МУИС-ийн 75 жилийн ойн баярын хуралд захирал, доктор Я.Төмөрбаатарын тавьсан илтгэл: “МУИС 75 ЖИЛД: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ”

Share Button

       Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд ээ!

Эрхэм хүндэт үе үеийн  эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид, төгсөгчид, оюутнууд аа!

            Гадаадын зочид төлөөлөгчид өө!

            Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын мэндийг  Та бүхэндээ өргөн дэвшүүлье.   

Би баярын хүндэтгэлийн хурлын илтгэлээ З үндсэн хэсэгт багтаан та бүхэндээ толилуулъя.

                        НЭГ. МУИС-ийн өнгөрсөн түүхийн үе ба дүгнэлт

МУИС-ийн 75 жилийн ой бол Монгол улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ой, манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсэн буй болсны ой билээ. Тэртээ дэлхийн II дайны хүнд үед 1942 онд МУИС нь анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет, математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдаж, анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. 1946 онд МУИС-ийн дэргэд аспирантур байгуулан,  1947 оноос элсэлт авч 1950-иад оны эхээр анхны эрдэмтэд төрөн гарчээ. МУИС-ийн аспирантурыг төгссөн анхны үндэсний эрдэмтэд эх орондоо шинжлэх ухааны олон салбарын судалгааг эхлүүлсэн түүхтэй билээ. МУИС-байгуулах санаачлагыг гарган үүсгэн байгуулсан Монгол Улсын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал  болон Оросын ард түмэнд, эрдэмтэн судлаачдад гүн талархал дэвшүүлье.

Дараагийн он жилүүдэд Хэл бичгийн факультет, Нийгмийн ухааны факультет, Хими-биологийн факультет, Орос хэл, Газар зүй, Англи хэл, инженерийн салбарууд анх байгуулагдсан төдийгүй улс оронд чухал шаардлагатай олон мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэх болов. Тухайлбал, Барилга геологийн инженер, цахилгаан, дулааны инженер, Хууль эрх зүй, Сэтгүүл зүй, Нягтлан бодох, банк, Цаг уур, Гидро инженер, Философийн салбарууд нээгдэж, дээд боловсролтой үндэстний  мэргэжилтэн бэлтгэх болжээ.

1957 онд 15 жилийн ой болоход МУИС-ийг дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн төгсгөж, улс орны хөгжилд үлэмж хувь оруулсныг үнэлж, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнасанаас  хойш эдүгээ нэгэн жаран өнгөрчээ. МУИС төгсөгчдөөс Улсын баатар 2, хөдөлмөрийн баатар 9, төрийн шагналтан 88, ардын цолтон 27, гавьяат цолтон 385, ШУА-ийн жинхэнэ гишүүн 52-оос гадна олон зуун алдар гавъяатан, доктор, профессорууд төрөн гарсан бөгөөд тэдний улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, ололт амжилтаар МУИС төдийгүй Монголын ард түмэн бахархдаг билээ. МУИС-иас төрөн гарсан нийт алдар, гавьяатнууддаа халуун баяр хүргэе.

Манай МУИС 1960-аад оноос хойш 5 жилийн сургалттай болж, мэргэжлийн өндөр түвшний хичээлүүд орох болж, сургалтын чанар, агуулгад ихээхэн ахиц дэвшил гарчээ. 1961 онд ШУА байгуулагдахад, МУИС-ийн олон шилдэг судлаач багш нар шилжин ажиллаж, тус байгууллагыг өсөж бэхжихэд томоохон хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.

1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш МУИС дангаараа 71 удаагийн төгсөлтөөр 80, 000 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт  явуулдаг Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон бэхжиж чадлаа. МУИС нь улс орны хөгжлийн тулгуур, мэдлэгийн цөм болсон үндэсний тэргүүлэх судалгааны их сургууль байж, нийгэм, эдийн засгийн эрэлт шаардлагад нийцсэн олон улсын түвшний судалгаа явуулан, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ. МУИС-ийн   75 жилийн түүхэн замналыг товч дүгнэн хэлбэл:

  1. МУИС нь эх орондоо дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эрдмийн их уурхай байх үүргээ нэр төртэй биелүүлсээр иржээ. Өрх тусгаарлан бие даасан сургуулиудынхаа төгсөгчдийг оролцуулбал 200 мянга орчим дээд боловсролтой мэргэжилтэнг улс орондоо  бэлтгэн гаргасан байна.
  2. МУИС нь Монголын дээд боловсролын үндэс суурийг тавьсан ууган их сургууль төдийгүй улс орондоо дээд боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлэн  хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. МУИС нь түүхэн хөгжлийн явцад одоогийн МУБИС (1957), ХААИС (1958), АШУҮИС (1961), ШУТИС (1982), ХУИС (1982), Ховд их сургууль (2004) гэсэн 6 их сургуулийг төрүүлэн гаргажээ.
  3. МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны ихэнх салбар, анагаах ухаан, хөдөө аж ахуй, техник технологи, инженерийн зэрэг шинжлэх ухааны олон салбараар судалгаа шинжилгээний ажлыг Монголд анхлан эхлүүлж, шинжлэх ухааны сэтгэлгээг эх орондоо үүсгэн төлөвшүүлсэн  тэргүүлэгч гол төв  болж өсөн бэхжжээ. Манай улсын эрдэмтдийн ихэнх нь тус сургуулийн төгсөгчид болохыг тэмдэглэхэд таатай байна.
  4. Хүн төрөлхтний бүтээсэн мэдлэгийн их өвийг эх орондоо түгээн дэлгэрүүлж, улс орны оюун ухааны цөм байж Монгол хүнийг хөгжүүлэх, орчин цагийн соёлыг нийгэмд төлөвшүүлэхэд  МУИС томоохон үүрэг гүйцэтгэсээр ирснийг тэмдэглэж байна.
  5. Ард түмнийхээ бүтээсэн түүх, хэл, соёл, эрдэм ухааны өв уламжлалыг хөгжүүлэн залгамжлуулах, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж сурталчлахад МУИС жинтэй хувь нэмэр оруулсаар байна. Эдүгээ МУИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийн нэг нь Монгол судлал бөгөөд Монгол судлалын дэлхийн гол төв болж байна.
  6. МУИС нь нийгмийг ардчилах, нийгмийн тогтолцооны согогийг засаж залруулах, тэргүүний дэвшилт үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, нийгмийн сэтгэлгээний цөм байх үүргээ нэр төртэй биелүүлсээр иржээ. МУИС-ийн багш, оюутнууд 1990 оны ардчилсан хувьсгалыг манлайлан оролцсон түүхтэй. Ийнхүү МУИС-ийн профессор багш, оюутнууд Монгол улсын хөгжлийн үе шат бүхэнд нийгмийг өөрчлөн шинэчлэх үйл хэргийг манлайлж, нийгмийг ардчилах үйлст үнэтэй хувь нэмэр  оруулсаар ирснийг өнгөрсөн түүх гэрчилж байна.

            ХОЁР. МУИС-өнөөгийн хөгжлийн чиг хандлага

            Эрхэм нөхөд өө!

Өнөөгийн улам бүр даяарчлагдаж байгаа хөгжлийн чиг хандлага нь биднийг дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг шаардаж байна. Даяарчлал хэдийгээр бидэнд улам их боломж өгч байвч, тэр хэрээр биднээс улам болгоомжтой, улам хариуцлагатай, улам ухаалаг байхыг шаардаж байна.

Даяаршлын нөхцөлд монголын дээд боловсрол урт хугацааны алсын хараатай, олон улсын чиг хандлагад нийцсэн, үндэсний соёл, уламжлалыг хадгалсан тогтвортой бодлоготой, хэрэгжих арга зам нь тодорхой байх шаардлагатай байна. Их сургууль нь дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үүрэгтэй төдийгүй, оюун санааны төв байж, нийгмийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааны мэдлэг түгээх, мэдлэгийг үйлдвэрлэл, инноваци болгох үүрэгтэй. Нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны залуу үе, ирээдүйн лидерүүд, улс орны хөгжлийн түүчээ болсон манлайлагчдыг бэлтгэх нь их сургуулийн үүрэг болж байна.

Орчин үед  их сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг улам бүр өсөж байна. Их сургуулиуд  эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгааны ажлыг дэмжих, шинэ технологи, инноваци нээх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой  чухал үүрэг гүйцэтгэх болжээ. Хаана шинэ технологи, инноваци нээгдэж байна, тэнд хөгжил дэвшил эрчимтэй явагдаж, хаана шилдэг их сургууль байна, тэр улс өнөөгийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог болжээ.

Тэгвэл МУИС нь Монгол улсын хувьд онцгой үүрэгтэй байгууллага. Монгол улсад байгаль, нийгэм, хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамарч сургалт, судалгаа хийдэг цорын ганц байгууллага нь манай МУИС  юм. МУИС нь мэдлэг бүтээдэг, мэдлэг түгээдэг, мэдлэгийн эрэмбэ тогтоох үүргийг гүйцэтгэж байна. МУИС монголын нийгмийн хөгжлийн түүчээ болж, үндэсний хэмжээнд тэргүүлэх, манлайлагч их сургууль байхын төлөө ажиллаж байна.

Байгалийн баялгаа экспортолж, түүнд суурилж хөгжсөн улс орнууд хөгжлийн тодорхой түвшин буюу дунд зургийн хөгжилтэй улсын түвшинд хүрээд, хөгжил нь удааширч гацах үзэгдэл түгээмэл байна. Эдгээр орнуудаас их сургуулиудаа хөгжүүлж, шинэ  мэдлэг, өндөр технологи, инновациа хөгжүүлж чадсан нь өндөр хөгжилтэй  улс орны түвшинд хүрдэг жамтай. Харин шинэ мэдлэг, өндөр технологи, инновациа хөгжүүлж чадаагүй хөгжиж буй орон гэсэн нэртэйгээ үлддэг гашуун сургамж ч байна. Хөгжлийн энэ сөрөг хандлага Монгол улсыг ч тойрохгүй байхын аргагүй эрсдэлд оруулж байна.  Өнөөдөр улс орны хөгжлийн түвшин мэдлэгийг бий болгох, түүнийг ашиглах чадвараар илэрхийлэгдэж байна. Боловсролыг мөнгө олох хэрэгсэл, талбар гэж үзэхээсээ  илүү мэдлэгийг түгээдэг, мэдлэгийг мөнгө болгодог үйлдвэрлэгч талбар гэж үзвэл зохино. Монгол улс ирээдүйд хөгжилтэй улс болъё гэвэл шинэ мэдлэг, технологи, инновациа хөгжүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү түүхэн үүрэг нь Монголын их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллагуудад ноогдож байна.

Монгол улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд Монгол улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн. Төрөөс дэвшүүлж буй энэ зорилт юуны өмнө манай МУИС-д шууд хамаарна. Энэхүү зорилт нь биднээс ихээхэн хичээл зүтгэл, шинэ менежмент, зохион байгуулалт, нөр их хөдөлмөр, идэвх санаачлагыг шаардах нь тодорхой бөгөөд хамгийн гол нь олон улс, бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахыг биднээс шаардаж байна. Бид дэлхийн  түвшинд хүрье, Азийн шилдэг их сургуулийн нэг болъё гэвэл өөрсдийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. 1990 оноос хойш дээд боловсролын шинэтгэлийн талаар Засгийн газар бүхэн ярьж, анхаарч ирсэн. Гэвч өнгөрсөн 27 жилд дээд боловсролын системийн шинэтгэлд нэгдсэн цогц бодлого, эрчимтэй хөгжил дутагдаж ирлээ.

Дэлхийн шилдэг их сургуулиуд мэдлэг түгээж, шинэ мэдлэг буй болгохоос гадна нийгмийн баялгийг бүтээж хөгжилд хувь нэмэр оруулах гол түүчээ болж  байна. Монголын их сургуулиуд энэ түвшинд ойртох, сургалт голлосон их сургуулиас судалгааны их сургууль болох, оюутан төвтэй их сургууль болох зорилт тавин ажиллаж байна. МУИС өнөөдөр дэлхийн 30 орчим орны 280 гаруй их дээд сургуулиудтай  харилцаатай байна. Цаашид судалгаа, эрдэм шинжилгээ, багш, оюутан солилцоо, бүтээлч хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад харилцааг шинэчилж чиглүүлэх болно.

