Хайж байна...

Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Share Button

Эрдэмтэн судлаач Гончиг овогтой Очирын нэрэмжит “Залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг”-ийг түүний гэр бүл, үр хүүхдүүд санаачлан 2020 оноос эхлэн 6 дахь жилдээ олгож байна. Химийн шинжлэх ухаан болон байгаль хамгаалал-хүрээлэн буй орчны салбарт идэвхтэй сурч, судалгаа хийж буй МУИС-ийн магистр, докторын түвшний суралцагчийг дэмжих, ирээдүйн шинжлэх ухааны чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулахад уг тэтгэлгийн зорилго оршино.

2025-2026 оны хичээлийн жилд “Эрдэмтэн Г.Очирын нэрэмжит залуу оюутан судлаачдыг дэмжих тэтгэлэг-2025”-т Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Биохими хөтөлбөрийн докторын түвшний суралцагч Ширэндэв овогтой Сонинхүү, Химийн инженерчлэл хөтөлбөрийн магистрын түвшний суралцагч Дандарбаатар овогтой Оюундарь нар тодорлоо.

Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон, ахлах мэргэжилтэн Х.Туяацэцэг, Эрдэмтэн Г.Очирын гэргий З.Цэрэннадмид, Эрдэмтэн Г.Очирын хүү, ИТС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх, охин О.Дэлгэрмаа болон түүний ач, зээ нар суралцагчдын цаашдын эрдмийн үйлст амжилт хүсэв.

Тэтгэлэг хүртсэн залуу судлаач Ш.Сонинхүү, Д.Оюундарь нар Эрдэмтэн Г.Очирын гэр бүлийнхэнд талархал илэрхийллээ.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар