байна.
МУИС-ийн шалгарсан 17 төслийг танилцуулвал:
Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх
- “Монгол улсын их сургуулийн академик менежментийг сайжруулах” удирдагч Г.Баярмагнай
Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх
- “Монгол улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” удирдагч Б.Болдгив
Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
- “МУИС-д хичээлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх тогтолцоог бий болгох” удирдагч Ц.Амартайван
Сургуулийн үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх
- “Монгол улсын их сургуулийн засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” удирдагч Ч.Нарантуяа
СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ
- “Математик физикийн зарим тэгшитгэлийн онолын судалгаа” удирдагч А.Галтбаяр
- “Хөхтөн амьтдын генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх судалгаа” удирдагч Д.Баярлхагва
- “Хорт хавдар үүсгэгч болон дэлгэрүүлэгч генүүдийн сүлжээг илрүүлэх оптимизацид суурилсан аргуудын судалгаа” удирдагч А.Баярбаатар
- “Цэвдэгтэй бүсийн гадаргын болон газрын доорх усны хөдлөл зүйг изотопын аргаар тооцох судалгаа” удирдагч Э.Мөнхцэцэг
- “Хил орчмын бүс нутгийн шороон замын эвдрэлийн судалгаа” удирдагч Д.Даваадорж
- “Хөнгөн цөмийн энергийн спектрын судалгаа” удирдагч М.Одсүрэн
- “Нефтийн атмосфер нэрлэгийн үлдэгдлийг гидрокрекинг процессоор боловсруулахад хэрэглэх катализатор гарган авах судалгаа” удирдагч Ц.Төгсөө
- “Гурван хэмжээст цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцгийг ихэсгэх судалгаа” удирдагч Б.Ганбат
- “Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудын математикийн судалгаа” удирдагч А.Энхбаяр
- “Сургалтанд ашиглах хүртэхүйн туршилтын инженерчлэлийн хөгжүүлэлтийн судалгаа” удирдагч С.Нямлхагва
- “Технологи дамжуулалт ба технологи шингээх чадварыг тодорхойлох судалгаа” удирдагч Д.Лхагвасүрэн
- “Нунтаглалтын аргаар зэс суурьтай шинэ төрлийн нанокомпозит материал гарган авах, түүний хэрэглээний судалгаа” удирдагч Б.Очирхуяг
- “Монгол хэлийг ойлгохуй судалгаа” удирдагч Ч.Алтангэрэл