Энэ онд МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ой тохиож байна.
Анх МУИС-д 1967-1968 оны хичээлийн жилд Математикийн 3-р ангийн оюутнуудаас сонгон Тооцон бодох математикийн бүлгийг нээснээр компьютерийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн түүхтэй. Тус сургууль 1978 онд “Минск-22” тооцон бодох электрон машины лабораторийг байгуулж, Монгол Улсын их дээд сургуулийн сургалтад анх удаа тооцон бодох электрон машиныг сургалтад ашигласан билээ. 1982 онд Физик, математикийн факультетийн харьяанд МУИС-ийн хэмжээнд тооцон бодох электроны програмчлалын сургалтыг эрхлэн явуулах Тооцон бодох арга зүйн тэнхимийг байгуулсан. 1992-1993 оны хичээлийн жилд Математикийн факультетийн харьяанд Програм хангамжийн инженерийн ангийн анхны элсэлтийг авч, 1993-1994 оны хичээлийн жилд Програм хангамжийн тэнхимийг байгуулсан байна.
Ойг тэмдэглэх ажлын хүрээнд олон ажил зохион байгуулж байна. Тухайлбал:
- МУИС-д Компьютерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн нэрэмжит Програмчлалын улсын XXVII олимпиад (4-р сарын 14-17-нд)
- МУИС-д Програм хангамжийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойн нэрэмжит Програмчлалын үндэсний IX олимпиад (5-р сарын 19-21-нд)
- “МУИС-ийн Компьютерийн сургалт, эрдэм шинжилгээ 50 жил” товхимол хэвлэх (9-р сард)
- “Компьютерийн ухааны онол, практикийн өнөөгийн чиг хандлага” ЭШХ (9-р сарын 19-нд).
- МУИС, Киотогийн Их Сургуулийн хамтарсан Информатикийн симпозиум (9-р сарын 20-нд).
- Програм хангамжийн үе үеийн төгсөгчдийн уулзалт (4-р сараас эхлэн сар бүр)
- “Би програм хангамжийн төгсөгч” цуврал лекц (4-р сараас эхлэн сар бүр)
- Ахмад төгсөгчдийн “Дурсамж” уулзалт (10-р сард)
- “Мэргэжил сурталчлах өдөрлөг”
“Компьютерийн ухааны онол, практикийн өнөөгийн чиг хандлага”
эрдэм шинжилгээний хурал (2017 оны 9 дүгээр сарын 19-20)-ны өдрүүдэд МУИС эрдмийн танхимд болж байна
Эрдэм шинжилгээний хурал нь компьютерийн ухаан, мэдээллийн технологийн салбарын эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг таниулан сурталчлах, салбарын цаашдын зорилт, өнөөгийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шинэ санал санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтран ажиллах, санал бодлоо солилцох зорилготой. Хамрах сэдвүүд:
- Програм хангамжийн технологи, хөгжүүлэлт
- Утасгүй/хөдөлгөөнт/ухаалаг төхөөрөмжийн програмчлал
- Компьютерийн ухааны онолын судалгаа
- Их өгөгдөл, өгөгдлийн уурхай, өгөгдөл олборлолт
- Биоинформатик
- Компьютер хэл шинжлэл
- Дуу, дүрс боловсруулалт, дүрслэл
- Мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэрэглээ
- Мэдээллийн интеграци, мэдээллийн нууцлал хамгаалалт, аюулгүй байдал
- МХХТ-д суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэрэглээ
- МХХТ-ийн боловсрол, боловсролд МХХТ-ийг ашиглах
- Цахим сургалт, цахим сургалтын агуулга хөгжүүлэлт, аргазүй
- Цахим засаглал, цахим бизнес,
- Мультимедиа технологи
Эрдэм шинжилгээний хурал “Компьютерийн ухаан, Программ хангамжийн инженерчлэл”, “Мэдээллийн системийн хөгжүүлэлт, хэрэглээ”, “Мультимедиа технологи”, “МХХТ, цахим хөгжил” гэсэн 4 салбар хуралдаантай явагдлаа. ЭШХ-д МУИС, ШУА, ШУТИС, МУБИС, ХААИС, АШУҮИС, Үндэсний тагнуулын академи, ОУ-ын УБИС, БМДИ, Японы Киотогийн Их Сургууль, Иватегийн Их Сургууль, Саппорогийн Анагаахын Их Сургууль зэрэг 12 байгууллагын 60 гаруй эрдэмтэн, багш, судлаачид 40 орчим илтгэлээр оролцож байна. Хурлын хүрээнд Киотогийн Их Сургуультай хамтран “МУИС-КИС Информатикийн симпозиум”-ыг байгуулж зохион байгуулж байна. Хурлын мэдээллийг http://seas.num.edu.mn/swws/, хамтарсан симпозиумын мэдээллийг http://seas.num.edu.mn/swws/symposium.php хаягаар тус тус авна уу.
МУИС, ХШУИС, Мэдээлэл, Компьютерийн Ухааны Тэнхим
Ойн ажил зохион байгуулах комисс