Монголын анхны хиймэл дагуул “Мазаалай” 2017 оны 06 дугаар сарын 04-ны өглөө /Улаанбаатарын цагаар/ 05:50 минутад АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн” Falcon 9” пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон Улсын Сансрын станцруу хөөрнө.
Энэ өдөр манай улсаас гадна Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг орны хиймэл дагуулууд Драгон-1 тээвэрлэгч сансрын хөлгөөр ээлжил хангамж ачааны хамт Олон Улсын Сансрын Станцид хүргэгдэн очих юм. Тэндээсээ Японы Кибо робот гарын ашиглан задгай сансарт шидэгдэх үйл ажиллагаа явагдах бөгөөд ээлжит хангамж ачаа очсоны дараа хэзээ задгай сансарт гарч ажиллаж эхлэх нь тодорхой болох юм.
Монголчууд та бүхэн залуу эрдэмтдийн бүтээсэн Мазаалай хиймэл дагуул хөөргөх түүхэн үйл явцаа дараах холбоосоор шууд үзэх боломжтой.
Хиймэл дагуул нь дараах 6 төрлийн онцлог, зорилготой ажиллана.
- Эх орныхоо зургийг сансараас авч илгээх.
Хиймэл дагуулд байрлах өндөр нягтаршилтай камерыг ашиглан дэлхийн болон эх орныхоо зургийг сансараас хэсэгчлэн авч илгээх.
- Хиймэл дагуулаас радио долгионоор дуу цацах.
437MHz давтамжтай радио долгионоор Монгол Улсын Төрийн Дуулал ( өөр дуу байж болно) сансраас цацах. Сонирхогчдын газрын станц болон гар хийцийн жижиг хүлээн авагчаар хүлээн авч сонсох боломжтой. Мөн газрын станцаас дууг хиймэл дагуулруу илгээж түүнийг сонсох боломжтой (дуу зохиогчийн эрхийн зөрчилгүй байх).
- Хиймэл дагуулын байрлал тодорхойлох.
Хиймэл дагуулаас цацаж буй радио долгионыг орон бүрт орших газрын станцууд дээр хүлээж авсан сигналын хугацааны зөрүүгээр хиймэл дагуулын байрлалыг нарийвчлал өндөртэй тодорхойлох.
- 400км өндөр дахь агаарын нягтыг тодорхойлох.
400км өндөр дахь сансрын орчинд агаар хэдийгээр маш сийрэг байдаг ч гэсэн тэрхүү агаарын үрэлтийн улмаас хиймэл дагуулын хурд удааширч, өндрөө алдаж эхэлдэг. Хиймэл дагуулын байрлалыг тодорхойлох замаар уг өндөр дахь агаарын нягтыг тодорхойлох юм.
- Single Event Latch-Up үзэгдлийг судлах.
Электроникийн хагас дамжуулагч төхөөрөмжүүд сансрын орчны өндөр энергит бөөмийн цацрагаас болж ажиллах нас багасаж эвдрэл үүсдэг. Хагас дамжуулагч элемент дотор үүсэх “Single Event latch-up” хэмээх энэ үзэгдлийн давтамжийг хиймэл дагуулын орбитын байрлалаас хамааруулан бүртгэх.
- Хиймэл дагуулын газрын станцуудыг олон улсын сүлжээ болгон ажиллуулах.
Монгол, Япон, Тайланд, Тайвань, Гана, Нигери, Бангладеш зэрэг орнуудын газрын станцыг интернетийн сүлжээгээр холбон хиймэл дагуулыг дэлхийн нөгөө хагасаас удирдах боломжтой гарзын станцын сүлжээ бий болгон ажиллуулах.