2011 оны 03 дугаар сард МУИС-д Технологи дамжуулах төв (ТДТ) байгуулагдаад 5 жил болжээ. Тус төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах зорилгоор ТДТ-ийн мэргэжилтэн Д-р. Д.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Технологи дамжуулах төвийн үйл ажиллагаа нь юунд чиглэгддэг вэ?
Манай сургууль эрдэм шинжилгээний байгууллага болохын хувьд маш олон тооны оюуны бүтээл, шинэ технологиуд эндээс төрөн гардаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Ер нь бид нэг бол оюуны өмчийг бүтээж байдаг, үгүй бол бусдын бүтээсэн оюуны өмчийг хэрэглэдэг, дамжуулдаг гэдэг утгаараа оюуны өмчийн тухай асуудал нь маш өргөн агуулгатай гэж боддог. Тэгэхээр их сургуулиас төрөн гарч байгаа эдгээр оюуны өмчийг бүтээх, хамгаалах, үнэлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, үр дүнг нь нийгэмд түгээн дэлгэрүүлэх зэрэг оюуны өмчийн менежмент болон технологи дамжуулалтыг зөв зохион байгуулах, үүнд шаардлагатай тодорхой ажлуудыг зохион байгуулах нь бидний үүрэг юм.
Та МУИС-д технологи дамжуулалтын хүрээнд хийгдэж байгаа гол ажлуудын талаар товч танилцуулна уу?
Ер нь инновацийн хөгжлийг хурдасгах, технологийг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэхэд оюуны өмчийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллийг дээшлүүлэх нь чухал. Иймд манай төвөөс энэ жилд оюуны өмчийн асуудлаар системчилсэн цогц мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготой 6 удаагийн цуврал сургалтыг төлөвлөсөн ба үүнээс “Оюуны өмчийн тогтолцоо: Монгол улсад ба олон улсад” , “Шинжлэх ухааны болон бизнесийн салбарт оюуны өмчийн мэдээллийг ашиглах, түүний ач холбогдол” (ДОӨБ-ын TISC, ARDI, ASPI хөтөлбөрүүд), “Аж үйлдвэрийн өмчийн эрхзүйн зохицуулалт” сургалтуудыг тус тус зохион байгуулаад байна. Мөн түүнчлэн “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”-ийн зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийг үнэлэхэд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, бодлогын түвшинд гарах шийдвэрийн үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор “Оюуны өмчийн үнэлгээ нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга зам болох нь” сэдэвт хэлэлцүүлгийг Оюуны өмчийн газар, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институттэй хамтран зохион байгуулсан.
Технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, их сургууль- аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Судалгаа-туршилт-үйлдвэрлэл” хэлэлцүүлэг, Сүү ХК-тай хамтарсан “Технологийн форум”, Монос групптэй хамтарсан “Түншлэлийн хөгжил” хамтын ажиллагааны уулзалтуудыг тус тус зохион байгуулсан.
Монгол Улсын мэдлэгт суурилсан эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, талуудын хөгжлийн бодлого ба стратеги, урт ба дунд хугацааны зорилтуудад тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, сургалтын хүрээнд буюу их сургууль-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монхимо ХХК, Сүү ХК-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг” болон Эрдэнэс Монгол ХХК-тай “Хамтын ажиллагааны ерөнхий гэрээ” тус тус байгуулсан ба энэ хүрээнд хамтарсан төсөл санаачилсан, мөн бусад тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр судлаж байна.
МУИС-ийн хэмжээнд ТДТ-тай холбоотой ямар дүрэм, журам үйлчилдэг вэ?
2011 оны 03 дугаар сард ТДТ байгуулагдсаны дараа хийсэн ажлуудын нэг нь МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого, Технологи дамжуулах журам, МУИС-ийн Барааны тэмдэгт ашиглах журам зэрэг бодлого, зохицуулалтын бичиг баримтуудыг боловсруулж баталсан байгаа. Өнгөрсөн жил МУЗГ-аас “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги”, ”Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам” зэрэг батлагдсан, нөгөө талаас нийгэм, эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлт, технологийн шинэчлэл зэрэг хурдацтай өөрчлөгдөж буй гадаад хүчин зүйлүүдийн нөлөөллийг харгалзан үзэж МУИС-ийн хүрээнд баримтлах дээрх бодлого журмуудыг шинэчлэх ажлыг хийж байна.
Багш, судлаачдын эрдмийн ажлыг дэмжих, оюуны өмч бүтээхийг урамшуулах зорилгоор эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс болон танай төвийн хувьд ямар арга хэмжээ хэрэгжүүлдэг талаар товч танилцуулаач?
ЭШИХ-ээс багш, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэднийг гадаадын мэргэжил нэгт судлаач, профессоруудтай хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх зорилгоор МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд “Профессор, дэд профессорын судалгааны суурь зардал”, “Залуу судлаачдын багийн грант”, “Өндөр түвшний судалгааны төслийн тэтгэлэг”, “Зочин судлаачийн тэтгэлэг”, “Олон улсын судлаачдын хамтарсан төслийн тэтгэлэг” зэрэг зорилтот төслүүдийг зарлаж, хэрэгжилтэд хамтран ажилладаг нь маш үр өгөөжтэй арга хэмжээ болж байна.
ТДТ-ийн хувьд дотоодын болон гадаадын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, багш, судлаачдын хувьд төсөл хөтөлбөрүүдэд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд идэвхи санаачлага гарган ажилладаг ба сүүлийн жилүүдэд МУИС-ийн нэр дээр мэдүүлсэн оюуны өмчийн тоо мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж байна. Мөн түүнчлэн “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”, “МУИС-ийн шилдэг энтрепренёр” шалгаруулж багш, судлаачдын оюуны өмч бүтээх, түүнийг бизнесийн эргэлтэд оруулах идэвхи санаачлагыг урамшуулдаг болсон.
Танай төв дээр хэрэгжиж байгаа төсөлт ажлуудын талаар ярихгүй юу?
2014 оноос хэрэгжүүлж байгаа ХБНГУ-ын Мартин Лютерийн нэрэмжит Халле-Виттенбэргийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуулиудтай хамтран Германы Эрдмийн Солилцооны Албаны (DAAD) санхүүжилтээр “Судалгаа болон технологи дамжуулалт-МУИС-д технологи дамжуулах төв байгуулах” төсөл, 2015 оны 12 дугаар сараас эхлүүлсэн АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр БСШУЯ-наас хэрэгжүүлж байгаа ДБШТ-ийн хүрээнд Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлд “Монгол Улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам” төслүүдийг хэрэгжүүлэх зорилтот дэд төслүүдийн хариуцан ажиллаж байгаа ба “Технологи дамжуулалт ба технологи шингээх чадварыг тодорхойлох судалгаа” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
DIES гэж нэрлэгдээд байгаа “Судалгаа болон технологи дамжуулалт-МУИС-д технологи дамжуулах төв байгуулах” төслийн хэрэгжилт ямар явцтай байгаа вэ?
Манай ТДТ-ийн хувьд тус төслийн дэд зорилт буюу “Инноваци ба технологи дамжуулах төвийг байгуулах, хөгжүүлэх” төслийн хэрэгжилтэд ХБНГУ-ын Мартин Лютерийн нэрэмжит Халле-Виттенбэргийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуулийн инноваци ба технологи дамжуулалтыг хариуцсан албадуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Төслийн хүрээнд эхний ээлжинд дээрх гадны мэргэжилтнүүд манай төвийн үйл ажиллагаанд SWOT шинжилгээг хийсэн ба үүн дээрээ тулгуурлаад цаашид хэрхэн ажиллах талаар санал, зөвлөмжүүдийг боловсруулсан. Дараагийн шатанд тус төслийн бусад дэд зорилтын багийн гишүүдийн хамт Герман болон Солонгост хоёр удаагийн сургалтад хамрагдсан ба инноваци, технологи дамжуулалтын төвүүд, бизнес инкубатор, эрдэм шинжилгээний паркуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өдөр тутмын ажил хэрэг хөтлөлт, бодлогын төлөвлөлт ба хэрэгжилтийн хүрээнд туршлага судалж, бодит судалгаануудыг хийсэн ба үр дүнд нь өөрийн байгууллагад хэрэгжүүлж болох ажлын багцуудыг төлөвлөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.
Энэ төслийн гол онцлог, ач холбогдол нь юу вэ?
Тус төслийн нэг онцлог нь төслийн хүрээнд төлөвлөгдсөн 4 дэд зорилт буюу МУИС-ийн үйл ажиллагааны болон чанарын менежментийг сайжруулах, төгсөлтийн дараах сургуулийг төлөвшүүлэх, инноваци, технологи дамжуулалтын төвийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр төслийн хамтрагч байгууллагуудаас зөвхөн техникийн туслалцаа ба зөвлөгөө өгөөд зогсохгүй тухайн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, тодорхой чиглэлд мэргэшүүлэхэд ихээхэн хувь нэмэр үзүүлж, төслийн хүрээнд нийт 10-аад мэргэжилтэн, судлаачийг урт ба богино хугацааны сургалтад хамруулсан байна.
ТДТ-ийн хувьд дээр ярьсан МУИС-ийн хүрээнд баримтлах оюуны өмч, технологи дамжуулалтын бодлого, журмуудын шинэчлэх ажилд өөрийн сургуулийн багш судлаачдын санал, зөвлөмжийг тусгахаас гадна тус төслийн хамтрагч хоёр сургуулийн инноваци ба технологи дамжуулалтыг хариуцсан албадуудын мэргэжилтнүүд, ДОӨБ-ын зөвлөхүүд зэрэг олон мэргэжлийн хүмүүстэй энэ асуудлаар хэлэлцэж байна.
Удахгүй болох 3 сургуулийн төслийн багуудын нэгдсэн уулзалтаар танай төвөөс ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
Энэ оны 05 дугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ны хооронд тус төслийн удирдлагууд болон багийн гишүүдийн нэгдсэн уулзалтыг МУИС зохион байгуулна. Энэ уулзалтын үеэр манай дэд зорилтын хүрээнд ажлын хэсгийн хамтарсан 4 удаагийн уулзалт, ярилцлага болох ба төгсгөлд нь өмнө хийсэн ажлуудын үр дүнг нэгтгэх, дараагийн ажлыг төлөвлөх нэгдсэн хэлэлцүүлэг зохиогдоно.
Мөн энэ ажлын хүрээнд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 09:00-12:30 цагт, МУИС-ийн 1 дүгээр байрны Дугуй зааланд “Establishment and implementation of a center of innovation and technology transfer” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. Дэлгэрэнгүй мэдээлэллийг https://news.num.edu.mn/?p=35239 хаягаас үзэх боломжтой.
Мэдээлэл хүргэсэн танд баярлалаа.