Т.Бэгзсүрэн: Монгол улс анх удаа хиймэл дагуул хөөргөх гэж байна

Share Button

Дэлхий дахин инновацийн давалгаа хүчээ авч байгаа энэ үед Монгол улс ч мөн цаг үеэсээ хоцрохгүйн тулд шинэлэг технологиудыг дотооддоо санаачлан, бүтээж байна. Өчигдөр “Мэдээлэл технологийн үндэсний парк”-ийг “Шинжлэх ухааны парк-Мэдээллийн технологи” болгон өөрчилж, МУИС болон ШУТИС, “Шинжлэх ухааны парк-Биотехнологи”, ХААИС хамтран шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн кластер хэлбэрээр хамтрахаар болсон тухай мэдээлсэн.

Энэ хүрээнд бид МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн судлаач Т.Бэгзсүрэнтэй уулзаж, нэвтрүүлж буй шинэ технологиудынх нь талаар ярилцлаа.

6

-МОНГОЛ УЛС АНХ УДАА ХИЙМЭЛ ДАГУУЛ ХӨӨРГӨХ ГЭЖ БАЙНА-

2-Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөнө гэлээ. Хэдийгээр хөөргөхөөр төлөвлөгдсөн байгаа вэ?

-Бид 2017 оны хавар хөөргөнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа ч он сарыг яг нарийвчлан тохироогүй байна. Гэхдээ яаж хийх вэ гэдэг төхөөрөмжийг дизайныг гаргачихсан. Энийг  Монгол улсын их сургууль болон Япон улсын Кюүшү технологийн их сургуультай хамтран хийж байгаа. Бид Японд очиж хиймэл дагуул маань сансарт тохирох эсэхийг туршилтыг хийх юм. Энд МУИС дээр газрын станц нь байгуулагдана. Ингэснээр бид зайнаас тандан судлалыг ашиглан байгалийн нөөцийн менежмент ба мониторинг хийх, байгаль орчны суурь, судалгаа хийх, мөн бичил хиймэл дагуул хийх, зохион бүтээх, одон орны сургалт явуулах дэлгэрүүлэх боломжтой болно.

-Энд харагдаж байгаа лааз хиймэл дагуулын туршилтын хувилбар уу?

-Энэ бол сургалтын зориулалтаар хийгдсэн ажил юм. Оюутнууд хиймэл дагуулыг ийм бүтэцтэй ажилладаг болохыг мэдэхийн тулд хийсэн кансат гэж хэлж болно. Кансат /Cansat/ гэдэг нь кан буюу лааз, сателет /satellite/ буюу хиймэл дагуул гэсэн үгний товчлол. Лаазан доторх хиймэл дагуул гэсэн үг л дээ. Ер нь хиймэл дагуулын ихэнх үүргийг гүйцэтгэдэг сургалтын зориулалттай ажил юм. Энэ зургадугаар сард кансат буюу үндэсний хиймэл дагуулын тэмцээн гэж болдог. Мэдээлэл, шуудан харилцаа холбооны газраас зохион байгуулдаг энэ тэмцээнд манай оюутнууд ийм бүтээлээрээ ордог юм. Кансатын дараагийн хувилбар бол жижиг хэмжээний хиймэл дагуул. Хөөрөх гэж байгаа хиймэл дагуул нь хааш хаашаагаа 10:10 харьцаатай куб дотор бүх систем нь багтаж байдаг. Сансарт агаар байхгүй, вакум, нартай талдаа маш өндөр хэмтэй байдаг бол наргүй талдаа хасах хэмтэй байдаг. Тиймээс сансарт тохирох эсэх туршилтыг нилээд нарийн төхөөрөмжтэй хийх ёстой. Тэр төхөөрөмжийг Японд манай сургуулийн гурван оюутан оччихсон туршилтуудаа хийж байна. Газрын станцыг 1000 инженер төслийн хүрээнд тоног төхөөрөмж, багажийг худалдаж авч байна.

IMG_5540

-Монгол улс анх удаа хиймэл дагуул хөөргөснөөр ямар ач холбогдолтой, дэвшилттэй тал харагдаж байна вэ?

-Хөөрөх гэж байгаа хиймэл дагуул маань жижиг учраас өртөг багатай. Тухайлбал, холбоо харилцааны хиймэл дагуул 16 сая доллар байдаг бол бидний хийж байгаа хиймэл дагуулын өртөг бол 100 мянган доллараар гарч байгаа.

-Манайх одоо хиймэл дагуулаас авдаг мэдээллүүдээ гадны улс орны хиймэл дагуулаас авдаг юм байна шүү дээ?

-Тиймээ. Манайх Монгол орны газрын гадарга дээр юу болж байгаа тухай мэдээг худалдаж авдаг байсан бол энэ бүхэн өөрчлөгдөнө гэж төлөвлөж байгаа. Одоо хийж байгаа хиймэл дагуулын маань авсан зургийг үнэгүй авна. Авсан зургаа ашиглах судалгааны чиглэлүүдийн хувьд ой хээрийн түймрийг бодит хугацаанд шууд мэдэх боломж бүрдэнэ. Хөрсний судалгаа, цасан бүрхүүл, гадаргын болон гүнийн усны судалгаа, шороон шуурга, ойн биомасс болон заган ой, газрын доройтол, газар ашиглалтын өөрчлөлт, газрын бүрхүүл, хөрсний чийг, ургамлын тархац, үерийн усны эрсдлийн судалгаа, халдварт өвчний тархалт, газарзүйн мэдээллийн сан үүсгэх, агаарын бохирдол гэх мэтэд ашиглана.

-МУИС-ИЙН ОЮУТНУУД ӨӨРСДИЙН ГАРААР 3D ПРИНТЕР УГСАРСАН-

12

-Энэ 3D принтерийг оюутнууд угсарсан гэж үнэн үү?  

-Үнэн. Энэ принтерээр хааш хаашаагаа 20 см3 доторх хэмжээтэй 3D биетийг хүссэнээрээ хэвлэж болно. Энэ принтерийг МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийн оюутнууд өөрсдийн гараар угсарсан. “Open harder” буюу яаж хийх нь интернэтээр тарчихсан байдаг л даа. Үүнийг бид хэрхэн хямдхан хийх вэ гэдэг дээр ажиллаж, угсарсан.  Энэ принтерийн өртөг нь 500 доллар буюу сая төгрөгөнд багтаж боссон. Хэдийгээр хямдхан бүтэж байгаа ч нарийвчлалын хувьд маш сайн буюу 0.1 мм-ийн нарийвчлалтай хэвлэдэг. Ширхэг хоорондын зай нь нягт гэсэн үг шүү дээ. Ийм төрлийн принтерийг ШУТИС болон зарим нэг лабраториуд худалдаж авч байгаа. Үзүүлэлтийн хувьд зарим лабраторийнх нь манайхаас ч муу байдаг юм билээ. Гаднаас оруулж ирж байгаа импортын принтерийн үнэ хэдэн мянган доллараар тоологдоно шүү дээ.

-Ямар материалаар хэвлэж байгаа вэ?

-Бидний мэдэхээр ундааны лааз хийдэг пластик материалаар хэвлэж байгаа. Ер нь бол түүхий эд нь пламент гэж материал байдаг. Энэ нь дотроо пла, ABC гэсэн хоёр төрөлтэй. Үүний пла гэсэн материалыг ашиглан утас шиг бэлдэж тавиад ашигладаг.

-Цаашид хэрэглээнд нэвтрүүлж дотооддоо борлуулах тал дээр ажиллаж байгаа юу?

-Бидэнд лабораторидоо угсрах боломж байна, боломжтой гэсэн үг. Яг үүн шиг угсраад өгч болно, бидэнд захиалгаа өгөх хэрэгтэй. Одоогоор энэ төхөөрөмжинд зориулан Монгол хэл дээрх тайлбарууд бичиж байна. Худалдаанд гаргах боломж тун удахгүй бүрдэх байх.

Б.ГЭРЭЛ 

эх сурвалж: medee.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар