Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “MТИ-Монгол Улс Үүсгэл” төслийн нэг үйл ажиллагаа болох “Хотжилтын семинар” 2017 оны 4 дүгээр сарын 25-28 өдрүүдэд АНУ-ын Бостон хотноо Массечусеттсын Технологийн Институт (MIT)-д зохион байгуулагдлаа. Тус семинарт Монголын талаас МУИС, ШУТИС, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын төлөөлөгчид оролцоод ирлээ.
Семинарт оролцсон төлөөлөгчид, дээд эгнээ зүүн талаас: Ц. Тулга УБ хотын Ерөнхий төлөвлөгөөний газар, Т. Чулуун МУИС-ийн Тогтвортой Хөгжлийн Хүрээлэн, М.Ватанабэ Япон улсын Чүо Их Сургууль, Г. Амарсанаа МУИС-ийн ХШУИС, Б. Цэрэгмаа ШУТИС-ийн БАТС, З. Энхмөнх “MIT-Монгол Улс Үүсгэл” төслийн зохицуулагч, Г. Үүрдмандах МУИС Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв, Г. Гантулга МУИС-ийн ШУС, Доод эгнээ зүүн талаас: Юү-Хүн Хон STL CREE MIT, Ч. Баасандаш ШУТИС, Бэрнд Виддиг MIT, Б. Мандухай MITАнтропологи, Э.Пүрэв-эрдэнэ ШУТИС–ийн БАС.
Тус хуралдаанд МУИС-иас Тогтвортой Хөгжлийн Хүрээлэнгийн захирал Т. Чулуун, ШУС-ийн багш Г. Гантулга нар “Sustainable Regional and Urban Planning”, МУИС-ийн хүндэт доктор, Япон улсын Чуо их сургуулийн профессор Масатака Ватанабе “Climate Change and Environmental Issues in Mongolia”, ХШУИС-ийн багш Г. Амарсанаа “Smart Ulaanbaatar: Solving Problems in Public Transportation by Using Data Analytics”, Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төвийн менежер Г. Үүрдмандах “Economic competitiveness of Ulaanbaatar” сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Хуралдаанд нийт 14 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд Монголын талын илтгэгчид бүс нутгийн хөгжил, Улаанбаатар хотод тулгарч буй асуудлууд, шинээр хэрэгжүүлсэн инновацид суурилсан зарим төслүүдийн үр дүн болон хүлээгдэж байгаа судалгаа, бодлого, сорилтыг танилцуулсан бол MIT-ийн талаас Хот судлал, төлөвлөлтийн тэнхим (DUSP MIT), Самүэл Так Лийн нэрэмжит Үл хөдлөх хөрөнгийн Энтрепренершип Лаборатори (MIT Samuel Tak Lee Center for Real Estate Entrepreneurship)-иос эрдэмтэд, судлаачид оролцож хотжилт, барилгын зах зээлийн системийн динамик шинжилгээ, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, шинэ технологийн хэрэглээ, манай хөрш орнуудад хийгдсэн хотжилтын судалгааг танилцуулав.
MIT сургуулийн антропологийн профессор Б. Мандухай “Барилгажилт, эдийн засгийн анги ба соёлын өв: Хотын амьдралын талаар дэлхийн хотуудын эмпирик судалгаа бидэнд юуг сургаж байна вэ” сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна Бостон хот, MIT дахь амьдрал, соёл, эрдэм судлалын талаар бидэнд үнэтэй зөвөлгөө өгч байлаа. Мөн Харвардын их сургуулийн анагаахын профессор Д. Ганмаа, хөгжлийн эдийн засгийн магистрант Б. Дөлгөөн, MIT-ийн компютерийн ухааны оюутан М. Төгсбаясгалан зэрэг монголчууд хэлэлцүүлэг, арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирж санал бодлоо солилцож байсан нь бидэнд их түшиг дэм болж байсныг тэмдэглэн, талархал илэрхийлж байна.
Мөн Бостон хотын MassDevelopment байгууллагын хот төлөвлөлтийн төслүүдтэй танилцаж, бүтээн байгуулалтын бодит үйл ажиллагааг газар дээр нь үзээд ирлээ. Төсөл цаашид үргэлжлэх бөгөөд дээрх хэлэлцүүлгийн дүгнэлтээс гарсан тодорхой чиглэлээр нарийвчилсан судалгааны санал боловсруулж, судалгааны төсөл хэрэгжүүлэх юм.