МУИС-ийг бүтээн хөгжүүлсэн түүхэн хүмүүс, алдар гавьяатангууд үүсгэн байгуулагчийнхаа тухай хэлсэн санал, дүгнэлт

Share Button

МУИС-ийн түүхийг бүтээсэн алдар гавьяатангуудын бодол санал, дүгнэлт

БНМАУ-ын  Хошой Баатар, МУИС-ийг үндэслэгчдийн нэг,  Маршал Х.Чойбалсан

Цэдэнбал үнэхээр ухаантай, эрдмийг шамдан сурсан шинэ хүчин.

МУИС-ийн үндэслэн байгуулагч, ШУА-ийн анхны Хүндэт гишүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Хошой Баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал      

Дээд сургууль байгуулая гэдэг санааг Намын Х их хурлын шийдвэрт бид зориуд оруулсан юм. Маршал Х.Чойбалсан дээд сургуулийн ажлыг надад хариуцуулна гэсэн. Гэвч би тэр үед НТХ-ын дарга, Армийн Улс төрийн газрын даргыг хавсарч, дээд сургуулийн ажил надад шууд хамаарагдаж байсан болохоор Маршалд: “Би идэвхтэй оролцоё. Тэгэхдээ одоогоор практик ажил хөөцөлдөхийг Машлайд даалгая” гэж хэлсэн. Маршал: “Болно. Гэхдээ университетын захирал тавих дээд сургууль төгссөн хүн судал” гэсэн үүрэг надад өгсөн. Ширэндэвийг захирал болгох саналыг Маршал шууд дэмжсэн юм”, “Их сургуулийн нээлтийг хэзээ хийх тухай шийдвэр гаргахдаа Эрхүүгийн Санхүү эдийн засгийн дээд сургуульд элсээд анхны хичээлийн нээлтийг 10 сарын 05-нд баяр хөөртэй хийж байсан минь эрхгүй санагдаж Монголын университетыг нээх өдрийг 10 сарын 05 гэж бид сонгосон юм”. “(Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.385)

 

Moнгол Улсын гавьяат багш,1942 оны Гэгээрлийн яамны сайд, Улсын багшийн дээд сургуулийн ректор байсан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, доктор Түнжингийн Машлай.

Дээд сургууль байгуулах санал их хуралд хэн оруулсныг сайн  мэдэхгүй юм. Ер нь их сургууль байгуулах ажлыг Цэдэнбал дарга их дэмжсэн хүн шүү. Энэ хүн Намын Төв Хорооны удирдлагад орсон, МУИС байгуулах  ажил өрнөсөн хоёр яг таардаг . Бал даргын гарын үсэгтэй их сургуулийн тухай хэд хэдэн тогтоол энэ үеэр гарсан   байдаг юм. / Их сургууль, их түүхийн эзэд. –УБ., 2013, т.345/.

МУИС-ын анхны ректор, ШУА-ийн Ерөнхийлэгч байсан, Хөдөлмөрийн Баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Базарын Ширэндэв.

Би төгсөж ирээд Багшийн сургуульд багшилж байтал Цэдэнбал намайг татаж Засгийн газрын  \Х.Чойбалсангын\ референтийн ажилд томиллоо. Тэгээд НТХ-нд \н.б.д-аар\ ажиллаж байхдаа хавсраад МУИС-ын анхны ректораар ажиллаж байлаа. Тэр үед бид хоёр үргэлж харилцаатай байдаг байлаа. Цэдэнбал үг дуу цөөнтэй,төлөв даруу, ном их уншдаг, нягт нямбай, ажлын эцсийг үздэг, махруу, томоотой хүн байж билээ.

МУИС-ийн ректороор 17 жил ажилласан, ДТДБУХ-ны дарга, ШУА-ийн Ерөнхийлэгч байсан, академич, профессор Намсрайн Содном

Ю.Цэдэнбалтай уулзаж саналаа хэлсний ачаар “Улсын 60 жилийн ойгоор урьд үзэгдээгүй олон багш нар төр, засгийн шагнал авч, дараа нь түүхэнд үзэгдээгүй олон орон сууцыг МУИС-д бэлэглэсэн юмаа. МУИС-д тус бүр 300 хүн суух оюутны байр 3-ыг, багш нарын 48 айлын орон сууц 2-ыг улсаас бариулж өглөө. Цэдэнбал дарга их сургуулиа мартсангүй“.(Н.Содном. Монгол Улсын университет.УБ.,2003,т.40)

БНМАУ-ын Ардын багш, МУИС-ийн ректор, Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хорооны дарга, ГЯЯ-ны орлогч сайд, Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан, нэрт биологич эрдэмтэн, авьяаслаг сурган хүмүүжүүлэгч, зохиолч Дондогийн Цэвэгмид