Өнөөдөр МУИС-д шинэчлэл үе шаттайгаар явагдаж байна. Өмнө нь 14 сургууль, 86 тэнхимтэй байсныг 2013 онд Шинжлэх ухааны сургууль (байгаль, нийгэм, хүмүүнлэгийн З салбартай), Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэсэн 5 бүрэлдэхүүн сургууль,Завхан, Эрдэнэт 2 салбар сургууль, 44 тэнхим болгон нэгтгэж, бүтцийн өөрчлөлт хийгдсэн манай багш нар мэдэж байгаа. Одоо ЮНЕСКО-гийн шинэ ангилалд тулгуурлан зарим зохистой өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

МУИС-д хийгдэж байгаа өөрчлөлтийн нэг гол зорилго нь олон улсын түвшинд бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх явдал болно. Бид олон улсад өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд эрдмийн эрх чөлөөг дээдэлж, хамгийн шилдэг профессор багш, оюутан суралцагчидтай байж, сургалт судалгааны хамгийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.  МУИС-д хичээл, хөтөлбөр сонголтын өргөн боломжийг оюутнуудад олгож, сонголтоос өрсөлдөөнд, өрсөлдөөнөөс шигшилтэд, шигшилтээр чанарыг сайжруулдаг дэлхийн шилдэг их сургуулиудын өрсөлдөөний системийг нэвтрүүлж байна.

Сургалтын энэ тогтолцоог өөрийн хөрсөнд үндэсний онцлог, үнэт зүйл, уламжлалтай зөв нутагшуулснаар хамгийн шилдэг эрдэмтэн багшийн төлөө, хамгийн шилдэг оюутнуудын төлөө, хамгийн таатай орчны төлөө өрсөлддөг тогтолцоо бий болж, МУИС нь чанарын төлөө байнга өөрөө өөрийгөө хөгжүүлж байдаг интенсив дотоод системтэй болох юм. Одоо МУИС-д байгаа тогтолцооны  хаана, ямар согог, дутагдал байгааг засаж сайжруулах, зарим зүйлийг шинээр нутагшуулах зайлшгүй шаардлагатай бид тулгарч байна. Өөрөөр хэлбэл: МУИС хөгжлийнхөө  бас нэгэн шинэ үе, сэргэн мандаж өөдлөн дэвжихийн босгон дээрээ 75 жилтэйгээ золгож байна.

МУИС-ийн хамт олон 75 жилийн ойгоо олон сайхан амжилтаар угтаж байна. “Мазаалай” хиймэл дагуулыг хөөргөж Монгол улсаа дэлхийн 51 дэх бие даасан хиймэл дагуултай орон болгож чадлаа. Цахим номын сангаа барьж дуусган бүрэн хүчин чадлаар нь ашиглалтанд оруулж нээлтээ хийлээ.Оюутнууд маань олон сайхан бүтээлч үйлс өрнүүллээ. Хүчин  зүтгэсэн бүх хүмүүст талархал дэвшүүлье.

Цаашид МУИС-ийн бүтцийг оновчтой болгох чиглэлд үе шаттай арга хэмжээг багш нар, тэнхимүүд, бүрэлдэхүүн сургуулиуд, эрдмийн зөвлөлийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж 2018 оноос оновчтойгоор хэрэгжүүлэх болно. Сүүлийн жилүүдэд  МУИС-д хэрэгжсэн өөрчлөлтийн ололттой сайн талыг улам батжуулж, алдаа гажуудлыг засан, улам боловсронгуй болгон, төгөлдөржүүлэх талаар санаачилж хийх ажил их байна. Ойрын үед МУИС-ийн төсөв санхүүгийн нэгдсэн боловсронгуй систем бүрдүүлэх, эрдэм шинжилгээний уян хатан өрсөлдөөнт бүтэц буй болгох, багш нарыг ажилд авах, зэрэглэл дэвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хөгжүүлэхийн тулд (шалгуурт) систем  нэвтрүүлэх зэрэг уялдаа холбоотой өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна.

Өнөөдөр зөвхөн мэдлэг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэн гаргах нь нийгмийн хөгжлийн шаардлагыг хангахгүйд хүрээд байна. Мэдлэгээ хэрэглэж, хувиргаж, цаашаа нэмүү өртөг шингэсэн бараа үйлчилгээ болгож чаддаг өв  тэгш иргэдийг бэлтгэхийг хөгжлийн чиг хандлага биднээс шаардах болов. Үүнд хүрэхийн тулд хөтөлбөрүүдийг шинэчлэх шаардлагатай болж байна. Зөвхөн онолын мэдлэг давамгайлсан хөтөлбөрөөс илүү практик, чадвар, чадамж, дадал эзэмшсэн хүнийг бэлтгэн гаргах тухай ярьж байна.  Тэгэхээр  хөтөлбөрийн гол агуулга, түүнийг  хэрэгжүүлэх арга зүй, зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага гарч байна. Хөтөлбөрүүдийг олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттайгаар шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

Өнөөдөр мэдлэгийг шинээр бүтээх үйл явц шинжлэх ухааны тодорхой нэг салбар, нэг чиглэлээр дагнаж мэргэшээд шинэ мэдлэг бүтээх боломж улам бүр хязгаарлагдаж,  шинжлэх ухааны олон салбарыг хамарсан шинэ бүтээл, шинэ мэдлэг бүтээдэг цаг үед ирээд байна. Их сургууль дээр бүтээгдэж байгаа шинэ мэдлэг, технологи, инновацийг бизнесийн ертөнц рүү хурдан дамжуулахад улс орнууд ихээхэн анхаарал тавьж, гарааны компаниудыг олноор байгуулах болжээ. Их сургуулиуд, төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна.

            Их сургуулийн хөгжин дэвжих эрх зүйн орчинг тогтоож, эдийн засгийн эрх чөлөөг тавьж өгөхөд төрийн зүгээс онцгой анхаарч өгөхийг хүсч байна.

    ГУРАВ.МУИС-ийн ирээдүй хэтийн төлөв

            Эрдэмтэн багш нар аа!

            Бидний ирээдүй – цаашдын алсын хараа бол “Азийн шилдэг 100 их сургууль”-ийн  түвшинд хүрэхийн тулд МУИС өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж

  • Хамгийн шилдэг эрдэмтдийг багшлуулах,
  • Хамгийн шилдэг оюутантай байх,
  • Хамгийн шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Сургалт, судалгааны хамгийн шилдэг нэн таатай орчинг бүрдүүлэх
  • Хамгийн шилдэг менежмент удирдлага, төлөвлөлт, санхүүгийн системийг нэвтрүүлэх
  • Хамгийн шилдэг төгсөгчдийг төрүүлэх явдал гэж үзэж байна.

            Цаашид бид МУИС-ийн өмнө тавигдаж буй зорилтыг багцлан авч үзвэл:

Нэгдүгээрт. Сургалт, оюутны  үйл ажиллагааны хүрээнд;

  • Профессор, судлаач-профессорын орон тоог ялгавартай тогтоох, ажлыг үнэлэх, хадгалах тогтолцоог нэвтрүүлэх, багшийн мэргэжил болон ур чадварыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын шилдэг зочин багш нарыг урьж ажиллуулах замаар ШИЛДЭГ БАГШ нарыг бүрдүүлж, Эрдмийн зэрэгтэй багш нийт үндсэн багшийн 70 хувиас доошгүй байх зорилт тавьж ажиллах болноо.
  • Амжилтанд суурилсан тэтгэлгийн тоо, хэмжээг нэмэгдүүлэх, олон улс, үндэсний олимпиад, уралдаанд амжилт гаргасан шилдэг элсэгчдийг татах, лицей болон төрөлжсөн сургуулиудтай хамтарсан багц цаг тооцох хөтөлбөр, ахисан түвшний оюутнуудад зориулсан сургалтын болон судалгааны ассистантшип хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар ШИЛДЭГ ОЮУТАН сургах, Ахисан түвшний оюутны тоог нийт оюутны 30 хувьд хүргэнээ.
  • Чөлөөт мэдлэг буюу “либерал арт” уламжлалд суурилсан МУИС-ийн ерөнхий суурь боловсролыг дэлхийн тэргүүлэх их сургуулийн түвшинд хүргэж чанаржуулах, үндэсний болон олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлэх хөтөлбөрийг нэмэгдүүлэх, шилдэг оюутнуудад зориулсан тусгай, хос, хавсарга, хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар оюутанд өргөн сонголт бий болгосон ШИЛДЭГ ХӨТӨЛБӨР хэрэгжүүлэх улмаар сургалтын бүх хөтөлбөрийг 100% үндэсний түвшинд магадлан итгэмжлүүлэх, 50 хувиас доошгүйг олон улсад магадлан итгэмжлүүлэх ажлыг хийнээ.

Хоёрдугаарт. Эрдэм шинжилгээ, гадаад харилцааны  хүрээнд:

  • МУИС-ийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм-эдийн засгийн эргэлтэд оруулдаг, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг, судалгааны их сургууль болгон өөрчлөхийн тулд судалгаа, шинжилгээний бодлогоо зах зээлийн суурь зарчимд нийцүүлэн өөрчилж, өрсөлдөөнд суурилсан, эдийн засгийн хувьд үр ашигтай тогтолцоог нэвтрүүлэх, их сургуулийн судалгааны үр дүнг нийгэм эдийн засгийн хөгжилд хэрэгцээтэй оюуны болон биет шинэ бүтээгдэхүүн бий болгохын тулд антрепренёршипийн иж бүрэн тогтолцоог хөгжүүлж “нээлттэй” судалгааны өндөр түвшиний дэд бүтцийг байгуулан үйл ажиллагааг тогтворжуулнаа.
  • МУИС нь Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэх үүрэгтэй байгууллагын хувьд нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах захиалгат төслийн чиглэлийг тодорхойлж санхүүжүүлэх арга замыг шат дараалалтай хэрэгжүүлэх, гадаад харилцаа харилцан үр ашигтай хөгжүүлэх, стратегийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны бааз бэхжүүлэх, боловсон хүчин бэлтгэх – судлаач багш, удирдлагын хүний нөөц, гадаадын оюутнуудыг татах, мөн МУИС-ийн бүс нутгийн үүрэг оролцоог бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарч өргөжүүлнээ.

Гуравдугаарт. Удирдлага, хүний нөөц, менежментийн хүрээнд:

Аливаа байгууллага стратеги зорилтуудаа биелүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл нь хүний нөөц байдаг. Академик байгууллагын хувьд тэр тусмаа багш, эрдэмтдийн хувь нэмэр хамгийн чухал юм. Тиймээс  бид 2017-2018 оны хичээлийн жилийг “Багшийн хөгжлийг дэмжих жил хэмээн зарласан бөгөөд энэ хүрээнд дараах ажлуудыг хийнээ. Үүнд:

  • МУИС-ийн 2024 он хүртэлх стратеги төлөвлөгөөний Тэргүүлэх чиглэлийн хүрээнд багш, ажилтны хөгжлийг дэмжих “Багшийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж эхлэх;
  • Хүний нөөцийн бодлогод нийцсэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц багш, ажилтны цалин урамшуулал, хангамжийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх стратегийн зорилтын хүрээнд хүний нөөцийн программ нэвтрүүлж багш, профессортой холбоотой мэдээллийн сан үүсгэж, ажилд авах, дэвшүүлэх, гүйцэтгэлийг үнэлэх, шагнаж урамшуулах зэрэгтэй холбоотой асуудлыг real-time мэдээлэл дээр үндэслэн шийдвэрлэдэг болох, багш, ажилтнуудын цалин нийгмийн асуудлыг шийдэх боломжуудыг судлан үе шаттай хэрэгжүүлнээ.
  • МУИС-ийн бүтэц зохион байгуулалт, ажил үүргийн болон эрх мэдлийн хуваарийг оновчтой болгох стратегийн зорилтын хүрээнд ажлын байрны тодорхойлолтуудыг шинэчлэн боловсруулах,МУИС-ийн дүрэм, захиргааны бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан дотооддоо мөрдлөг болгодог журмууд, тэр дундаа багш, профессортой холбоотой журмыг шинэчлэн сайжруулнаа.
  • Байгууллагын үйл ажиллагааны удирдлагын орчин үеийн стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд ISO 9001 олон улсын стандартыг Монголын их дээд сургуулиудаас МУИС-д анх удаа нэвтрүүлж, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлнээ.
  • Төр-хувийн хэвшил-аж үйлдвэр-их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх  стратегийн зорилтын хүрээнд Засгийн газар, яам, агентлаг, нийслэл, аймаг орон нутгийн бүтэц, үндэсний шилдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт судалгааг хөгжүүлнээ.
  • МУИС-ийн нэр хүнд, эрх ашгийг хамгаалах, нийгэм дэх эерэг чиг хандлагыг хүчирхэгжүүлэн өсгөх  стратегийн зорилтын хүрээнд мэдээлэл, олон нийттэй харилцах сувгуудаар өөрсдийн ололт амжилтаа сурталчлах, нийгэмд тогтсон зарим сөрөг ойлголтыг засаж залруулан эерэг сэтгэгдэл төрүүлж нийгэмд шаардлагатай мэдлэг, мэдээллийг эрчимтэй бүтээж ажилланаа.
  • МУИС-ийн соёл, уламжлалыг сэргээн бэхжүүлэх, төгсөгчдийн холбоог идэвхижүүлэн түншлэн ажиллах, тогтвортой хөтөлбөр боловсруулах, суралцагчийг дадлагад гаргах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлд түлхүү ажиллах болно.

Дөрөвдүгээрт. Төлөвлөлт, санхүү, сургалт, судалгааны орчныг сайжруулах ажлын  хүрээнд:

  • МУИС-ийн төсвийн санхүүжилтийн олон эх үүсвэрийг дэмжсэн уян хатан тогтолцоог нэвтрүүлнээ. Тухайлбал, нэрэмжит профессоршип, анги, танхим, лаборатори, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, тэтгэлэг зэрэгт дэмжлэг авах, улсын төсвийн санхүүжилт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хувь хүн, байгууллага, төгсөгчид, хандивлагч нарт  зориулсан арга хэмжээг тогтмолжуулах, нээлттэй, ил тод цахимжуулах, МУИС-ийн эндаумент сан бүрдүүлэх зэргээр урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажилланаа.
  • МУИС-ийн багш, ажилтан, судлаач, суралцагчийн тав тухтай суралцах, ажиллах орчин нөхцлийг сайжруулахын тулд “МУИС Кампус” төслийн 2030 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлж, төслийн хүрээнд МУИС-ийн сургалт, судалгааны орчин, хүчин чадлыг одоогийн түвшнээс 2-3 дахин нэмэгдүүлэх болноо.
  • МУИС гэсэн брэндийг ашиглаж буй хувь хүн, байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төслүүдийг цэгцэлнээ. Үр ашиг нь МУИС-д шингэж үлддэг болгоноо.  МУИС өөрийн эзэмшлийн газраа завшуулдаг биш, үр ашигтай захиран зарцуулдаг болноо. Багш, ажилтан, гадаадын зочин профессоруудад байр орон сууц, залуу багш, оюутнуудын хүүхдийн цэцэрлэг баринаа. Багш, ажилчид, суралцагч оюутан залуусдаа зориулсан спорт цогцолбор байгуулнаа. Эрүүл нэгдсэн хоолны үйлчилгээг нээнээ.
  • МУИС-иа Цахим их сургууль болгож, нээлттэй нэгдсэн лаборатори, Багажит анализийн төвөө байгуулнаа.

Эдгээр     асуудлыг   бид    өчигдөр    “Хөрөнгө   оруулалтын   форум”    дээрээ танилцуулсныг Та бүхэн вэбсайтаас линкээр нь орж танилцаарай. Улс орны эдийн засгийн өсөлт хүндхэн, хөрөнгө санхүүгийн боломж нөхцөл тааруухан байгаа энэ цаг үед зөвхөн улсын сургууль улсын төсөв хараад гар хумхин сууж болохгүйг бид ойлгож байна. Харин өөрсдөө санаачилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг  татаж, зөв менежмент хийж ажилланаа.

Эрхэм нөхөд өө!

Манай МУИС түүхт 75 жилийн ойн босгон дээрээ хөгжлийн нэгэн томоохон сэргэн мандаж өөдлөн дэвжихийн хаалгыг нээн орж байна. Бидний өмнө том зорилго, алсын хараа байна. Одоо түүнд хүрэх манай хамт олны сэтгэлийн чин зориг, эрч хүч, нэгдсэн  зохион байгуулалт, шинэлэг менежмент, удирдлага, арга барилаа хүчирхэгжүүлэх шаардлага тулгарч байна.

МУИС-ийн нэр хүнд, өрсөлдөх чадвараа дээшлүүлж, уламжлал-шинэчлэлийг зөв хослуулж, нийгмийн хариуцлагаа дээшлүүлж улсдаа манлайлах, Ази тивдээ шилдэг 100-д багтахын төлөө багш, ажилтан нэг бүр хичээл зүтгэл гарган сурч хамтран ажиллахыг нийт эрдэмтэн профессорууд,багш нар төгсөгчид, оюутнууд, төр, хувийн хэвшлийнхэндээ хандан уриалж байна.  Анхаарал хандуулсанд баярлалаа

                Эрдмийн хэт цахиваас

            Хөгжлийн гал болон бадрах болтугай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар