МТА: Cерверийн хүчин чадал, интернетийн урсгалыг нэмэгдүүлж ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ
SISi мэдээллийн систем нь МУИС-ийн сургалт, удирдлага, зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааг хөнгөвчлөх, чанаржуулах, шуурхай, найдвартай, ил тод, хяналттай болгох зорилготой вэб-д суурилсан сургалтын мэдээллийн систем юм. Энэхүү системийг МУИС-ийн багш ажилтан, оюутан болон удирдлагууд үйл ажиллагаандаа ашигладаг, тухайн систем нь МУИС-ийн хүрээнд хэрэглэгддэг дэд системүүд болон бусад гадны системүүдтэй хамтарч ажилладаг. SISi мэдээллийн системийн үйл ажиллагааны үндсэн нэг хэсэг нь оюутны элсэлтээс төгсөлт хүртэлх сургалтын бүхий л үйл ажиллагаанд мэдээллийн технологиор дэмжих, оюутны хичээл сонгон баталгаажуулах үйл ажиллагаа юм.
2016-2017 хичээлийн жилийн хаврын улирлын хичээл баталгаажуулалт 2017 оны 1 сарын 26-ны өдрийн 11 цагт эхэлсэн боловч серверийн ачаалал ихсэж баталгаажуулалтын модулийн хариу өгөх хугацаа удааширсаны улмаас хичээл баталгаажуулалтын үйл ажиллагааг түр хойш тавьж шаардлагатай арга хэмжээг авч 2017 оны 1 сарын 27-ны өдрийн 13 цагаас хичээл баталгаажуулалтыг нээж хэвийн ажиллагаанд оруулсан.
МТА-аас хичээл сонголтын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс намрын улирлаас үе шаттай ажлыг хийж үйлдлийн систем, вэб сервер, баазын шинэчлэл хийж хийсвэр ачаалал үүсгэн хэвийн ажиллагааг шалган туршсан. Хичээл баталгаажуулалтын үйл ажиллагаатай хамааралтай доорх 4 цөм тооцооллын үйл ажиллагаа оюутан болон сонгосон хичээл бүрээр хийгдэг. Үүнд:
- Суралцагчийн төлөвлөгөөний биелэлтийг тооцох
- Төлөвлөгөөний судлах хичээлийн уялдаа болон бусад нөхцөлийг шалгаж судлах боломжтой боломжгүйг тодорхойлох, хуваарь тавигдсан эсэх, хичээлд санал өгсөн эсэхийг тооцох
- Хичээлийн хуваарь сонгох, бүх оролтын өмнөх сонгосон хичээлийн хуваарьтай давхцаж буй эсэх, анги дүүрсэн эсэхийг шалгах
- Төлбөр тооцох, төлөх үйл ажиллагаа
Дээрх 4 тооцооллын хурднаас хэрэглэгчдэд хариу өгөх хугацаа хамаардаг. Туршилтын хугацаанд хийсвэрээр нэг агшинд 2500-4000 (өмнөх улирлын хэт ачааллын үеийн хэрэглэгчийн тоо) хэрэглэгч хандаж байхаар үүсгэн туршиж үзэхэд хариу өгөх хугацаа хамгийн ихдээ 20 секунд байсан. Гэвч хичээл сонголт эхэлж бодит ачаалал үүсэх үед нэг агшинд хандах хэрэглэгчийн тоо 5500 хүрч хариу өгөх хугацаа 2 минут хүртэл удааширч техникийн хүндрэл үүсдэг.
Вэб серверт ирэх өндөр ачааллыг бууруулах зорилгоор тухайн үед ашиглагдаагүй байсан бусад серверүүдийн үйл ажиллагааг түр зогсоож нэмэлт вэб серверийг үүсгэж хичээл баталгаажуулалттай хамааралтай дээрх 4 модулийг тусад нь байрлуулж улмаар хамаарах тохиргоонуудыг хийж 2017 оны 01 сарын 27-ны өдрийн 13 цагт хичээл баталгаажуулалтыг нээсэн ба тухай үед нэг агшинд хандах хэрэглэгчийн тоо 7990 хүрч, нэг хэрэглэгчид хариу өгөх хугацаа 10 секундээс 60 секундийн хооронд хэлбэлзэж 14 цаг 30 минутаас хойш хариу өгөх хугацаа хэвийн горимд шилжүүлэн ажилласан.
МТА нь цаашид:
- Cерверийн хүчин чадал, интернетийн урсгалыг нэмэгдүүлж ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх.
- Хичээл баталгаажуулалтад шууд нөлөө үзүүлдэг хичээл, хөтөлбөр, хичээлийн хуваарийг сургалтын алба хамаарах нэгжүүд цаг хугацаанд бүрэн хийж дуусгаж байх.
- Төлөвлөгөөт ажлын хугацаанд системийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц өөрчлөлтийг үе шаттайгаар систем нэвтрүүлэх боломжоор хангах.
- Ерөнхий суурь хичээлийн хуваарийг тогтмол болгох, хичээл баталгаажуулалтыг түвшингээр хуваан явуулах боломжыг судална.
ТҮЦ машины үйл ажиллагаа нэвтэрснээс хойш 11000 орчим ялгаатай хэрэглэгч 41000 үйлчилгээ авчээ
Оюутанд үйлчлэх автомат 5 машиныг мэдээллийн системд холбож үйлчилгээнд 2015 оноос хэрэглээнд нэвтрүүлсэн. ТҮЦ машины програм хангамж, техник хангамжийн засвар үйлчилгээ Мэдээллийн технологийн алба, ТҮЦ-ийн хор болон цаасны хангамжыг Сургалтын нэгдсэн алба, ТҮЦ-ийн эд хариуцагчаар тухай байрны зохион байгуулагч хариуцан хяналт тавьж байхаар журамлаж хариуцан ажиллаж ирсэн. ТҮЦ машины үйл ажиллагаа нэвтэрснээс хойш 11000 орчим ялгаатай хэрэглэгч 41000 үйлчилгээ авсан байна.
Зураг 1. Хэрэглээнд нэвтэрснээс хойш үйлчилгээ авсан тоо графикаар харуулав.
ТҮЦ ашиглан үйлчилгээ авч байгаа хэрэглэгчид нэвтрэх нууц үгээ оруулахдаа монгол, англи гарын драйвераа буруу сонгох, картын буруу талаар уншуулах, хэвлэх төхөөрөмж хэт хөрснөөс болж хэвлэх үйлдлээ хийхдээ удаашралтай байдаг үүнийг хүлээхгүйгээр шууд орхин явж үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдол гарч байна.
Хэрэглэгчид үйлчилгээ авахаас гадна тухай төхөөрөмжийн хэвийн ажиллагааг алдагдуулах дараах үйлдлийг удаа дараа гаргаж байна. Үүнд:
- Хэвлэх төхөөрөмжийн цаас өргөгчийг унагаах;
- Карт уншигчдад зориулалтын бус карт уншуулж гацаах;
- Төхөөрөмжийг цахилгааны салгах;
- Сүлжээний залгуурыг салгах, таслах;
- Мэдрэгч дэлгэцийг буруу ашиглах;
Иймд үйлчилгээ авч байгаа суралцагчид ТҮЦ машины үйл ажиллагаа алдагдуулах үйлдэл гаргахгүй байж зөв зохистой хэрэглэх шаардлагатай байна. ТҮЦ машины хэвийн ажиллагаа хурдан шуурхай хангаж байх үүднээс хангамж, хэвийн ажиллах орчны үйл ажиллагаа бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд хариуцах ажиллаж байхаар өөрчиллөө.
Интернетийн хурд, утасгүй сүлжээний төвлөрсөн орчинг бий болгоно
Интернетийн урсгалыг нийлүүлэгч байгууллагаас тодорхой гэрээний дагуу интернетийн бөөний урсгал авдаг. МУИС нийтдээ 2011 онд 80Мbps Интернетийн урсгал ашиглаж байсан 2013 , 2015 онд интернетийн хурдыг нэмэгдүүлэх нэгжийн үнийг бууруулах үйл ажиллагаа хийгдэж 2016 оны байдлаар интернетийн хурд 158Mbps болж тухайн жилд интернетийн урсгалын төлбөрт 174’432’000 төгрөгийг зарцуулсан. Интернетийн бөөний урсгалыг бүрэлдэхүүн сургууль хичээл байр, оюутны дотуур байруудад батлагдсан төсвийн хүрээнд хуваарилдаг.
Тухайн хичээл байр, оюутны дотуур байруудад ашиглах утастай, утасгүй сүлжээний хурд хуваарилагдсан урсгалаар интернетийг ашигладаг бөгөөд МУИС-ийн оюутнууд утасгүй сүлжээ ашиглан хичээлийн байр, оюутны байранд утасгүй сүлжээг нэмэлт төлбөргүйгээр ашиглаж байна. Утасгүй сүлжээний төхөөрөмжийн нэвтрүүлэх чадлын хэмжээ Монгол улсад мөрдөж байгаа Радио давтамжийн хуулиар зохицуулдаг. Утасгүй сүлжээний төхөөрөмжийн техникийн хүчин чадал, орчны нөлөө, хүлээн авах чадвараас хамаарч утасгүй сүлжээнд нэвтрэх хэрэглэгчийн тоо хязгаарлагдаг. Иймд тухайн хичээл болон дотуур байрны тодорхой орчныг утасгүй сүлжээний төвлөрсөн орчин болгон өөрчлөхөөр төлөвлөж байна.
Монгол улсын их сургуулийн 2016-2024 оны хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй уялдуулж мэдээллийн технологийн талаар баримтлах бодлогын баримт бичиг шинэчлэн гаргасан. Тухай баримт бичигт олон улсын стандарт нийцсэн серверийн орчны бүрдүүлж, серверийн чадал, интернетийн урсгалын үе шаттай нэмэгдүүлэх, олон улсын интернетийн давхар гарцтай болох зорилтыг тусган ажиллаж байна.
МУИС мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн сайжруулах, сүлжээг өргөтгөх чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 178’024’600 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Тухай хөрөнгө оруулалтын хөрөнгө оруулалт хийсэн он, чиглэлээр задалбал:
- 2014 онд тухай чиглэлээр 45’383’100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс томоохон хөрөнгө оруулалт болох дотуур байрны утастай сүлжээний техник тоног төхөөрөмжид 30’103’000 төгрөг зарцуулагдсан байна.
- 2015 онд тухай чиглэлээр 107’121’400 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс томоохон хөрөнгө оруулалт болох серверийн чадлыг нэмэгдүүлэхэд 63’607’500 төгрөг, сүлжээний гарцын төхөөрөмжийг шинэчлэхэд 29’700’000 төгрөг зарцуулагдсан байна.
- 2016 онд тухай чиглэлээр 25’520’100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнээс томоохон хөрөнгө оруулалт болох серверийн өрөөний хөргөлтийн системийг шинэчлэх, сүлжээ зангилааны төхөөрөмжүүдэд тог баригч тавихад 10’998’700 төгрөг зарцуулагдсан байна.
Мэдээллийн технологийн алба