Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болсноо зарлан тунхагласны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа тул МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль Цэнхэр Сүлд ТББ-тай хамтран энэ 5 сарын 2-нд “Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарласны 25 жил: үр дүн, цаашид тавих зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийв. Уг хуралд асуудлыг урагшлуулахад оролцож байсан хүмүүсээс гадна залуу үеийн эрдэмтэд, судлаачид оролцож хүрсэн үр дүн, цаашид тавих зорилт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй таван гүрэн (Р5)-ын (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц) баталгааг эрхзүйн үндэстэй бологох арга зам зэрэг асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд оролцож үг хэлэхдээ тус улсыг цөмийн зэвсэггүй бүс болгож буйг албан ёсоор зарлан тунхаглаж, түүнийгээ олон улсын хэмжээнд баталгаажуулах талаар ажиллах болохоо мэдэгдсэн байдаг. Ийнхүү тунхагласан нь урьд өмнө гадаад аюулгүй байдлаа нэг гүрэнд даатгаж ирсэн Монгол улсын хувьд өөрийн аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар бэхжүүлэх тухай мэдэгдсэн нь шинэ Монголын бие даасан, язгуур ашиг сонирхлоо дэмжсэн гадаад бодлогын нь анхны нэг тодорхой алхам байсан.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй таван гүрэн (Р5) Монголын энэхүү мэдэгдлийг нэг улс дангаараа цөмийн зэвсэггүй бүс байгуулах нь олон улсын харилцаанд урьд өмнө гарч байгаагүй тохиолдол бөгөөд их гүрнүүдийн стратегийн тооцоог алдагдуулж болзошгүй хэмээн үзэж болгоомжилсон хандлагатай байсан. Монгол Улс уг асуудлаар Р5-тай удаа дараа яриа хэлэлцээ хийсний дүнд тэд олон улсын харилцаанд тийм практик тогттол Монгол Улсыг “цөмийн зэвсгээс ангид статус”-тай улс хэмээн хүлээн зөвшөөрч түүнд зохих баталгааг гаргаж өгч болох юм гэж монголын талтай тохирсон байна. Улс төрийн тэрхүү тохиролцоог үндэслэн 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус” хэмээх тогтоолыг баталсан.
Тэрхүү тогтоол Монгол Улсын санаачилгыг сайшаан дэмсэний зэрэгцээ “тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал, бие даасан гадаад бодлог”-оо бататган бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авахад нь Монгол Улстай хамтарч ажиллахыг Р5-ыг оролцуулан нийт гишүүн орнуудад, мөн НҮБ-ын холбогдох байгууллагуудад уриалж, тогтоолын хэрэгжилтийг гаргаж илтгэхийг НҮБ-ын ЕНБД-аас хүссэн байна. 2000 оноос хойш Ерөхний Ассамблей уг асуудлыг хоёр жил тутам ЕНБД-ын илтгэлийн үндэслэн хэлэлцэж тогтоол гаргадаг болсон.
Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа үндэсний хэмжээнд тодорхойлох үүднээс 2000 оны 2 сард “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хууль гаргаж мөрдөж байна. Монгол Улсын статустай холбогдуулж Р5 цөмийн зэвсэгтэй гүрнүүдийнхээ хувьд 2000 оны 10 сард хамтарсан мэдэгдэл гаргаж тус улсын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэхгүй, сүр далайлгахгүй гэсэн улс төрийн баталгаа гаргасан. Монгол Улс тэрхүү баталгааны агуулгыг бодит байдалд нийцээгүй, мөн хэлбэрийг хангалтгүй гэж үзэж яриа хэлэлцээг үргэлжлүүлж улмаар талууд 2012 онд паралель тунхаглал гаргаж тэр тухайгаа дэлхийд зарлан мэдэгдэв. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид статусаа тодорхойлсон тунхаглал гаргасны хариуд Р5 гаргасан хамтарсан тунхаглалдаа тус улсын цөмийн зэвсгээс ангид статусыг хүлээн зөвшөөрснөө нотлохын дээр тэрхүү статусыг зөрчих аливаа үйлдэлд дөхөм үзүүлэхгүй байхаа амласан. Тэгснээр Р5 Монгол Улсыг цөмийн зэвсгээр хөөцөлдөх ямар нэгэн ажиллагаанд, түүний дотор пуужингийн довтолгооноос хамгаалах системийн буюу түүнийг эсэргүйцсэн системийн эд ангийг Монголд байрлуулахгүй гэсэн амлалт өгсөн гэж ойлгож болно. Цаашид Монгол Улс тэрхүү хамтарсан тунхаглалын үзэл санааг эрхзүйн үндэстэй баталгаа болгох ажил үлдээд байна.