Монгол Улсын Их Сургуулийн Удирдах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 29-нд МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг хэлэлцэн баталсан билээ. Энэхүү стратеги төлөвлөгөөнд МУИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулж, нийгэмд шинжлэх ухааны мэдлэгээр үйлчилдэг манлайлагч байгууллага болгох тухай зорилтыг тод томруун тусгасан. Шинэ мэдлэг, шинэ технологийг бүтээж, түгээн дэлгэрүүлж, нийгмийг гэгээрүүлэн, иргэдэд шинжлэх ухааны нотолгоо, баримтанд тулгуурласан мэргэжлийн мэдээлэл, үнэлэлт дүгнэлт өгч, нийгэмд үйлчлэх нь Монгол Улсын эрдмийн төв байгууллага – МУИС-ийн үе үеийн профессор багш нарын нэр төртэй гүйцэтгэж ирсэн эрхэм хүндтэй үйлс билээ. Энэхүү уламжлалыг бататгаж, хүн төрөлхтний оюуны сан хөмрөгт бүртгэгдсэн шинэ соргог мэдлэгийг МУИС-ийн профессор, багш нарын өндөр мэдлэг, сонирхолтой тайлбартайгаар нийгэмд таниулан сурталчлах мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэхийг өнөөгийн цаг үе бүр ч ихээр шаардаж байна.
МУИС-ийн профессор, багш нарын дотор олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг энгийн ойлгомжтойгоор хялбаршуулсан байдлаар тайлбарлаж өгөх чадвартай хүмүүс цөөнгүй байдаг нь эргэлзээгүй боловч ийм авьяастны эгнээг тэлж, танин мэдүүлэх үйл ажиллагааг өргөтгөх нийгмийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Нийгэмд мэдлэгээр үйлчлэх үүргээ биелүүлэх, өсвөр залуу үеийнхэнд шинжлэх ухааныг шимтэн сонгох сонирхлыг хөгжөөхийн тулд бид МУИС-ийн профессор, багш нарын блог хуудас нээн ажиллуулахад үзүүлэх дэмжлэгийг бодитой болгохоор төлөвлөж байна. МУИС-ийн багш нар блогоо нээж идэвхитэй ажиллуулах, өөрсдийн мэргэшсэн салбарын мэдлэгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлах чадвараа хөгжүүлэхэд нь дэм болох үүднээс МУИС-ийн бүх багш нарыг дараах чиглэлийн аль нэгээр эссе бичиж 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор president@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсч байна. Үүнд:
- Тухайн шинжлэх ухааны салбарт өнгөрсөн (2015) онд дэлхийд ямар томоохон ахиц дэвшил гарав, тэр нь ямар учир холбогдолтой болох талаар
- Тухайн шинжлэх ухааны салбарт өнгөрсөн (2015) онд манай улсад ямар томоохон ахиц дэвшил гарав, тэр нь ямар учир холбогдолтой болох талаар
- Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн ойрын ирээдүйн төлөв байдлын талаар
- Таны судалгааны чиглэлд хамаарах сургалтын хөтөлбөрийн агуулга 2015 оны байдлаар дэлхийн болон манай их сургуулиудын хувьд ямар төлөв байдалтай байгаа талаар.
Уг эссе бичвэрийн шрифтийн хэмжээ 11, мөр хоорондын зай “single”, А4 цаасны 4 нүүрнээс хэтрэхгүй байх бөгөөд өөрийн байгуулсан (бэлэн зураг хувилан ашиглах бус) график, схем ашигласан байж болно. Овог нэр, албан тушаал, харьяалал, ашигласан эх сурвалж зэргийг тодорхой тусгах нь зүйтэй.
Сургалт, судалгааны өндөр ачаалалтай ажиллаж буй профессор, багш та бүхний цагаас багагүйг зориулах шаардлагатай хэдий ч шинжлэх ухаан, технологийн ярвигтай мэдлэгийг олон нийтэд тайлбарлах чадвараа хөгжүүлэх, өөрийн судалгааны чиглэлээр залгамж халаа болох хүүхэд залуучуудын сонирхлыг татах, нийгэмд үйлчлэх үүргээ биелүүлэх боломж гэж харвал зохилтой. Сайн бичигдсэн эссенүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэн түгээх бөгөөд энэ нь тухайн багшийн “В” цагийн үнэлгээнд тооцогдоно.
МУИС-ийн Захиргаа