Судалгааны их сургууль болох замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, судалгаа-сургалтын холбоог сайжруулан сургалтын чанарыг нэмэгдүүлэх нь 2015 оны 12-р сарын 28-нд МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар батлагдсан “2016-2024 оны МУИС-ийн стратеги төлөвлөгөө”-ний нэг гол зорилт юм. Иймд МУИС-ийн судалгааны ажлын түвшинг сайжруулах, хамрах хүрээг өргөжүүлэх нь хамт олонд өгөгдөж буй чухал даалгавруудын нэг мөн. МУИС-ийн нэрээр бүртгүүлсэн оюуны өмчийг дэмжих бодлого явагдснаар байгууллагын юуны өмчийн мэдүүлгийн тоо ч нэмэгдэх хандлагатай боллоо. Их сургуулийн эрдэм шинжилгээний чадавхийг илэрхийлэх олон улсын хэмжээний нэг түлхүүр үзүүлэлт бол Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо бөгөөд энэ үзүүлэлт ч МУИС-ийн хувьд өсөх хандлагатай байна (Зураг 1).
Зураг 1. Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй сэтгүүлд МУИС-ийн судлаачдын хэвлүүлсэн өгүүллийн тоо.
МУИС-ийн хэмжээнд хэрэгжиж буй эрдэм шинжилгээний төслийн тоо, төслүүдийн төсвийн хэмжээ, судалгааны дотоод төслийн санхүүжилт, лабораторийн болон тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, захиалгат эрдэм шинжилгээний сэтгүүлийн сангийн тоо гэх мэт судалгааны орчин нөхцлийг илтгэх үзүүлэлтүүд 2015 онд урьд байгаагүй түвшинд хүртлээ өслөө. Цаашид, судалгааны өндөр үзүүлэлттэй профессоруудыг олон улсын хэмжээнд сонгон шалгаруулж ажиллуулах, давхар харьяаллыг дэмжих замаар салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, докторын дараах судлаачдын тоог нэмэгдүүлэх, судлаач профессор (tenured, tenure track томилгоонд ажиллаж буй) болон сургалтын ажлыг дагнан гүйцэтгэдэг багш нарыг ажил үүрэг, цагийн ноогдлын хувьд эргэн хуваарилах, зөвхөн судалгаа хийх чадвартай болохоо харуулсан докторын зэрэгтэй багш нарыг авч ажиллуулах зэрэг судалгааны чадавхийг нэмэгдүүлэх, судалгааг дэмжих ажлууд ойрын үед хийгдэнэ.
Ийм нөхцөлд МУИС-ийн судлаачдын бүтээлийн тоо, түвшин богино хугацааны дотор, тухайлбал 2016 онд мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй шинэ онтой золгож байгаа тул 2016 онд МУИС-ийн судлаачдын Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй өгүүллийн тоог 100-д хүргэхээр уриалж байна. Ирж буй шинэ жилдээ эрдэм судлалын өндөр ургацтай байж, ихийг хийж бүтээхийн ерөөлийг МУИС-ийн нийт судлаач багш, ажилтан, суралцагсдад өргөн дэвшүүлье.
Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс
МУИС-ийн 2015 онд Томсон Ройтерсийн өгөгдлийн санд бүртгэлтэй сэтгүүлүүдэд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд (2016 оны 1-р сарын 1-ний байдлаар):
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/01/%D0%9C%D0%A3%D0%98%D0%A1.pdf”]