“Шинжлэх ухааныг Их сургуультай нийлүүлэн устгав, ажил унагав, нураав” хэмээн Д.Төмөр-Очир нар ял зэмлэлийн дээдийг хүлээлгэнэ гэхэд Цэдэнбал дарга надад хүнлэг сайхан сэтгэлээр хандаж,шийтгэлийг зөөлрүүлж байсныг санаж байна. Тэгээд Гадаад яамны 1-р орлогч сайдаар томилон ажиллуулж,манай улсыг НҮБ-д элсүүлсэн НҮБ-ын чуулган, дараа нь Хятадад Элчин сайдаар томилон ажиллуулж, итгэл хүлээлгэж байсныг гүн талархалтайгаар эргэн санаж байна. Дэлхийн Энх тайвны зөвлөлийн тэргүүн шагнал-Жолио- Кюрийн алтан медаль,Ломоносовын их сургуулийн Хүндэт доктор цол, 60 насны ойгоор Сүхбаатарын одон зэрэг шагнал сайшаалыг хүртээхэд Цэдэнбал дарга зөвшөөрөл өгч, урамшуулан хөхүүлж байсанд чин зүрхний угаас баярласан.(Дондогийн Цэвэгмид абугайн хувийн тэмдэглэл, дурсамжуудаас. –УБ., 2015, т. 22,23,26.)

МУИС-ийн ректор, СнЗ-ийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга байсан, эдийн засагч, профессор Жамбын Батмөнх

Ю.Цэдэнбал бол мэдлэг боловсролын суурь сайтай, их хөдөлмөрч, маш тэвчээртэй, зан харилцааны хувьд эелдэг, хүнийг өөртөө татах увдистай, өөрийн гэсэн маш хатуу дэг журамтай нэгэн байсан гэж би боддог. Ярьж хөөрөх, санаа бодлоо илэрхийлэхдээ хэлэх үгээ маш цэгнэж, туйлын болгоомжтой хандана. Орос хэлийг гарамгай эзэмшсэн хүн. (Ж.Батмөнх. Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй. 2003, т.115)

МУИС-ийн ректор, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал байсан, Монгол Улсын Гавьяат багш, академич, доктор, профессор Осорын Шагдарсүрэн

Ю.Цэдэнбал МУИС-ийг санаачлагч, зохион байгуулагч, их сургуулийн нээлтийн хурал дээр их сургуулийн зорилгыг тодорхойлсон гол илтгэлийг тавьж байсан хүний хувьд их сургуулиараа бахархаж, цаг ямагт санаа тавьж, тулгарсан асуудлыг шууд шийдэж өгдөг хүн байж билээ. Цэдэнбал дарга ер нь ШУА, МУИС-ийн эрдэмтдийг байнга урьж уулздаг, үүндээ их дуртай хүн байсан. Ялангуяа Б.Ширэндэв, Д.Цэвэгмид, Ж.Батмөнх, Н.Содном, Хурметбек бидэнд их дотно хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Олон жилийн дарлалын дараах XX зууны сэргэн мандлын 44 жил энэ хүнтэй холбоотой байсан. Энэ хүнийг би Монголын жинхэнэ хаан хүн гэж боддог. Төр улсаа ухаалгаар удирдаж байсан хүн. Угсаа залгаагүй болохоос улс төр, ард түмнийхээ төлөө нэгэн сэтгэлээр зүтгэсэн ард түмний хаан байв.“(Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.281,284).

МУИС-ийн ректор, декан байсан, Гавьяат багш, доктор, профессор Дайчаагийн Дорж

Монголын эгэл жирийн малчин ардын хүү би миний ард түмний бахархал болсон МУИС-ийн ректороор ажиллаж байсныгаа боловсрол, их сургууль, шинжлэх ухааныг хөгжүүлэх Ю.Цэдэнбал гуайн их бодлогын ач үр гэж боддог. Чухам энэ үед Монголын дээд боловсрол хөгжсөн. Энэ хүн МУИС-ийг санаачлан байгуулагчийн нэг, олон жил их сургуулийн амьдралыг удирдаж, хамгийн шилдэг боловсон хүчнээ их сургуульд томилж, их сургуулийн материаллаг базыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохын хувьд МУИС-ийн түүхийн алтан хуудсыг бичилцсэн хүн гэж зүй ёсоор тооцогдох ёстой. Энэ тухай МУИС- ийн хамт олон, оюутан залуус, төгсөгчид гүн хүндэтгэлтэйгээр санаж дурсах нь их сургуулийнхаа түүхийн өмнө бидний хүлээх ариун үүрэг мөн” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф.1, хн.7, т.19) гэжээ.

МУИС-ийн ректор байсан, нэрт физикч эрдэмтэн, профессор Цэрэнсодномын Ганцог.

Өнгөрсөн зууны эхэн, дунд үед төрөн гарсан үндэсний том сэхээтний нэг болох нам, төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын алсын хараатай бодлого, хүчин чармайлт, удирдлагын дор Монгол улс бичиг үсэг үл мэдэх явдлыг богино хугацаанд халсан Азийн анхны орон болж, сургуулийн насны бүх хүүхдийг сургуульд бүрэн хамарсан, үнэ төлбөргүй сургалттай, боловсролын иж бүрэн тогтолцоотой орон болж чадсан нь манай ард түмний түүхэн бодит ололт амжилт байлаа. Манай улсад орчин цагийн дээд боловсролын ууган байгууллага болох Улсын университет байгуулах түүхэн шийдвэр гаргах, үүсгэн байгуулах, улмаар түүний материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнээр ханган бэхжүүлэх үйлсэд Ю.Цэдэнбал томоохон үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.” (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.137,138)

МУИС-ийн ректор байсан, Цөмийн шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор Сүрэнгийн Даваа.

Их сургууль байгуулж, цаашид хөгжүүлэх талаар Ю.Цэдэнбалын толгойлж байсан НТХ, СнЗ удаа дараа хэлэлцэн тогтоол шийдвэр гаргаж, харьцангуй богино хугацаанд хэрэгжүүлсэн нь архивын баримтаас харагдаж байна. Түүгээр ч барахгүй их сургуулийн барилгын шав тавих, нээлт болон анхны төгсөлтийн ажиллагаанд оролцож үг хэлж байснаас үзэхэд энэ түүхэн зүтгэлтэн хир их ач холбогдол өгч байсан нь харагдаж байна. (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.155-156)

МУИС-ийн ректор байсан, Монгол Улсын Гавьяат багш, МУИС-д Сургалтын албаны дарга, Ардын боловсролын сайд, УИХ-ийн дарга байсан, доктор, профессор                      Санжбэгзийн Төмөр-Очир.

МАХН-ын Х их хурлаас дээд сургууль байгуулах шийдвэр гаргахад Ю.Цэдэнбалын хүчин чармайлт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангаж, МУИС-ийг нээхэд “Дээд сургуульд суралцагчдын суралцах зорилгын тухай” гэсэн гол илтгэл Ю.Цэдэнбал тавьж, тус сургуулийн зорилтыг анх тодорхойлсон нь одоо ч ач холбогдлоо алдаагүй байна. МУИС байгуулагдсанаас хойш ч Ю.Цэдэнбал дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, багш нарыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцуулах, эрдмийн бүтээл, шинэ санаа технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд онцгой анхаарч байсан юм. (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.9)

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат багш, МУИС-ийн нэгдүгээр проректор, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны орлогч дарга байсан, доктор, профессор Түмэнбаярын Дашцэдэн.

Ю.Цэдэнбал бол Монголын боловсрол, соёл, гэгээрэл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд мэдээжийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Монголыг орчин цагийн улс болоход Ю.Цэдэнбалын эрдэм мэдлэг, санаачилга их үүрэг гүйцэтгэсэн нь гарцаагүй. МУИС байгуулахад Ю.Цэдэнбал ажил хэргийн талаас голлож оролцсон. Нам, засгийн шугамаар МУИС-ийн асуудлыг хэлэлцэхэд Бал дарга туйлын дотно хандаж, асуудлыг ямагт сайн талаас нь шийддэг байсныг би сайн мэдэх билээ. (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.175,176)

Монгол улсын аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Эрчим хүч, геологийн сайд, Эрэл ХХК-ний ерөнхий зөвлөх байсан, доктор Мятавын Пэлжээ  

Ю. Цэдэнбалын ам шийдвэрээр хүн, мал эмнэлэг, багшийн бэлтгэл ангийн оюутнуудаас шилжүүлэн эдийн засгийн ангийг нээхэд нь би элсэн орсон юм. Шинэ анги салбар болохоор нам засгаас ч их анхаарал тавьж байлаа. 1-р дамжааны эхний улирлын шалгалтаар Ю.Цэдэнбал манай сургууль дээр биечлэн ажилласан юм. Орос зөвлөхөө дагуулж ирсэн санагдана. Улс төрийн эдийн засгийн ухааны шалгалтыг бидний 11 оюутнаас авлаа. Эдийн анхны, хүнд шалгалт учраас бидэнд тун хэцүү байсан. Цэдэнбал багш уурлаж, зэмлэсэнгүй. Гурван оюутанд дунд дүн тавиад, бусдыг дахин сайн уншиж ирээрээ гээд явж билээ.Бал дарга боловсролд маш их анхаарал тавьдаг хүн байсан юм. Хожим намайг яаманд ажиллаж байхад, аль нэг сургуульд хүн явуулж сургах саналыг юуны өмнө дэмждэг байсан.

Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны соёл, боловсрол, шинжлэх ухаан хариуцсан нарийн бичгийн дарга байсан, философийн шинжлэх ухааны доктор, профессор Цэрэнпилийн Балхаажав

Монголчууд оюуны дээд төвшинд гарах анхны том санаачлага- МУИС-ийн бүтээн байгуулалтын үүсгэгч нь яахын аргагүй Ю.Цэдэнбал, Х. Чойбалсан нар байсныг бахархан дурсах шиг эрхэм зүйл Монголын хөгжилд цөөн бизээ. МУИС 75 жилийнхээ ойгоор үүсгэн байгуулагчиддаа өндөр хүндэтгэл үзүүлж буй нь хойч үе оюуны өндөр төвшинд ямагт алхаж явахын сургамжит үндэс боллоо.

Монгол Улсын Гавъяат багш, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, МУИС-ийн декан, Дээд, тусгай дунд боловсролын Улсын хорооны орлогч дарга байсан, доктор, профессор Зандангийн Энэбиш

МУИС-ийг байгуулах санаачлагыг Ю.Цэдэнбал дарга л намын Х их хурлын шийдвэрт тусгаж, хэрэгжүүлэх талаар олон чухал шийдвэрийг биечлэн гаргаж байсан. Тэр үед Монголд дээд боловсрол, мэргэжил эзэмшсэн ганц хүн нь Ю.Цэдэнбол дарга байсан болохоор их сургууль байгуулах санаа сэдсэн нь нийгмийн үүрэг нь байсан бизээ. Ю.Цэдэнбал дарга Их сургуулийнханд онцгой сайнаар ханддаг байсан юм.

Монгол Улсын ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн,  академич, ОХУ-ын академич, МУИС-ийн Эмерит профессор, доктор /Sc/ Түвэдийн Дорж

МУИС-ийг үүсгэн байгуулж, хөл дээр нь зогсоох, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, ялангуяа эдийн засгийн салбар байгуулсан, ЭЗФ, улмаар ЭЗДС байгуулсан гол автор нь Ю.Цэдэнбал байсан юм. Эдийн засгийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, эдийн засгийн цоо шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан, Монголын анхны дээд боловсролтой эдийн засагч, үндэсний том сэхээтэн энэ хүнд ШУА-ийн бүх гишүүдийн чуулганаас эдийн засгийн шинжлэх ухааны доктор цол олгосон нь тухайн үеийн Монголын том эрдэмтэд, эдийн засагчдын үнэлгээ мөн байв. Хожуу үеийн эдийн засагчид бид үүнийг жинхэнэ хүнээ олсон шийдвэр гэж үздэг юм. Намын удирдлагад гарч ирсэн тэр үедээ Ю.Цэдэнбал 1940 онд Их сургууль байгуулах заалтыг намын Х их хурлын тогтоолд санаачлан оруулж, их сургуулийн зорилтыг анхлан дэлгэрэнгүй тодорхойлж, үг сургаалаа хэлж, их сургуулийг байгуулах, боловсон хүчин, удирдлага, эдийн засаг, санхүүгийн талаар бэхжүүлэхэд олон жилийн турш хамгийн том хувь нэмэр оруулж байсан МУИС-ийн эцэг болсон хүний хувьд нь манай хамт олон, оюутан, төгсөгчид онцгой анхаарч тахиж явах ёстой гол хүн гэдгийг хэлэхийг хүсэж байна6” (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.186,187)

Монгол Улсын Ардын багш, ШУА-ийн академич, Монголын инженерийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, МУИС-ийн проректор, ПДС-ийн захирал, Улсын Их Хурлын гишүүн байсан, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Чилхаажавын Авдай

Дээд боловсролын системд олон жил ажиллаж, олон хүнтэй уулзан ярилцаж, дээд боловсролын түүхийг тодорхой хэмжээгээр судалж байсан хүний хувьд хэлэхэд олон мянган жилийн түүхтэй Монголчуудын дотроос гадаадад 10 жил тасралтгүй сурсан бүрэн дээд боловсролтой, эдийн засагч нарийн мэргэжлийн диплом өвөртөлсөн анхны монгол хүн, Монголын дээд боловсролтой сэхээтний анхны алтан хараацай нь Ю.Цэдэнбал байсан. Олон жил шинжлэх ухааны салбарт хүч оюунаа сорьсон академич, доктор/Sc/ хүний хувьд хэлэхэд Монголын ШУА-ийн үндэс суурийг тавьсан, энэ талаарх нам, засгийн гол шийдвэрийг гаргасан хүн, тэр ч байтугай ШУА-ийн анхны дүрмийг бичилцэж, батлан гаргасан хүн нь Ю.Цэдэнбал гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Энэ хүн ШУА-ийг байгуулж хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, эдийн засгийг сэргээх оновчтой бодлогыг боловсруулсны хувьд ШУА-ийн жинхэнэ гишүүн болсон гэдгийг, мөн Монголын олон шилдэг эрдэмтдийн хамт бүтээлээрээ эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг цол авсан хүн гэдгийг шинжлэх ухааны хүрээнийхэн сайн мэддэгийг энд хэлэх нь зүйтэй биз. Боловсрол, соёл, шинжлэх ухааны уурхай болсон Монгол Улсын Их Сургууль байгуулах, дээд боловсролын системийг бий болгох ажлыг санаачлан, зохион байгуулагчийн нэг, нэрт удирдагчийн маань гаргасан эрдэм номын гэгээн зам мөр өлзийтэй сайхан дурайж байх болтугай.” (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.106)

Монгол Улсын Ардын багш, МУИС-д тэнхимийн эрхлэгч, проректор, ОБДС-д ректор, Дээд, тусгай дунд боловсролын улсын хорооны даргаар ажиллаж байсан, А.С.Пушкины нэрэмжит олон улсын шагналт, Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн ерөнхийлөгч доктор, профессор Сэрээнэнгийн Галсан.

Ю.Цэдэнбал яагаад хамгийн энгийн хүн болох, тэгсэн атлаа хичнээн их юм уншсан, хичнээн их юм мэддэг, хэл шинжлэлийн хичнээн их мэдрэмжтэй хүн байсан зэргийг би сайн мэдэх юм. Ю.Цэдэнбал Монголын ард түмний түүхэнд их гавьяатай хүн. Тэр гавьяа нь мөнхрөх учиртай. Их, дээд сургуульд 55 жил багшилсан хүний хувьд хэлэхэд МУИС- ийг санаачлан байгуулсан, бэхжүүлсэн гол хүн бол Ю.Цэдэнбал маргаангүй мөн. Монголын сүүлчийн үе залгамжлаагүй, жинхэнэ Хаан, Цэдэнбал гэдэг их хүний итгэлийг хүлээж, түүний мэлмийд бүлээн зөөлөн харагдаж явсныгаа ямагт сайн сайхнаар санаж явдаг болохоор Цэдэнбал даргын гэгээн дүр ой тойнд минь мөнхөрсөн юм. (Монголын үнэн,2014.02.04.)

Монгол Улсын Гавьяат багш, Ази, Номхон далайн орны Материал судлалын Академийн академич, МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, хичээл ангийн эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Ардын Боловсролын яамны сайд, МУИС- ийн Шинэ материалын хими технологийн судалгааны төвийн захирал байсан, доктор /Sc/, профессор           Раднаасэдийн Санжаасүрэн.

Үндэсний дээд мэргэжилтэн бэлтгэх асуудал хурцаар тавигдаж байсныг анхлан сайн мэдэрч байсан хүн бол Ю.Цэдэнбал гуай байв. Энэ сургуулийг жинхэнэ университет болгоход онцгой анхаарч байсан хүн гэдгийг хэлэхийг би үүргээ гэж бодож явдаг юм. МУИС-ийн түүхийг судалж байсан хүний хувьд хэлэхэд Цэдэнбал дарга бол ер нь Их сургуулийг үндэслэн байгуулах ажлыг биечлэн удирдсан хүн юм. (Ю.Цэдэнбал ба МУИС.-УБ.,2012, т.260)

Монгол Улсын Ардын, Гавьяат багш, ШУА-ын академич, МУИС- ийн проректор, Математикийн хүрээлэнгийн захирал байсан, доктор /Sc/, профессор Абишийн Мекей.

МУИС-ын бараг бүх л ой тэмдэглэх комисст миний бие орж ажиллах хувьтай байв. 20, 40, 50, 60 жилүүд. Төрөлх сургуулиараа насан турш бахархан явдгийн хувьд сургуулийн түүх замналыг судлахад ч олон жил оролцсон юм. 1982 онд МУИС-ийн 40 жилийн ойгоор сургуулийн архивт олон хоногоор сууж тун сайн баримт материалтай танилцсан. Энэ бүгдийг уншиж судалж байхад МУИС-ийг гол санаачлагч, санаа тавьж байсан  хүн нь Ю.Цэдэнбал гэж би үзсэн. ДТДБУХ байгуулагдах хүртэлх бүх үед МУИС-ийн талаар авсан олон арга хэмжээнд энэ хүн биечлэн оролцож, сэтгэлээ зориулж байжээ. Их сургуулийг хөгжүүлэх, сургалтыг боловсронгуй болгоход их анхаарч байсан хүн бол энэ хүн юм. Монголын дээд боловсрол, ялангуяа МУИС-ийн түүхийг судалж байхдаа миний олж мэдсэнээр дээд сургуульд жинхэнэ утгаар суралцан төгсөж, диплом өвөртөлсөн анхны дөрвөн монгол хүний эхнийх нь Ю.Цэдэнбал байсан юм. Монгол улсын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан МУИС-ийг арван жилийн боловсрол ч олигтой хөгжөөгүй, бичиг үсгээ мэддэг хүн ч ховор байсан, дайны хүнд үед ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гарган байгуулсан нь үнэхээр холын хараатай, зоригтой, зөв шийдвэр, алхам мөн байв”(Ю.Цэдэнбал МУИС-ийн түүхэнд.-УБ., 2010,т.24.) гэжээ.

Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ын ХЗХ -ийн захирал, академич, МУБИС-ийн проректор,ОУМСХ-ны Ерөнхийлөгч байсан, МУИС-ийн профессор, доктор /Sc/, Домын Төмөртогоо.

Монгол улсын хөгжлийн бүх салбарыг хариуцаж байсны хувьд Ю.Цэдэнбалын боловсролын бодлогын гол төвд МУИС байсан. МУИС бол үүссэн цагаасаа эхлэн боловсрол, соёл, шинжлэх ухааны гол уурхай байв. МУИС-ийн ректоруудыг шилэн сонгох томилохоос өгсүүлээд их сургуулийн хөгжлийн бүх асуудал Ю.Цэдэнбалын бодлого, үйл ажиллагаатай холбоотой байжээ. МУИС байгуулах, дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэхийн ач тусыг ойлгож, анхны санаа санаачилга гаргасан хүн нь удирдлагын хүрээн дэх дээд боловсролтой ганц хүн болох Ю.Цэдэнбал гэдэг нь ойлгомжтой. Бүх дэлхийн дайн эхэлсэн үед Их сургууль байгуулах санаа сэдэж, улс орны бүх нөөц бололцоог ялалтын төлөө зориулж байсан үед МУИС-ийн тулгын чулуу тавьж, дээд боловсролтой үндэсний сэхээтэн бэлтгэх зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн нь тун зоригтой, алсын хараатай, сонирхолтой, ирээдүйн их ач холбогдолтой шийдэл байлаа.(МУИС: Санаачлагч, үүсгэн байгуулагчид.-УБ., 2006,т.98)

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, зохиолч, нэрт соён гэгээрүүлэгч Лодонгийн Түдэв.

Малчин Монгол нь оюунлаг Монгол болон өсөн дэвжих үйл явцын түрүүчийн эгнээнд явж байсан малчны хөвгүүн Ю.Цэдэнбал бүхнийг мэдэгчээр ганцаараа юм уу хэдүүлхнээ дархлагдан сууж болох байсан цаг үед тэрээр тэгэхийг хүсээгүй ажээ. Юу гэвэл өндөр албан тушаал, эрх мэдэлтэй болсноосоо хойш ердөө л нэг жил болоогүй байх үед Ю.Цэдэнбал Монгол улсдаа үндэсний их сургуультай болох санал дэвшүүлж эхэлсэн бөгөөд тэр санаагаа шаргуу зүтгэлээр гүйцэлдүүлж 1942 онд МУИС-ийг байгуулан анхны хичээлийн жилийн нээлтийг хийсэн түүхтэй юм.Өндөрт гартлаа хөгжсөн соёлтой улс орон гэгдэж байсан Баруун Европт их, дээд сургуулиуд хаагдаж, ном, сурах бичгүүдийг нь гудамжинд овоолоод шатааж байсан Дэлхийн II дайны түймэр дэгдсэн тэр жил Дорнын малчин монголчууд улсынхаа нийслэлд Үндэсний их сургуулиа байгуулж, анхны хичээлийн жилийнх нь нээлт хийж байсан түүхэн хэрэг явдлыг өнөө ч, хожим ч үнэхээр утга төгөлдөр, содон төдийгүй онцгой үйлс гэж тэмдэглэх нь гарцаагүй зүйл билээ. Москвагийн их сургуулийг орос хөвгүүн Михаил Ломоносов үүсгэн байгуулсан нь зөвхөн Орос орноор хязгаарлагдахгүй дэлхийн хэмжээний эрдэм оюуны голомт болтлоо хөгжин дэвжсэнтэй харьцуулахуйц чухал ач холбогдолтой санаачлагыг малчны хөвгүүн Цэдэнбал дэвшүүлэн хэрэгжүүлсэн гэж үзэх учир холбогдолтойн хувьд шинэ Монголын түүхнээ ч, Ази тивийн улс орнуудын соёл иргэншлийн шинэхэн үеийн дэвшил хөгжилд ч тэмдэглэлтэй үйл явдал мөн болой. Урган гарах онд  ойтойгоо золгохоор зэхэж буй МУИС үүсгэн байгуулагчийнхаа гавьяа зүтгэлийг төдий л санахгүй мэт явж ирсэн он жилүүдийнхээ хүлээснээс салж, Маршал Х.Чойбалсан, Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит байхыг хүсдэггүй юмаа гэхэд нэрэмжит танхимтай юм уу, тэнхимтэй болж, түүний бодит гавьяаны тухайд түүхэн үнэнээс цэрвэхгүй хэлдэг, ярьдаг байхаар эрийн цээнд нэгэнт хүрчээ. Энэ их сургуульд суралцаж төгсөгчид хувь хүн төдийгүй, Монгол Улсын оюуны чадавхыг бүрдүүлэгч эрдмийн торгон цэргүүд юм. Тэр тавиландаа үнэнч явсан ахмад үеийнхнийхээ уламжлалыг МУИС мартахааргүй цэлмэг ой дуртгалтай гэдэгт итгэж байна. / Дал, 2006, Өвлийн дунд сарын шинийн нэгэн./

УИС-ийн төгсөгч, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний шинжлэх ухааны Академийн тэргүүн дэд Ерөнхийлэгч, Казахстаны ШУА-ийн жинхэнэ гишүүн, түүхч эрдэмтэн, зохиолч,орчуулагч Хавишийн Ислам

Ю.Цэдэнбал бол нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гарамгай соён гэгээрүүлэгч, соёл боловсролд жинхэнэ эргэлт гаргасан хүн. 1962 онд би МУИС-д оюутан болсон үед их сургуулийн 20 жил болоход Цэдэнбал дарга оролцож сайхан үг хэлж, баярын илгээлт уншиж байв. Нэрт түүхч эрдэмтэн, сэтгүүл зүйн эцэг гэгддэг Дэлэг багш маань Их сургуулийг энэ хүн байгуулсан юм гэж хэлж байсныг би мартдаггүй юм. Хожим нь би судлахад үнэхээр үнэн байв. Оюутнуудад ч их сайхан ханддаг хүн байсан бөгөөд онц суралцсан гэж 1966 онд Цэдэнбал дарга надад “40 жилийн ойн альбом” шагнаж байсан сайхан дурсамж үлджээ. Их сургуулийг үндэслэн байгуулсан энэ хүндтэй хүн аавын хүү болж  төрөөд ард түмний хүү болж тэнгэрт хальсан . Их сургуулийн удирдлага энэ түүхэн хүний хөшөөнд анх удаа цэцэг өргөж байгаа нь ухаантай хүний бодлого  бизээ.

Монгол Улсын Гавьяат багш, НТХ-нд Ухуулгын тасгийн эрхлэгч, МУИС-д тэнхмийн эрхлэгчээр 25 жил ажилласан, философийн доктор, профессор Дашийн Содномгомбо.   

Цэдэнбал дарга ном их уншдаг, өндөр боловсролтой хүн байсан. Ийм ч учраас эх орондоо соёл боловсролыг хөгжүүлэхэд гарамгай үүрэг гүйцэтгэсэн. Манай МУИС-ийн түүх ч энэ хүнтэй салшгүй холбоотой.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Монгол уламжлал” Академийн Ерөнхийлөгч, доктор, профессор Лувсандамбын Дашням.                                                                                           

Ю.Цэдэнбал Монголоос гадаадад суралцаж төгсөгчдийн анхны төлөөлөгч, МУИС-ийг байгуулах саналыг гаргаж байсан хүн. Үүсгэн байгуулагч.

НТХ-ны Үзэл суртлын хэлтсийн орлогч эрхлэгч,  Интеркосмос  програмыг  хэрэгжүүлэх ажлын хэсгийн дэд дарга байсан,  Шихихутаг  дээд  сургуулийн  профессор,  доктор Чоёгийн Даваадаш.  

МУИС энэ хүний санаачлагаар үүсэн байгуулагдсан.

МУИС-ийн төгсөгч, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон  улсын Монгол судлалын  холбооны  Ерөнхий  нарийн бичгийн дарга, профессор, доктор Сампилдэндэвийн Чулуун.

Ю.Цэдэнбал гуай МУИС-ийг анх байгуулах цаг үеэс эхлэн түүний нэр Их сургуультай салшгүй холбоотой. Монгол Улсын Их сургуулийг хөгжлийн сайн түвшинд, хүчирхэг, нэр хүндтэй болгоход Ю.Цэдэнбал хамгийн томоохон үүрэг гүйцэтгэснийг түүхийн баримт хөдлөшгүй нотлодог. Монгол Улсын Их сургуулийн өнөөгийн нэр хүнд, гайхамшигт эрдэмтэд бол зөвхөн  түүний үед  бүтээгдсэн , боловсорсны үр дүн болно.

Дээд, тусгай дунд боловсролын Улсын хорооны газрын дарга, Хүүхдийн хөгжлийн судалгааны төвийн захирал,  Боловсролын хүрээлэнгийн захирал байсан, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы дарга, БСШУС-ын сайдын зөвлөх, академич, доктор, профессор Надмидын Бэгз

Монголын дээд боловсролын анхны их сургуулийг гардан байгуулж, түүний хөгжил төлөвшилд шууд гар бие оролцон анхаарч эхэлснээсээ хойш… дөч гаруй жилийн хугацаанд энэ салбарын хөгжилд Ю.Цэдэнбал даргын оруулсан хувь нэмэр асар их юм.  МУИС нь энэ их сургууль байгуулахыг санаачлан хөөцөлдөж хэрэгжүүлсэн Ю.Цэдэнбал, түүний үзэл санааг дэмжин тусалсан Х.Чойбалсан нараас Монголын дээд боловсролын хөгжилд оруулсан гэрэлт хөшөө болон сүндэрлэж үлдсэн юм. Өнөөгийн Монголын ахмад, дунд, залуу үеийнхэн энэ хүний ачийг санаж, эх орондоо дээд боловсролыг хөгжүүлэх талаар түүний байгуулсан түүхэн гавьяаг нь ой тойндоо мөнхжүүлэн хадгалж явах ёстой юм шүү.

МУИС-ийн ректор. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Стратеги академийн захирал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд Сайд байсан, доктор Ядмаагийн Төмөрбаатар

Бид өнөөдөр Их сургуулийнхаа 75 жилийн ойг тохиолдуулан Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, Монголын хамгийн анхны дээд боловсролтой сэхээтэн-санхүү эдийн засагч, Шинжлэх Ухааны Академийн Хүндэт  гишүүн, эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Их Сургуулийг үндэслэн байгуулагч, Монголын төрийн гарамгай удирдагч Юмжаагийн Цэдэнбал агсны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж байна.

Юмжаагийн Цэдэнбал Монголын төрийн жолоог тасралтгүй 44 жил залуурдахдаа Монголын ард түмний төлөө болоод Монгол Улсын төлөө асар их зүйл хийж бүтээснийг та бид сайн мэднэ. Тэдгээр их бүтээн байгуулалтын охь манлай нь яахын аргагүй Монгол Улсын Их Сургууль мөн. Ирээдүйгээ гэрэлтэй харахын тулд бид өнгөрснөө хүндэтгэж, түүнээс суралцах учиртай. Өнгөрсөнгүй одоо, одоогүй ирээдүй үл оршихын учир та бид өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулж, хөгжүүлэн цэцэглүүлсэн бүх гавьяат үйлстнүүдээ дурсан санаж байна. Тэдгээрийн дотроос манай их сургуулийг үндэслэн байгуулах ажлыг биечлэн удирдсан Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэн, түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө. Бидний төлөө ухамсарт амьдралаа зориулсан ахмад үеийхний маань үйл хэрэг хэзээ ч балрахгүй бөгөөд, он цагийн шуурганд улам тодрох нь дамжиггүй юм.

МУИС-ийн профессор, Ю.Цэдэнбалын Академийн дэд Ерөнхийлөгч, Намтарын судалгааны нийгэмлэгийн тэргүүн, МУИС-ийн түүх судлаач, түүхийн шинжлэх ухааны доктор (Ph.Sc) Цэен-Норовын Жамбалсүрэн

МУИС-ийн түүхийг бүтээлцсэн гайхамшигтай хүмүүс, үе үеийн эрдэмтэн мэргэд төрөлх сургуулийг нь үүсгэн санаачлах, байгуулах, хөгжүүлэхэд олон арван жил гол, давтагдашгүй, гарамгай үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын анхны дээд боловсролтой сэхээтэн, ШУА-ийн Хүндэт гишүүн, доктор Ю.Цэдэнбал болох тухай тун тодорхой хэлж, бичиж үлдээсэн нь МУИС-тай хагас зуун жил ажил амьдралын холбоотой байж, түүхийг нь архивын баримт түшиглэн 13 жил судалсан миний судалгаагаар нотлогдсон. Энэ түүхэн үнэнд үл итгэн маргалдах хүн надтай таарч байгаагүй нь их сургуулийн түүхийг бүтээгч гавьяат үйлстэн -ахмадуудын үнэлэлт дүгнэлт бодитой болохын баталгаа мөн. Их сургуулийн эцэг болсон энэ хүний сайн үйлсийг мөнхжүүлэх нь эрдмийн энэ уурхайн хамт олны ариун үүрэг, сургуулийнхаа түүхийн өмнө хүлээх хариуцлага мөн билээ.

Нийтлэлийг бэлтгэсэн Профессор Ц.Жамбалсүрэн 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар