“Орос хэл- Боловсрол, шинжлэх ухааны хэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний баярын бага хурал амжилттай болж өнгөрөв

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Европ хэлний тэнхимээс төрөлх сургуулийнхаа 75 жилийн ойн баярын хүрээнд МУИС-д орос хэл зааж сургаж эхэлсэний 75 жилд зориулан “Орос хэл –  Боловсрол, шинжлэх ухааны хэл” сэдэвт олон улсын  эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион явуулав. Хуралд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн эрдэмтэн профессорууд оролцлоо.

Ойн хурлыг МУИС – ийн ректор д-р, проф. Я.Төмөрбаатар нээн  хэлсэн үгэндээ Монгол улсад Их Сургууль байгуулагдсан түүхэн ач холбогдол, МУИС байгуулахад ЗХУ, ялангуяа Москвагийн их сургуулийн оруулсан үнэт хувь нэмрийг онцлоод МУИС –нь 1942 оны 10 сарын 5-нд анхны хичээлээ эхэлсэн бөгөөд “тэр цаг бол МУИС-д орос хэлийг анх заасан он цагийн эхлэл юм. Энэ үеэс хойш олон оны турш орос хэл монголчуудын хувьд боловсрол, шинжлэх ухааны гол хэл болж ирснийг манай үе үеийн төгсөгчид эрдэмтэн багш нар батална. Тэгээд ч орос хэл ХХ зууны монголчуудын соёл, эрдэм мэдлэгийн хэмжүүр, шинжлэх ухаанд суралцах, боловсрол олж авахад гол түлхүүр, зах зээлийн харилцааны эхэн үед ч бизнесийн харилцааны дөрөө болж түүхэн үүргийг гүйцэтгэж ирсэн билээ.  Хэдийгээр нийгмийн харилцаа солигдож зах зээлийн нийгэмд шилжих үеэс орос хэлийг заах хүрээ хумигдаж ирсэн ч орос хэлний бодит хэрэгцээ шаардлага байгаа” хэмээн хэлэв.

Хурлын эхэнд МУИС-ийн 75 жилийн түүхт ойд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн ректор академич В.А.Садовничийн илгээсэн ойн баярын видео мэндчилгээг үзэж сонирхов. Дараа нь ОХУ-ын  Россотрудничество төлөөлөгчийн газрын дарга, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн захирал Е.Г.Михайлов, ОХУ-н ЭСЯ-ны соёлын атташе Е.О.Сазонова нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Хүндэт зочин, Москвагийн Их Сургуулийн профессор Марина Сидорова М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн хэл бичгийн факультетын декан М.Л. Ремнёвын мэндчилгээг уншиж танилцуулсан.

Баярын хуралд МУИС болон Москвагийн Их сургуулийн профессорууд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд: “Монгол улсын их сургуулийн хөгжилд Москвагийн их сургуулийн оруулсан хувь нэмэр” (МУИС-ийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал  д-р, профессор. Б. Очирхуяг), “Орос хэлийг шинжлэх ухаан, боловсролын хэлний үүднээс судлах нь” (М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС, ШУ-ны д-р, проф.М.Ю.Сидорова), “Даяаршихуйн эрин зуун дахь орос хэл” (М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС, Орос хэл, соёлын төвийн тэнхимийн эрхлэгч ШУ-ны д-р, проф. Степаненко В.А), “ Монгол Улсын хэлний бодлого орчин үед” ( МУИС, ШУС,ХУС, ЕСТ, ШУ-ны д-р, профессор Ц. Саранцацрал), “МУИС-ийн орос хэлний сургалт: өнгөрсөн ба одоо” (МУИС, ШУС,ХУС, ЕСТ, д-р, проф. Ш. Туяа), “МУИС-ийн орос хэл судлалын түүхэн тойм” (МУИС, ШУС,ХУС, ГХСТ, д-р, проф.Д. Энхбат), “Соёлын тухай мэдлэг гадаад хүнд орос хэл заах хөтөлбөрийн салшгүй хэсэг болох нь” ( М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн УИС, ШУ-ны д-р, проф.А.В. Величко), “ МУИС-ийн орос хэлний салбарын сургалтын хөтөлбөр, мэргэжлийн сурах бичгийн хангамж” (МУИС, ШУС,ХУС, ЕСТ, д-р, проф. Н.Нансалмаа). Илтгэлүүдийн дараа хуралд оролцогчид “Нийгмийн харилцаан дахь  орос  судлаачдийн байр суурь”, “Мэргэжлийн орчуулагч бэлдэх асуудал”, “ Гадаад хүнд орос хэл заах аргазүйн шинэ арга технологи”, “ ТРКИ тестийн тогтолцоо”, “ Орос хэлний багш нарын мэргэжлийн байгууллага” сэдвүүдийн хүрээнд санал бодлоо солилцсон байна.

Хуралд Монголын их дээд сургууль болон Москвагийн Улсын их сургуулийн орос хэлний эрдэмтэн профессор, багш, судлаачид,   Г.В.Плехановын нэрэмжит Оросын Эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль, түүний дэргэдэх Русский мир төв, МУ-ын ШУА, Гадаад Харилцааны яам, Дипломат академийн төлөөлөгчид тус тус оролцов.

 Хурлын үеэр МУИС-д 2011 онд нээгдсэн “Русский Мир” кабинетээс “Русский мир.ru”, “Русский мир-10 лет” сэтгүүл болон “Орос хэлний сурах бичиг”, “МУ, ОХУ-ын түүхэн харилцааны шинэлэг тал”, “Монголд  алдаршсан оросууд” зэрэг сэдэвчилсэн  шинэ номын   үзэсгэлэн зохион байгуулсан.

“Орос хэл – боловсрол, шинжлэх ухааны хэл” сэдэвт ойн олон улсын  эрдэм шинжилгээний бага хурлын талаархи мэдээлэлийг МОНЦАМЭ, монголын үндэсний телевизийн MNB болон монгол, оросын бусад хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд, вэб сайтууд дамжуулсан байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар