Монголын ашигт малтмалын газарзүйн байршлыг хэн сайн мэдэх вэ? ном хэвлэгдэн гарлаа

Share Button

XXI зуунд хүн амын тоо өсөн нэмэгдэж, технологийн дэвшил харьцангуй шинэ түвшинд хүрчээ. Технологийн дэвшил нэмэгдэхийн хирээр ашигт малтмалын эрэл хайгуулын ажилд ч дэвшил гарсан нь дамжиггүй. XX зууны дунд үеэс Монгол орны хэмжээнд их нөөцтэй эрдэс баялгийн ордуудыг нээн илрүүлж эрчимтэйгээр олборлох үйл явц идэвхжиж ирсэн байна.  Дасгал, дадлага ажлын уг номонд гадаадын болон Монголын геологич эрдэмтдийн нээн илрүүлсэн томоохон ашигт малтмалын сав, дүүрэг, зангилаа, орд, илрэлүүдийг газарзүйн зурагт тэмдэглэж ЕБС-ийн газарзүйн багш, сурагчид болон их сургуулийн газарзүй, геологийн чиглэлийн багш, оюутнууд болон сонирхсон хэн бүхэнд зориулан түүнийг танин мэдэх, ашиглах, зөв ойлгох, газарзүйн байршлыг нь мэдэх, түүний хэмжээ, хамрах хүрээ зэрэг ерөнхий мэдлэгийг өгөх, түүнийгээ сорих, бататгахад туслах үүднээс туурвисан бүтээл юм.

Энэхүү бүтээл нь үндсэн 5 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт чулуулгийн гарал үүслээр нь ангилж түүний харагдах хэлбэр, өнгө дүрсийг ажиглан танин мэдэх, тогтоох, практикт ашиглах боломжийг эрэлхийлэв. Мөн энэхүү номонд багтсан голлох ашигт малтмал, эрдсүүдийг танин мэдэх дасгал энэ хэсэгт багтсан байна. Монгол оронд одоогоор тогтоогдоод буй метал, метал бус болон шатах ашигт малтмалын сав, дүүрэг, зангилаа, орд, илрэлүүдийн газарзүйн байршлыг тэмдэглэв. Зөвхөн ашигт малтмалын байршлыг тогтоолгох гэхээсээ илүү тэрхүү ашигт малтмалын гарал үүслийн тодорхойлолт, шинж чанарын үзүүлэлт, практик хэрэглээнд юунд голчлон ашигладаг болохыг товч дурьдаж тодорхойлолтуудыг өгсөн  нь сонирхсон хэн бүхэнд ихээхэн ач холбогдолтой билээ. Сүүлийн хэсэгт ашигт малтмалтай холбоотой орчин үеийн олон улсын болон Монгол улсын албан ёсны эх сурвалжуудыг ашиглаж зохиосон сонирхолтой тест, дасгал ажлуудыг багтаасан нь шинэлэг юм.

Энэхүү дасгал, дадлага ажлын номонд багтсан даалгаврууд нь зөвхөн мэдлэгээ шалгах бус шинээр мэдээлэл, мэдлэг олж түүнийгээ боловсруулах, ашиглахад чиглэгдсэн болохыг энэ дашрамд тэмдэглэе. Дасгал, Дадлага ажлуудад хариулахын тулд ашигласан материалын жагсаалтанд бичигдсэн ном, эх сурвалжуудыг уншиж судлах нь зүйтэй. Даалгаварт хариулахын тулд зөвхөн зөв хувилбарыг таах бус, өмнө сурч мэдсэнээ бататгах ач холбогдолтой билээ.

Энэхүү бүтээлийг хянан тохиолдуулсан МУИС-ийн Геологи-Геофизикийн тэнхимийн ахлах багш Х.Уламбадрах, З.Ганбаатар, эхний бүлэгт эрдэс, чулуулгийн ангилал, нэршил хэсэгт зөвлөгөө өгч тусалсан Геологи-Геофизикийн тэнхимийн ахлах багш Д.Нансалмаа, Мэргэжлийн суурь зургууд, номын хавтасны эх бэлтгэн тусалсан ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ЭША Э.Одбаатар, Г.Цогт-Эрдэнэ болон номын хэвлэлтэнд дэмжлэг үзүүлсэн МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын захиргаа, МУИС-ийн хэвлэх үйлдвэрийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

Уг номыг худалдан авахыг хүсвэл спортын төв ордны замын эсрэг талд Интер номын дэлгүүр, Аз хур номын дэлгүүр, Монгол шуудангийн захиалгат цэгүүд болон 89391595, 99828182 утсаар холбогдон авч болно. Номын үнэ: 13000 төгрөг, 10 ба түүнээс дээш тоогоор захиалан авбал 10000 төгрөгөөр худалдаалж байна.

“Номын цагаан буян арвижин дэлгэрч аадар мэт тань дээр асгаран буух болтугай”

Зохиогчид.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар