Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) болон Германы Их Сургуулийн захирлуудын зөвлөгөөн (HRK) хамтран “Dialogue on Innovative Higher Education Strategies” (DIES) хөтөлбөрийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Дээд боловсролын менежментийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцоход чиглэгддэг DIES хөтөлбөрийн хүрээнд МУИС, ХБНГУ-ын Халлегийн Мартин Лютерийн их сургууль, БНСУ-ын Ханбатын их сургуультай хамтран “Research and Technology Transfer – Building up a Technology Transfer Centre at the National University of Mongolia” төслийг 4 дэд зорилттойгоор 2014-2017 оны хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Улмаар өнөөдөр дээрх төслийн хэрэгжилт төслийн үйл явцын талаарх хэлэлцүүлгийг МУИС-д өрнүүллээ. Нэгдүгээр зорилтын хүрээнд МУИС нь “Бэнчмаркинг болон үйл ажиллагааны менежмент”-ийн хүрээнд Халлегийн Мартин Лютерийн Их Сургууль, МУИС-ийн үйл ажиллагаанд харьцуулалт хийх хэрэглүүр бий болгох гол зорилго тавьсан. Улмаар МУИС нь бүтцээ оновчтой тодорхойлох, төлөвлөлт, тайлагналын систем бий болгох, удирдлагын мэдээллийн системээ хөгжүүлэх, гүйцэтгэлийн шалгуур бий болгох, мэдээллийн системийн агуулгаа өргөжүүлэх, бүтэц, зохион байгуулалтаа оновчтой болгох гэх зэрэг удирдлагын менежментийг сайжруулах ажлуудад анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Төслийн дараагийн бүлэг нь Мэдээлэл технологийн чиглэл буюу дэд бүтцийг хөгжүүлэх зорилт юм. Их сургуулийн ихэнх үйл ажиллагаа, үйлчилгээг хөнгөвчлөх, чанаржуулах, найдвартай, ил тод хяналттай болгох асуудал нь тухайн сургуулийн Мэдээллийн технологи (МТ)-ийн дэд бүтцийн хөгжлөөс ихээхэн хамаардаг.
МТ-ийн системүүд, үйлчилгээнүүдийн зорилго нь их сургуулийн удирдлага, оюутан, багш, судлаач, төгсөгч, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг шаардлагатай програм хангамж, системүүд, э-сургалт, мэдээлэл, холбоо харилцааны технологиор дэмжих явдал юм. Уг дэд зорилтын хүрээнд Халлегийн их сургуулийн Мэдээллийн технологийн үйлчилгээний төв (IT service center)-ийн дарга Д-р Frank Wossal, тус төвийн мэдээллийн технологийн администратор Kristina Haase болон МУИС-ийн МТ-ийн албаны мэргэжилтнүүд, мэдээллийн технологийн чиглэлийн багш нар хамтран МУИС-ийн МТ-ийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хоёр удаагийн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, дараах багц асуудлын талаар туршлага судлан мэдээлэл солилцож үйл явцыг танилцуулжээ.
Түүнчлэн төслийн дэд зорилт буюу “Инноваци ба технологи дамжуулах төвийг байгуулах, хөгжүүлэх” төслийн хэрэгжилтэд ХБНГУ-ын Мартин Лютерийн нэрэмжит Халле-Виттенбэргийн Их Сургууль, БНСУ-ын Ханбатын Үндэсний Их Сургуулийн инноваци ба технологи дамжуулалтыг хариуцсан албадуудын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа.
Төслийн хүрээнд эхний ээлжинд дээрх гадны мэргэжилтнүүд манай төвийн үйл ажиллагаанд SWOT шинжилгээг хийх үүн дээр тулгуурлаад цаашид хэрхэн ажиллах талаар санал, зөвлөмжүүдийг боловсруулсан. Дараагийн шатанд тус төслийн бусад дэд зорилтын багийн гишүүдийн хамт Герман болон Солонгост хоёр удаагийн сургалтад хамрагдсан ба инноваци, технологи дамжуулалтын төвүүд, бизнес инкубатор, эрдэм шинжилгээний паркуудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох салбарын мэргэжилтнүүдтэй биечлэн уулзаж, өдөр тутмын ажил хэрэг хөтлөлт, бодлогын төлөвлөлт ба хэрэгжилтийн хүрээнд туршлага судалж, бодит судалгаануудыг хийсэн ба үр дүнд нь өөрийн байгууллагад хэрэгжүүлж болох ажлын багцуудыг төлөвлөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллаж байна.