МУИС-ийн багш, эрдэмтэд монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Энэхүү оюуны маш том хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж байгаа гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулахаар МУИС-ийн оюутан залуус нэгдэж, идэвхи санаачлагатай байж хиймэл дагуул хөөргөх хандивын аяныг идэвхижүүлж байгаагаа оюутны төлөөллийн зүгээс илэрхийллээ.
Мөн энэ өдөр сансарын хиймэл дагуулын судалгаа шинжилгээ, сансар одон орон судлалын талаарх сонирхолтой мэдээлэл, шинжлэх ухааны гайхамшгийг ойлгуулах танин мэдэхүйн сургалтыг МУИС-ийн дэд профессор Д.Улам-Оргих удирдан явууллаа. Тус сургалтанд МУИС-ийн Оюутны албаны дарга Б.Алтангэрэл болоод МУИСОХ, ОК-ийн тэгүүн Б.Хосбаатар нар байлцлаа.
МУИС-ийн Дэд профессор Д.Улам-Оргих хэлсэн үгэндээ: “Энэхүү хиймэл дагуулыг төлөвлөсөн хугацаандаа амжилттай хөөргөх нь манай улсын хувьд нэр төрийн хэрэг. Сансарт хүн анх ниссэнтэй дүйцэхүйц томоохон баярт үйл явдал юм” гээд олон нийт, МУИС-ийн оюутан залуусийг идэвхтэй оролцож, хандив өргөхийг уриалсан бол.
МУИСОХ-ын дарга Б.Хосбаатар тэрээр хэлсэн үгэндээ: МУИС-ийн оюутан Монголын ирээдүй бид өөрсдөөсөө өөрчлөлтийг эхлэх цаг болжээ. Бид ирээдүйн хөгжил дэвшил, түүхэнд бичигдэх энэ үйлсэд гар бие, сэтгэл зүрхээрээ оролцох ёстой юм. Бид анхны хиймэл дагуулаа хөөргөх энэ аянд нэгдэж 50 мянган ам.долларыг өөрсдийн оролцоотой бүтээхийг нийт оюутнуудаасаа хүсэж байна . Дашрамд дурьдахад МУИСОХ, Оюутан конгресс нь шинэчилсэн хөтөлбөрөөр ажиллаж, Оюутан залуусынхаа оролцоог хангаж ажиллах болно гэв.
Ийнхүү Монголын анхны хиймэл дагуул хөөргөх хандивын аянд МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН оюутан залуус идэвхитэй оролцож, анхны хиймэл дагуулаа хөргөх үйлсэд гар бие сэтгэл зүрхээрээ оролцохоо илэрхийллээ.
Та бүхэн Хаан банкин дахь “МУИС-хиймэл дагуул” гэсэн эзэмшигчийн нэртэй 5041392345 тоот дансанд хандив өргөж болно. Хандивтай холбоотой шилэн дансны мэдээллийг эндээс үзнэ үү.
Хиймэл дагуул хөөргөхөд хоёр бүтээн байгуулалт хийх шаардлагатай. Нэгдүгээрт, хиймэл дагуул бүтээх, хоёрдугаарт, газрын станц байрлуулах. Тэдний тооцоолж буйгаар хиймэл дагуул бүтээхэд 100 мянган ам.доллар хэрэгтэй. Үүний тал хувийг нь МУИС-иас гаргах бөгөөд үлдсэн 50 мянган ам.долларыг нь олон нийтийн хандиваар цуглуулж байгаа билээ.
Хиймэл дагуулыг монгол оюутнууд бүтээнэ
Япон Улсын Кюүшү технологийн институти хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг хариуцан ажиллаж байгаа юм байна. Ингэснээр Япон Улсад суралцаж байгаа монгол оюутнууд хиймэл дагуулыг хийх бөгөөд оюутнууд хиймэл дагуул бүтээх ажилдаа аль хэдийн ханцуй шамдан ороод байгаа билээ.
Хиймэл дагуул ямар ач холбогдолтой вэ
NUMSAT-1U хиймэл дагуул нь 400 км өндрөөс 100 метрийн нарийвчлалтай зураг авах, FM437MHz долгионоор мэдээ цацах, хиймэл дагуулын байрлал тодорхойлох, 400 км өндөрт агаарын нягт, сансрын туяаг тодорхойлох, газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ашиглах зэрэг шинжлэх ухаан технологийн олон талт ач холбогдолтой юм. Түүнчлэн, газрын гадаргын өөрчлөлт, ой хээрийн түймэр, байгалийн гамшгийн судалгаанд ч нэн чухал үүрэгтэй.
Манай улсын хиймэл дагуул хөөрч, бүрэн ажиллагаанд орсноор бусад дөрвөн улсын хиймэл дагуултай холбогдож, мэдээллээ солилцож, шинжлэх ухааны туршилтуудыг хийх юм. Цаашид NUMSAT-1U хиймэл дагуулын газрын станцыг МУИС дээр байгуулж, хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, хиймэл дагуулаа удирдах, хянах боломжтой болох аж.