2017 оны Бээжингийн форум 11 сарын 03-наас 05-ны өдөр Бээжин хотод боллоо. БНХАУ, ОХУ, Япон, Египет, Пакистан, Энэтхэг, Их Британи, Канад, Австрали, АНУ, ӨАБНУ, Катар зэрэг 50 гаруй улс орны өндөр албан тушаалтан, улс төрч, судлаач нийт 300 гаруй төлөөлөгч Бээжинд цуглан энэхүү форумд оролцлоо. Форумыг нийгмийн хөгжлийн явц дахь үнэт зүйл, тогтолцоог ярилцаж, соёлын ялгаа зөрөөгөө ойлголцон, санаа бодлоо солилцон, харилцан сурах шинэ арга замыг эрэлхийлж, нийгмийн хөгжил дэвшлийн шинэ арга замыг хайх эрхэм зорилготой зохион байгуулж иржээ.
“Соёл иргэншил хоорондын эе зохирол ба хамтдаа цэцэглэн хөгжих нь” хэмээх сэдвээр болсон энэ форум нь 3 өдөр үргэлжилж, төлөөлөгчид нь 8 салбар хуралдаанд “Түүхэн болон дэлхийн ирээдүйн төлвөөс нийгмийн өөрчлөлтийн хандлагыг тогтоох нь”, “Соёл иргэншлийн уламжлал, харилцаанаас Нэг бүс нэг замын хөгжлийг тогтоох нь”, “Өөрчлөлтийн явц дахь эдийн засгийн хөгжлийн шинэ эрч хүч” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуралдав.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг нар уг форумд хүндэт зочноор уригдан, ШУС-ийн ХУС-ын Шашин судлалын тэнхимийн багш С.Янжинсүрэн “Шашин хийгээд Нэг бүс, нэг зам”, Ази судлалын тэнхимийн багш Ш.Эгшиг “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын хөгжлийг түүхэн Цайны замтай уялдуулах нь” гэсэн илтгэл тавьж тус форумд хэлэлцүүллээ.
Бээжингийн форум бол Хятадын Боловсролын яамны зөвшөөрөлтэйгээр 2004 оноос эхлэн тогтмол зохион байгуулагдаж , Бээжингийн Их сургууль, Бээжин хотын Боловсролын зөвлөл, БНСУ-ын Дэвшилтэт судлалыг дэмжих Солонгос сангаас хамтран зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Өнөөгийн байдлаар 14 удаагийн форумд 70 гаруй улс орны нийт 5000 гаруй төлөөлөгчид оролцжээ.