Монгол Улс 1946 оноос хойш кирилл үсгийг Монголын албан ёсны бичиг болгосон. Үүнээс хойш бид Монгол бичгээ өв соёлоо хэмээн эрхэмлэн дээдэлж, төрийн зарим бичиг хэрэг, тамга тэмдэгтээ ашигласаар байгаа билээ.
Уламжлал соёлоо орчин үеийн техник, технологитой хослуулан хадгалан авч үлдэхээр санаачилга гарган кириллээс монгол бичигт хөрвүүлэх программ бүтээсэн залуусын төлөөлөл, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш М.Золжаргалаас цөөн хором тодруулга авлаа.
-Та шинээр зохиосон программаа танилцуулахгүй юу?
-Манай сургууль дээр “Компьютер хэл шинжлэлийн судалгааны төв” гэж байдаг. Энэ төвд компьютерт хүний хэлийг ойлгуулах ажил хийдэг гэсэн үг. Ийм том цар хүрээтэй ажлын нэг нь кирилл бичгээс монгол бичиг рүү хөрвүүлэх программ зохиох ажил юм. Кириллээс Монгол бичиг рүү хөрвүүлэх энэ программ нь үгийн нөхцлийг зөв бичсэнээр дүрмийн дагуу салгагдаж, толгой үгээ хайж олоод, буцаагаад монгол бичгээрээ үгээ үүсгэж байгаа явц гэж тайлбарлаж болно. Энгийнээр тайлбарлахад ийм. Ингэхдээ үгийн салаа утгыг хүнээр өөрөөр нь сонгуулахаар шийдэж өгсөн.
-Үгийн санг хэрхэн бүрдүүлсэн бэ? Алдаатай байх вий гэх болгоомжлол хэрэглэгчдийн дунд үүсч магадгүй?
-Бид үгийн санг МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессоруудтай хамтарч ажиллан гаргадаг. Энд үзүүлж байгаа туршилтын загварын үгийн санг Ш.Чоймаа багшийн толийг ашиглаж гаргасан. Өөр хувилбаруудад Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон Монгол хэлний дүрмийн толийг ч ашиглаж байгаа.
-Салаа утгыг хүнээр өөрөөр нь сонгуулах гэдэг нь?
-Салаа утгын хувьд тухайн үг бүрийн утга тайлбар толь дээр байж байдаг. Монгол хэлэнд кирилл үсэгт адилхан бичигддэг хэрнээ монгол бичгээр өөрөөр бичигддэг үгийн утгыг салгаж өгсөн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, ийм үг тааралдвал тайлбар толиос хайж, зөв утгатай үгээ сонгох боломжийг олгосон гэсэн үг юм.
-Монгол бичгээс кирилл үсэг рүү хөрвүүлэх үү?
-Аль аль нь болно. Доор нь монгол бичгээр бичээд “хөрвүүл” гэсэн бичиг дээр дарахад л кириллээр гараад ирнэ. Энэ нь магадгүй өвөрмонгол оюутнуудад их тус болох болов уу. Одоо хэрэглээнд гаргах нь цаг хугацааны асуудал л болоод байна.
-Хэрэглээнд гаргахад юу дутуу байгаа вэ?
-Бид ямар нэгэн хөрөнгө оруулалтгүйгээр, өөрсдийн хүч хөдөлмөрөөр судалгаагаа хийж энэ программыг хийсэн. Хэрэглээнд оруулсны дараа арчилна гэдэг маш төвөгтэй асуудал. Бидэнд тийм зүйл хийх зав байхгүй. Энэ бол дөрвөн жилийн өмнө хийгдсэн ажил шүү дээ. Одооноос хэрэглээнд гаргая гэсэн санаатай байна.
-Хэдэн үгийн сантай вэ?
-Хоёр гурван хувилбартай байгаагийн нэг нь 20 мянга, нэг нь 30 мянган үгтэй гэх мэт.
-Хэрэглэгчид цаашид энэ программыг худалдаж авч ашиглах уу?
-Үнэгүй татаж авч ашиглана. Бидний зорилго ашиг олох биш. Гэхдээ ямар нэгэн компани худалдаж аваад ашиглавал бидний асуудал биш болно.
-Монголд энэ ажил хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Хэлийг компьютерт ойлгуулах судалгааны ажил Монгол улсад 2007 оноос хойш эхэлсэн. Манай ажлын бас нэг үр дүн болсон, текстийг яриа болгох чадвартай бас нэгэн программ байна. Ихэвчлэн хараагүйчүүд ашигладаг. Зөвхөн монгол хэлийг таньдаг энэ программыг банк болон үйлчилгээний байгууллагууд дугаар зарлахдаа ашигладаг.
-Үг үгээр нь таньж байгаа гэсэн үг үү?
-Энэ программ маань текстийг уншихдаа ямар ч үгийг таньж уншиж, яриа руу хөрвүүлж чадна. Үүний цаана мэдээж нарийн технологиуд бий. Энгийнээр тайлбарлавал, Монгол хэлний үсэг, авиаг үе үеэр нь уншиж бэлдсэн байгаа тул үгсийн сан гэж байхгүй, хязгааргүй.
Б.ГЭРЭЛ эх сурвалж мэдээ.мн