МУИС-д УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд ажиллалаа

Share Button

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар өчигдөр МУИС-д ажиллалаа. МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, Удирдах зөвлөлийн төлөөллүүд энэ үеэр байлцаж, сургуульд шийдлээ хүлээсэн асуудлын талаар санал солилцлоо.

УИХ-ын гишүүн А.Ундраа уулзалтын эхэнд, Манай байнгын хорооноос дээд боловсролын хуулийн хэрэгжилт, дээд боловсролын салбарт төрөөс баримтлах бодлого, дээд боловсролын санхүүжилт, багш, ажиллагчид, суралцагчдын нийгмийн асуудал, сургалтын чанар, боловсон хүчин бэлтгэх бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа зэрэг асуудал ямар түвшинд байна.

Мөн сургалтаас судалгааны их сургууль болох үйл явц ямар шатандаа байна, энэ чиглэлээр шийдвэрлэх ямар асуудал байгаа талаар судлах зорилготой ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь миний бие ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Цогзолмаа, Н.Номтойбаяр. Н.Саранчимэг нарын гишүүн ажлын хэсэгт багтсан. Бидний эхний зорилго бол УИХ-ын тогтоол гаргаж, дээд боловсролын салбарт хийх шаардлагатай ажлын чиглэлийг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг нь хянаж ажиллана. Тогтоолын төсөл боловсруулах шатандаа явна гэж онцлов.

МУИС-ийн захирал доктор Я.Төмөрбаатар: МУИС-д 2014 онд бүтцийн шинэчлэл хийж, бүрэлдэхүүний тав, салбар хоёр сургуультай болсон. 1522 багш, ажилтантай, 17953 оюутан бакалавр, 3186 оюутан магистр, 1029 доктор оюутан, 312 гадаад оюутан суралцаж байна. Одоогоор МУИС-д 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 240 төсөл хэрэгждэг. 2015-2016 онд МУИС-д нийт орлого 46.4 тэрбум төгрөг,  үүний 37 тэрбум төгрөг буюу 89.7 хувь нь сургалтын төлбөрийн орлого нийт зардлын 52.6 хувь нь цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагддаг. Төрийн өмчийн бусад их сургуультай харьцуулахад МУИС-ийн сургалтын төлбөр харьцангуй бага байгаа цаашид зохицуулалт хийх шаардлага бий гэдгийг энэ үеэр онцлоод МУИС-ийг тусгай статустай болгож, эрдэмтэн багш нарын оюуны чадамжид тулгуурлан бодлогын судалгааг МУИС-д төвлөрүүлж, улс орны хэмжээнд томоохон судалгаа явуулж, бодлого боловсруулахад хамтран ажиллахыг хүссэн юм.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилт, сургуулийн бодит байдалтай танилцсанаар боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гарган, цаашид анхаарах асуудлаар төсөл боловсруулж байнгын хорооны хуралдаанд танилцуулах аж.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар