Хүрэл Тогоот-2017, Газарзүй-Геологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурлын шилдэг судалгаа МУИС-иас тодорлоо

Share Button

БСШУСЯ, ШУА, ШУТС, МЗЭХ, Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоо хамтран зохион байгуулсан “ХҮРЭЛТОГООТ-2017” эрдэм шинжилгээний бага хурал 10 дугаар сарын 20-ны өдөр Хүрэл тогоот одон орон судлах төвд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралд ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулийн багш, судлаачид оролцсон эрдэм шинжилгээний бага хуралд Тэргүүн байрын эзнээр МУИС-ийн Газарзүйн тэнхимийн докторант Э.Алтанболд “Баян нуурын хотгорын үүсэл, морфологийн тайлал” бүтээлээр шалгарч БСШУСЯ-ны Сайдын нэрэмжит грантын эздээр тодорлоо. Э.Алтанболдыг Хоккайдо-Монголын Харилцааны Нийгэмлэгээс Япон улсын Саппоро хотод 11 дүгээр сарын 23-25-нд болох “Хөгжлийн гарц, шинжлэх ухааны хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хуралд үнэ төлбөргүй оролцох эрхийн бичгээр шагнасан юм. Мөн тусгай байранд МУИС-ийн ХШУИС-ийн магистр Б.Лхагважаргал “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сан дахь цагаан тоосны дэгдэлтийг сааруулах арга” бүтээлээр тус тус шалгарчээ.

Хүрэл Тогоот-2017, Газарзүй-Геологийн салбарын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид

Энэхүү хуралд амжилттай оролцсон Э.Алтанболдтой хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

-Сайн байна уу? Юуны өмнө Хүрэл Тогоот-2017, Газарзүй-Геологийн салбарын эрдэм шинжилгээний хуралд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Өөрийнхөө талаар товч танилцуулна уу?

-Баярлалаа, Би МУИС-ийн Газарзүй-Геологийн сургуулийг 2011 онд газарзүйч мэргэжлээр төгссөн, 2013 онд магистрын зэргээ хамгаалсан. Одоо сургуульдаа доктарантаар суралцахын зэрэгцээ ажиллаж байна.

-Хүрэл Тогоот-2017, Газарзүй-Геологийн салбарын эрдэм шинжилгээний бага хуралд өмнө нь хэдэн удаа оролцсон вэ?

-Энэ хуралд 2012 оноос тасралтгүй 6 жил дараалан оролцсон байна. Өнгөрсөн 2016 онд МУИС-ийн Геологи, Геофизикийн тэнхимийн Х.Уламбадрах багштай хамтарч бичсэн “Хорго вулканы үүсэл, морфологийн онцлог” сэдэвт судалгаагаар 3-р байрт шалгарч байсан. Түүнээс хойш нилээдгүй цаг зарцуулж ажиллаж байж сайдын нэрэмжит грант хүртлээ. Энэ жил уг хуралд 29 судалгааны ажил бүртгүүлж редакцийн зөвлөлөөр хянагдаад 21 өгүүллийг Хүрэл Тогоот-2017, Газарзүй-Геологийн салбарын бүтээлд хэвлүүлж үүнээс 15 судалгааны ажлыг илтгэл хэлэлцүүлэн мэргэжлийн судлаач, багш нарын бүрэлдэхүүн шүүсэн юм билээ.

-Энэ жил хуралд оролцсон судалгааныхаа талаар товч танилцуулахгүй юу?

Завхан аймгийн Сантмаргац сумын төвөөс баруун урагш 27 км, Завханмандал сумын төвөөс хойш 12 км зайд д.т.дээш 1491 м өндөрт орших цэнгэг нуур юм лдаа. Бидний мэдэх дуучин Батболдын дуулсан “Хоёр Маргаз уул” дуунд гардаг үзэсгэлэнт тогтоц бүхий нуур шүү дээ. Судлаачид Хүнгүйн хар буюу Баян нуурын хотгорын гарал үүслийг салхины болон элсний боогдлын гаралтай гэж тайлбарлаж ирсэн байгаа юм. Харин бидний геоморфологийн судалгааны өнөөгийн түвшинд Баян нуурын гарал үүсэл өөр болох нь батлагдаж байгаа ба цаашид Монгол орны нууруудын хотгорын гарал үүслийг шинэчлэн тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа, Баян нуурын баруун урдуур баруун хойноос зүүн урагш чиглэлтэй хагарал үүсч нуурын хотгор доош суусан нь дээд дөрөвдөгчийн настай хурдаст агуулагдах гүний ус нуурын усны тэжээлийн эх сурвалж болох нөхцлийг бүрдүүлсэн байна. Мөн Баян нуурын зүүн эрэгт зүүн хойноос баруун урагш чиглэлтэй хагарал гол хагарлыг нэвт огтолсон нь ортогонал хэв шинжтэй хосолсон хагарлыг илэрхийлж байгааг тогтоосон. Мөн нуурын гүнийг талбай, эзэлхүүн болон гүний изобатын шугамтай нь харьцуулж үзэхэд элсний боогдлоос хамааралгүй, элсний зөөгдөл нуурын өмнөд эрэг рүү зөвхөн түрж тогтсон болохыг тодорхойлж Баян нуур нь тектоник хагарлын дагуух хонхорт тогтсон ба уур амьсгалын болон гадаргын ижил, ойролцоо нөхцөлд орших нууруудтай морфометрийн харьцуулалт хийхэд Баян нуурын хотгор бусдаасаа эрс ялгаатай нь тогтоогдсон. Ингээд салхины гаралтай гэж тэмдэглэгдсэн Баян нуурыг тектоник гаралтай болох саналыг дэвшүүлсэн юм.

-Судалгааны чинь гол ач холбогдол чинь юу вэ?

Онолын түвшинд бол геологи, геоморфологи, геофизикийн судалгааны хосолсон аргуудыг ашиглан Монгол орны нууруудын хотгорын морфологи үүслийг шинэчлэх боломжийг тодруулан өгч байгаа, Эолын гаралтай гэж тэмдэглэгдсэн Баян нуурыг тектоникийн гаралтай болгон өөрчлөх саналыг дэвшүүлж байна. Хэрэглээний түвшинд судалгаагаар Баян нуурын талаарх газарзүйн салбарын атлас, ном, сурах бичигт тусгагдсан дутагдлыг шинэчлэх боломжийг бүрдүүллээ. Үр дүнг Рекреаци-аялал жуулчлалын салбарт ашиглах, Их сургуулийн газарзүйн судалгааны аргазүйн сургалтанд үр дүнг ашиглах боломжтой гэж үзсэн.

Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны ерөнхийлөгч Д.Баттогтохын хамт

-Грант авсан судалгааг хийхэд тусалж дэмжсэн хүмүүсийнхээ талаар?

Баян нуурын хотгорын үүсэл, морфологийн тайлал сэдэвт судалгааг МУИС-ийн Геологи, Геофизикийн тэнхимийн ахлах багш Х.Уламбадрахын хамт сүүлийн хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажил юм. Энэхүү судалгаа нь ямар нэгэн төслийн хүрээнд хийгдээгүй өөрсдийн боломж нөөцөд тулгуурлан хийсэн судалгааны ажил байгаа юм. Энэ дашрамд Х.Уламбадрах багшдаа их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн судалгаа хийх орчин нөхцлөөр дэмжиж ирсэн Газарзүйн тэнхимийн хамт олон, удирдлагууддаа талархаж  байна. Судалгааны ажлыг гүйцэтгэхэд зөвлөж, туслалцаа үзүүлсэн ШУА-ийн Газарзүй – Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Болдбаяр, Э.Амаасүрэн, Я.Гансүх, Ус, Цаг Уур Орчны судалгаа, мэдээллийн төвийн синоптик инженер Б.Цасанчимэг, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш, доктор М.Баянтөр, Г.Юмчмаа, Ц.Базарханд, Д.Сандэлгэр болон Засгийн газрын референт Л.Эрдэнэбаяр нарт тусгайлан талархал илэрхийлье.

Мөн МУИС-ийн шинэ номын сан ашиглалтанд орсон нь бидний судалгааны ажлаа хийх таатай орчин бүрдүүлж өгсөнд мөн талархал илэрхийлье. Хүрэл Тогоот-2017 эрдэм шинжилгээний хурал болохоос өмнө МУИС-ийн шинэ номын сангаас уяатай юм шиг хэд хоног суулаа шүү дээ.

Хурлыг сүүлийн 13 жил амжилттай зохион байгуулж буй Монголын Залуу Эрдэмтдийн Холбооны Газарзүй, Геологийн салбарын залуу эрдэмтдийн холбоонд нийт залуучуудынхаа өмнөөс талархаж байна.

-Цаашдын эрдмийн их үйлсэд чинь амжилт хүсье.

-За баярлалаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар