Үндэсний бахархалт цэцгийг сурталчлах ажлын хүрээнд шуудангийн Бэрцэцэг маркын нээлт боллоо

Share Button

Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/, Монгол улсын их сургууль, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн судлаачид хамтран Монгол улсын үндэсний бахархалт цэцгийг сонгож, Засгийн газрын 2014 оны 10-р сарын 25-ны 335-р тогтоолыг батлуулж, нийтэд сурталчлан таниулах, тусгай сонирхлын аялал жуулчлалын аяллыг хөгжүүлэх ажлыг зохион байгуулж ирлээ.

Монголчуудын хөх цэнхэр өнгөний бэлгэдэл, эрүүл энх, амар амгалан байхын бэлэг тэмдэг болгон хүндэтгэж тахилын цэцэг хэмээн хүндэтгэдэг, бидний соёл, түүхтэй салшгүй холбоотой  Бэр цэцэг /заримдаа баавар цэцэг гэх/ Монголын нэгэн бахархал болгон нийтэд зарлах, Засгийн газрын тогтоол гаргах ажлыг МУИС-ийн Биологийн тэнхимийн багш доктор С. Гомбобаатар,  доктор Д. Суран, проф. Ц.Жамсран нар төрийн захиргааны төв байгууллагатай  хамтран гардан зохион байгуулжээ.

Үндэсний бахархалт цэцгийг сурталчлах ажлын хүрээнд Монгол шуудан улсын үйлдвэрийн газартай хамтран “Үндэсний бахархалт  Бэр цэцэг” шуудангийн маркны анхны өдрийн нээлтийг МУИС-ийн дугуй зааланд 2017 оны 11-р сарын 15-нд зохион байгуулав. Үйл ажиллагаанд Монгол шуудан УҮГ-ын Монгол маркын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монгол улсын их сургууль,  Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг төрийн ба төрийн бус байгууллагын төлөөлөл, мөн марк сонирхогч нийт 80 гаруй хүн оролцов.

Цаашид үндэсний бахархалт цэцгээр уламжлан байгаль хамгааллын үйл ажиллагааг нийтэд сурталчлан хүргэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн биологийн нөөцийг эдийн засгийн  эргэлтэнд оруулах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар