МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (IMRI) хөтөлбөр, Олон Улсын Валютын Сан (ОУВС) хамтран UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 12 дахь цуврал хэлэлцүүлгийг “ОУВС-ийн Ази болон Номхон далайн бүс нутаг дах эдийн засгийн хандлага” дэд сэдвийн хүрээнд 2017 оны 05 сарын 16-ны өдөр МУИС дээр амжилттай зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгч Профессор Доктор Ранил Салгадо нь ОУВС-ын Ази номхон далайн улс орнуудын бүс нутгийн хяналт, шинэчлэлт, байгууллагын стратегийг хэрэгжүүлэх хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой “Ази номхон далайн бүсийн судалгааны салбар”-ын дэд захирлын ажлыг эрхэлдэг. Проф. Др. Салгадо ОУВС-д 20 гаруй жилийн турш ажиллахдаа Маршаллын арал, Мьянмар, Непал улсуудад төлөөлөгчийн газрын тэргүүн, Сингапурт ОУВС-н суурин төлөөлөгчөөр томилогдож байснаас гадна Австрали, Канад, Доминик, Энэтхэг, Малайз, Шинэ Зеланд, АНУ зэрэг улс орнуудад ОУВС-н төлөөлөгчдийн нэгээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр дэлхийн эдийн засгийн хандлага болон олон талт хяналтын үйл ажиллагааны судалгааны хэлтэст ажиллаж байсан бөгөөд Стратеги, Бодлого, хяналтын хэлтэст ажиллаж байхдаа ОУВС-н дэмжлэгтэй төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгийн урсгал, хяналт болон ажил эрхлэлт, өсөлт, хүртээмжийн талаарх ОУВС-н бодлого зэргийн талаар арвин туршлага хуримтлуулсан судлаач юм.
UB IMPULSE 12 цуврал хэлэлцүүлгийг ХБНГУ-ын элчин сайд Штефан Дуппел, ОУВС-н Монгол дах суурин төлөөлөгч Нэйл Сакер, МУИС-н захирал Проф. Др. Я.Төмөрбаатар нар нээж үг хэлэн, модератороор ДеФакто судалгааны институтийн захирал Д.Жаргалсайхан, МУИС болон бусад их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, төрийн, бизнесийн, олон улсын болон төрийн бус байгууллагын 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
UB IMPULSE чанартай өсөлт, экспертийн ярилцлагын гол зорилго нь ОУ-н түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, туршлагаас хуваалцах өргөн боломжийг нээж өгдгөөрөө ач холбогдолтой арга хэмжээ юм. 2013 оноос эхэлсэн өмнөх хэлэлцүүлгүүдийг “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?”, “Уул уурхайн салбар дахь авилгалын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авилгалтай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага”, “Инновацид ээлтэй бүтцийг хөгжүүлэх: их дээд сургуулиуд, бизнесийн төрийн байгууллагуудын үүрэг роль, тулгамдаж буй асуудлууд” “Нийгмийн итгэлцэл – нийгэм, эдийн засгийн хөгжилд хамаарах нөлөө”, “Чөлөөтэй сэтгэж, санаачлах нь: хэрхэн амжилттай бизнес эрхлэх вэ?”, “Улс үндэстний уналт доройтлын шалтгаан: эрх мэдэл, хөгжил цэцэглэлт, ядуурал”, “Компанийн Засаглал – Сайн засаглалын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд ба ирээдүйн асуудлууд” сэдвүүдээр амжилттай зохион байгуулсан байна.
МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль