“Монгол дахь ЦШНИ-ийн өдрүүд” болж байна

Share Button

Дубна хот дахь олон улсын Засгийн газар хоорондын байгууллага – Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) -ийн 60 жилийн ой энэ 2016 онд тохиож байна. Энэхүү  түүхт ойг тус институтийн бүрэн эрхт 18 гишүүн, холбооны (ассоцированный член) гишүүн 6 орон болон хамтын ажиллагаатай бусад улс, байгууллагууд 2015 оноос эхлэн өргөн тэмдэглэж, ЦШНИ-ийн өдрүүдийг зохион байгуулж, үйл ажиллагааг нь сурталчлах, дэлхийд нэрд гарсан эрдэмтдийг нь шагнах, эрдэм шинжилгээний хурал хийх зэрэг олон талт ажлуудыг хийж байна.

Олон талт ажлуудын эхлэл эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн эрдмийн танхимд өнөөдөр боллоо.  Хуралд Г.Манлайжав ЦЭК-ийн нарийн бичгийн дарга, Академич В.А.Матвеев ЦШНИ-ийн захирал, Р.Бат-Эрдэнэ МУИС-ийн захирал болоод зочдын төлөөлөл оролцлоо.

ЦШНИ-ийг 1956 онд анх байгуулагдахаас нь эхлээд бүх үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн, анхны бүрэн эрхт гишүүдийн нэг манай улсад Ерөнхий сайдын дэргэдэх Цөмийн энергийн комиссоос ЦШНИ-ийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг томилон, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа нь энэ юм.

1 2 3 43

Цөмийн шинжилгээний нэгдсэн институт

ЦШНИ, түүний гол үйл ажилагаа

ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ) нь олон улсын Засгийн газар хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм.

ЦШНИ нь 1956 оны 3 дугаар сарын 26-ны тэр үеийн социалист 11 улсын төлөөлөгч хэлэлцээрт гарын үсэг зурсанаар байгуулагдсан бөгөөд 1957 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагад бүртгэгджээ. Одоо Азербайджан, Армян, Беларусь, Болгар, Вьетнам, Гүрж, БНКазУ, БНАСУ, БНКУ, Молдов, Монгол, Польш, ОХУ, Румын, Словак, Узбекистан, Украин, Чех гэсэн 18 улс гишүүн байдаг.

Институт үйл ажиллагаандаа сонирхсон бүх улс орон оролцох, харилцан ашигтай хамтран ажиллахад нээлттэй байх зарчим баримталдаг. Дэлхийн 64 орны 700 гаруй их, дээд сургууль эрдэм шинжилгээний төвтэй олон талт хамтын ажиллагаа явуулдаг. Түүний дотор Унгар, Герман, Египт, Итали, Серб, Өмнөд Африк улсуудтай Засгийн газрын түвшинд хэлэлцээр байгуулан, зорилгот санхүүжилт оруулан идэвхтэй хамтран ажилладаг. Мөн Европын цөмийн судалгааны төв (ЦЕРН) –тэй нягт хамтран ажиллаж, их энергийн физикийн онол, туршлагын 15 том төслийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

ЦШНИ нь материйн фундаментал шинж чанарыг судлахад гишүүн орнуудын идэвх чармайлт, шинжлэх ухааны болон материаллаг нөөцийг нэгтгэх зорилгоор байгуулагдсан бөгөөд эгэл бөөмийн физик, цөмийн физик, конденсацлагдсан орчны физик гэсэн үндсэн гурван чиглэлээр онол, туршалгын судалгаан явуулдаг.

Хүний нөөцийн хувьд: 5000 орчим ажилтантай, үүнээс эрдэм шинжилгээний ажилтан 1200, инженер-техникч 2000 орчим.

Физикийн туршилт хийх рекорд үзүүлэлт бүхий аварга төхөөрөмжүүдтэй: хэт хүнд болон ховор цөмийг синтезлэх зориулалттай хүнд ионы У-400, У-400М хэмээх хурдасгагчууд; нейтроны болон конденсацлагдсан орчны физикийн судалгаа хийхэд зориулагдсан дэлхийд цорын ганц ИБР-2М хэмээх нейтроны импульсэн реактор, ИРЕН төхөөрөмж, релятив цөмийн физикийн судалгаа явуулдаг НУКЛОТРОН гэх мэт. Одоо релятив цөмийн физикийн судалгааг нэн шинэ дээд түвшинд хийх NICA хэмээх хэт дамжуулагчин хурдасгагч барьж байна.

ЦШНИ-ийн эрдэмтэд микро-ертөнцийн олон тооны шинэ үзэгдэл, хууль, зүй тогтолыг нээн илрүүлж, дэлхийн шинжлэх ухаанд оруулсан бодит нээлт, бүтээл арвин байдгаас нэн ойлгомжтой ганц жишээг энд дурдъя. Байгаль дээр устөрөгчөөс уран хүртэл Менделеевийн үелэх системийн 92 химийн элемент байдаг. Түүнээс цааших хэт хүнд элементийг зөвхөн цөмийн синтезлэх урвалаар гарган авдаг. ЦШНИ-ийн эрдэмтэд сүүлийн жилүүдэд 112-118 дугаар элементүүдийг гарган авчээ. Энэ үйл хэрэгт ЦШНИ-ийн байгуулсан гавьяаг Олон улсын цэвэр ба хэрэглээний химийн холбоо өндрөөр үнэлж 105 дугаар элементийг “Дубний” гэж Дубна хотын нэрээр, 114-р элементийг “Флеровий” гэж энэ судалгааг ЦШНИ-д эхлүүлж, олон жил удирдсан эрдэмтний нэрээр нэрлэсэн юм.

Монгол улсын оролцоо

Монгол Улс ЦШНИ-ийг анхлан байгуулалцсан улсын хувьд 1956 оноос эхлэн олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, институтийн бүхий л боломжийг аль болох бүрэн ашиглахын төлөө ажиллаж ирсэн. Жишээлбэл:

  • Өнгөрсөн хугацаанд манай улсаас 100 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ЦШНИ-д урт хугацаагаар томилогдон ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтний (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг хамгаалжээ.
  • Эдгээр хүмүүс цөм, эгэл бөөмийн онол, туршлагын физикээс гадна цацраг идэвхт бодисын хими, материал судлал, цөмийн электроник, компьютер, програмчлал, хэрэглээний математик зэрэг чиглэлээр мэргэшсэн байна.
  • ЦШНИ-ээс Монгол улсад судалгааны лаборатори, суурь төхөөрөмж байгуулах тусламж авсан: 1961 онд ШУА-д их энергийн физикийн лаборатори, 1965, 1978 онуудад МУИС-д ОХУ ба Унгарт үйлдвэрлэсэн нейтроны генератор хэмээх хурдасгагчууд, 1977 онд МУИС-д Минск-22 электрон машин бүхий тооцон бодох лаборатори, 1992 онд электроны цикл хурдасгуур бүхий Микротроны лаборатори байгуулсан.
  • Өнөөдрийн байдлаар манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10-аад байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ийн онолын физик, их энергийн физик, нейтроны физик, радиобиологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцон бодох математик, компьютерийн ухаан зэрэг чиглэлээр 16 сэдэвт судалгааны ажилд оролцож байна. Одоо 9 ажилтан удаан хугацаагаар ажиллаж байгаагийн зэрэгцээ жилд 10 хүртэл хүн 3 сарын, арав гаруй хүн 1-2 долоо хоногийн томилолтоор ЦШНИ-д ажиллаж байна.
  • ЦШНИ-д ажиллаж байгаа Г.Ганболд, О.Чулуунбаатар, Б.Эрдэмчимэг, Монголоос хамтран ажиллаж байгаа Х.Намсрай, Г.Хүүхэнхүү, Ц.Баатар, Д.Сангаа, Т.Жанлав нарын зэрэг судлаачдын бүтээл олон улсын нэр хүндтэй, өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд тогтмол хэвлэгдэж, манай хүмүүс институтийн төв захиргаа, лаборатори, секторын удирдах ажилд томилогдож, аспирант удирдаж ирсэн нь ЦШНИ-тэй хамтран ажилласны ачаар Монголын шинжлэх ухааны түвшин чамгүй өндөр түвшинд хүрсэний жишээ юм.
  • Монгол улс ЦШНИ-ийн гишүүн болж, үйл ажиллагаанпд оролцсоноор уг институтээр дамжин үе үеийн нарийн мэргэшсэн хүний нөөц бэлтгэгдэж, олон улсад нэр хүндтэй эртэмтэд манай улсаас төрөн гарсан, Олон улсын атомын энергийн агентлаг зэрэг байгууллагаас цөмийн технологийг үйлдвэр, аж ахуйд нэвтрүүлэх чиглэлээр үзүүлдэг тусламж, дэмжлэгийг шингээх чадвар буй болсныг тэмдэглэж байна.

ЦШНИ-ийн 60 жилийн ойг тэмдэглэх нь

  • ЦШНИ-ийн 60 жилийн ойг гишүүн орнууд болон засгийн газрын хэлэцээрээр хамтран ажилладаг улс орнууд “ЦШНИ-ийн өдрүүд” зохиох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийх, зуны сургалт явуулах зэрэг хэлбэрээр 2015, 2016 онд тэмдэглэхээр тодорхой төлөвлөгөө гарган ажиллаж байна.
  • ЦШНИ-тэй хамтран ажилладаг манай байгууллагууд “ЦШНИ ба Монгол улс” түүхэн ном бичих, баримтат кино хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчилах, ЦШНИ-ийн эрдэмтдийг Монгол улсын төрийн болон боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шагналд тодорхойлох зэрэг ажил төлөвлөөд ажиллаж байна.
  • ЦШНИ-ийн 60 жилийн ойг Монгол улсад өндөр ач холбогдол өгч тэмдэглэх нь 60 жилийн хамтын ажиллагааг дүгнэх, цаашдын хамтын ажиллагаагаа шүүн хэлэлцэх, өндөр түвшний хүний нөөцийг үргэлжлүүлэн бэлтгэх, цөмийн дэвшилтэт технологийг эх орныхоо нийгэм, эдийн засгийн салбаруудад нэвтрүүлэн нутагшуулахад шат ахьсан дэвшил гаргах нөхцөл болно гэж үзэж байна.

ЦӨМИЙН ФИЗИКИЙН СУДАЛГААНЫ ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар