Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) болон Германы Их Сургуулийн захирлуудын зөвлөгөөн (HRK) хамтран “Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дээд боловсролын менежментийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгддэг DIES хөтөлбөрийн хүрээнд МУИС, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хамтран “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор 2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Төслийн үйл ажиллагааны 1 дүгээр дэд зорилтын талаар мэдээлэл авах зорилгоор Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга В.Батцэнгэлтэй уулзаж ярилцлаа.
DIES төслийн 1 дүгээр дэд зорилтын талаар танилцуулна уу?
- Төслийн 1 дүгээр дэд зорилт “Бэнчмаркинг болон үйл ажиллагааны менежмент”-ийн хүрээнд Халлегийн Мартин Лютерийн Их Сургууль, МУИС-ийн үйл ажиллагаанд харьцуулалт хийх хэрэглүүр бий болгох гол зорилго тавьсан. Халлегийн их сургуулийн хувьд төлөвлөлт, тайлагналын нэгдсэн системтэй, оновчтой бүтэцтэй, бусад сургуультай хамтран харьцуулсан дүгнэлт гаргадаг туршлагатай сургууль байгаа. Харин бидний хувьд бүтцээ оновчтой тодорхойлох, төлөвлөлт, тайлагналын систем бий болгох, удирдлагын мэдээллийн системээ хөгжүүлэх шаардлагатай байсан. Тиймээс бид гүйцэтгэлийн шалгуур бий болгох, мэдээллийн системийн агуулгаа өргөжүүлэх, бүтэц, зохион байгуулалтаа оновчтой болгох гэх зэрэг удирдлагын менежментийг сайжруулах ажлуудад анхаарлаа хандуулан ажиллаж байна.
МУИС-д хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?
- За би их товчхон ярихыг хичээе. Юуны түрүүнд бид бодлогоо тогтоож чадсан. Удирдах зөвлөлийн 2015.12.28-ний хурлаар баталсан МУИС-ийн 2011-2024 он хүртэлх Стратеги төлөвлөгөөний дагуу ажлын төлөвлөлтүүдийг хийн ажиллаж байна. Уг төлөвлөгөөгөөр Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг эцэслэн баталсан. DIES төслийн хүрээнд үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн санхүүгийн дэмжлэг байхгүй. Харин бид энэ чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх тодорхой санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор “МУИС-ийн засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” төсөл боловсруулж, 2015.12.01-нээс 2017.03.01-ний хугацаанд БСШУЯ-наас тодорхой санхүүжилт авч хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд МУИС-ийн алба, хэлтсийн бүтцийг шинэчлэн зохион байгуулах, үйл ажиллагааны процесын зураглал хийж, журамжуулахаар судалгаа хийгдэж байна. Удирдлагын мэдээллийн системийн агуулгыг сайжруулах ажлууд хийгдсээр байна. Албан хэрэг хөтлөлтийн цахим програмыг Триком ХХК-аас худалдан авч, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Эрдэм шинжилгээний дэд системүүдийг боловсруулж, хэрэглээнд туршиж эхэлсэн. Хүний нөөцийн дэд системийг байгууллага, хүний нөөцийн менежмент, цалин, ажилтны бүртгэл, албан томилолт сургалт, тайлан, ажилтан сонгон шалгаруулалт, хүний нөөцийн төлөвлөлт гэсэн 8 модулиар хөгжүүлэх ажил явагдаж байна. Санхүүгийн програмыг боловсруулах тендер зарлахаар төлөвлөж байна. Мөн Сургалтын чанарын баталгааг хангах, үйл ажиллагааг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байгаа.
DIES төслийн хүрээнд ХБНГУ-ын Халлегийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
- Бид жил бүр уулзаж, удирдлагын менежментийн асуудал, түүнийг сайржуулах талаар мэдээлэл солилцож, туршлага хуваалцаж ажилласан. 2014.04.24-25-нд Улаанбаатар хотод Халлегийн их сургууль, МУИС-ийн төслийн багийхан анхны уулзалтыг зохион байгуулж, үйл ажиллагааны төлөвлөлт, үнэлгээ, тайлагналтын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон. Дараа нь 2015.04.27-29-нд ХБНГУ-ын Халле хотод уулзаж, төлөвлөлт, тайлагналын туршлагаас суралцаж ярилцсан. Энэ онд манай нэг мэргэжилтэн Ханбатын их сургуульд 1 сарын хугацаатай туршлага судалж байна. Мөн хэдхэн хоногийн дараа МУИС-д уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Эцэст нь энэ удаагийн уулзалт хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгнө үү?
- 2016 оны 5 дугаар сарын 30, 31, 6 дугаар сарын 02-нд МУИС-д уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Эхний өдөр багийн гишүүд өнгөрсөн хугацаанд удирдлагын менежментийг сайржуулах чиглэлээр хийгдсэн үйл ажиллагааны талаар ярилцах бол, 5 дугаар сарын 31-ны 09.00-12.00 цагт МУИС-ийн “Стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт”, “Үйл ажиллагааны процесийн шинжилгээ”-ний талаар ярилцана, 14.00-17.00 цагийн хооронд “Чанарын баталгаажуулалт” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг МУИС-ийн дугуй зааланд зохион байгуулагдана. Энэ нээлттэй хэлэлцүүлэгт багш, ажилтнууд та бүхнийг оролцохыг урьж байна.
Мэдээлэл хүргэсэн танд баярлалаа.