Монгол Улсын Ардын багш, профессор Лувсанцэрэнгийн Шагдарын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хурал боллоо

Share Button

Монголын анхны Математикийн шинжлэх ухааны доктор, МУИС-аас төрсөн анхны Монгол Улсын Ардын багш, ШУА-ын Математикийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, Монголын Математикийн олимпиадыг анхлан санаачлагч, Математикийн шинжлэх ухааны чухал нэгэн салбар Магадлалын онол-математик статистикийн Шавь сургуулийг үндэслэгч, Математикийн шинжлэх ухаанаар хамгийн олон эрдэмтэн шавь нараас нь төрсөн Монголын нэрт математикч, Ардын багш, Профессор ЛУВСАНЦЭРЭНГИЙН ШАГДАРЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД зориулсан хүндэтгэлийн хурлыг 2025 оны 12-р сарын 19-ний өдөр МУИС-ийн төв байрны Эрдмийн танхимд гүн хүндэтгэл, дурсамжаар дүүрэн амжилттай зохион байгууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд МУИС-ийн ректор Б.Очирхуяг,  Ардын багш Л.Шагдар агсны  үе үеийн математикч эрдэмтэн Ардын, Гавьяат, Төрийн шагналт алдар цуутан шавь нар, хамт ажиллаж байсан МУИС-ийн ахмад эрдэмтэн багш, ажилтнууд болон эрхэм дотных нь эрхмүүд хүрэлцэн ирж эрхэм багшийнхаа домог түүх болсон амьдрал, ном  эрдмийн талаар дурсамжаа хуваалцсан нэгэн сайхан бахархал баярт үйл явдал болж өндөрлөсөн юм.

Монгол Улсын Ардын багш, эрдэмтэн Лувсанцэрэнгийн Шагдар нь 1925 онд Сэлэнгэ аймгийн Орхон-Шаамар сумын нутаг «Хяраан» хэмээх газар малчин ард Ерөөлт овогт Санжийн Лувсанцэрэнгийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр Сэлэнгийн Алтанбулаг, УБ хотын 1-р дунд сургуульд суралцаж 1942 онд төгсөн МУИС-д Тоо-Физикийн мэргэжлээр элсэн орж Монголын ууган их сургуулийн (МУИС) анхны оюутнуудын нэгэн болж суралцан 1947 онд төгссөн  байдаг. Улмаар 1948 онд Москва хотыг зорьж, Москвагийн Их сургуулийн аспирантурт алдарт математикч Е. Б. Дынкиний анхны шавь нарын нэгэн болж суралцан улмаар 1954 онд Физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалж эх орондоо анхны математикч эрдэмтэн болсноор Монголын математикийн шинжлэх ухааны хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. МУИС-д математикийн багшаар амьдралынхаа  туршид ажиллахдаа 30-аад жилд  нь бүрэн хараагүй болсон үедээ онолын математикийн хичээлүүдийг заахын зэрэгцээ эрдэм шинжилгээний олон арван бүтээлээ туурвиж Орос, Герман, Чех зэрэг дэлхийн улсуудад шавь нараа Математикийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулж эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар