“Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус сургалтын гэрчилгээ гардууллаа

Share Button

МУИС-ийн Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль “Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэл” зэргийн бус сургалтыг 2025 оны 11 дүгээр сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү зэргийн бус сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлогын зорилт 6, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.7 дахь хэсэг, УИХ-ийн 2025 оны 78 дугаар тогтоол, МУИС- ийн “Стратеги төлөвлөгөөний зорилго 2.3.2, 4.3.2 дахь хэсэг, МУИС-ийн Дүрмийн 5.4.1 дэх хэсэг, МУИС-ийн ректорын 2025 оны 09 сарын 23-ны өдрийн тушаалыг тус тус үндэслэн  баталсан.

Тус сургалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн хүрээ амаржих газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын нийт 49 албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын төгсөлтийн үйл ажиллагаа 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөнд болж, сургалтаа амжилттай дүүргэсэн нийт 49 төрийн албан хаагчид гэрчилгээ гардуулав.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат нар төгсөлтийн үйл ажиллагаанд оролцож, сургалтаа амжилттай дүүргэсэн төрийн албан хаагчдад гэрчилгээ гардуулан, баяр хүргэлээ. Түүнчлэн тус сургалтын багшлах бүрэлдэхүүн болон зохион байгуулалтыг ханган ажилласан хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүссэн юм.

УТСОУХНУС-ийн захирал, профессор С.Мөнхбат уг зэргийн бус сургалтыг цаашид тогтвортой хөгжүүлж, албан ёсны магистрын хөтөлбөр болгон өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа онцоллоо. Тэрбээр энэхүү сургалтад хамрагдсан төгсөгчид сургалтын явцад судалсан хичээл, багц цагийг магистрын хөтөлбөрт дүйцүүлэн тооцуулах боломж бүрдэж, улмаар магистрын түвшинд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах эрх нээгдэж байгааг онцгойлон дурдав.

Сургалтаа амжилттай дүүргэсэн төрийн албан хаагчдадаа баяр хүргэе.

Улс Төр Судлал, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар