МУИС-ийн Биологийн тэнхимийн ургамал, амьтан, биологийн нөөц судлал, экологи, биологийн багш, генетик, биофизик, генетик, микробиологийн чиглэлээр судалгаа, сургалт гүйцэтгэдэг нийт 13 багш 2017 оны 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Өвөр Монголын их сургууль, Багшийн их сургууль болон Шинжлэх ухааны академийн Газар тариалангийн хүрээлэнгээр зочилсон байна.
Багш нар 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөр Монголын их сургуулийн Экологи, хүрээлэн буй орчин болон Байгалийн ухааны сургуулийн профессор, багш нартай ажлын уулзалт зохион байгуулж хамтын ажиллагааны чиглэл тогтоохын тулд “Ургамал болон амьтан судлал, хамгаалал”, “Экологийн судалгаа”, “Генетик, микробиологи, биофизик, биохимийн судалгаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. Дараа нь Өвөр Монголын их сургуулийн экологи, хүрээлэн буй орчин болон байгалийн ухааны лабораториудтай танилцаж, судалгааны чиглэл бүрээрээ манай багш нар Өвөр Монголын их сургууль болон Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнгийн профессоруудтай уулзав.


Мөн Өвөр Монголын Багшийн их сургуулийн амьтан, ургамлын цуглуулгын сан, музей болон физикийн сургуулийн хатуу бие, материал судлалын лабораториудтай 12 дугаар сарын 26-ны өдөр танилцаж, чиглэл бүрээрээ Багшийн сургуулийн профессоруудтай санал солилцлоо.
Биологийн тэнхим болон Өвөр Монголын их сургуулийн Байгалийн ухааны сургуулийн хооронд Монголын тэгш өндөрлөгийн биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг зурахаар төлөвлөн ажиллаж эхлээд байна.


Уулзалтын үр дүнд Өвөр Монголын Шинжлэх ухааны академийн Газар тариалангийн хүрээлэнгийн захирал, профессор, судлаачидтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ’’Үр тарианы ургамлын стресс физиологи, биохими’’-ийн чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, Өвөр Монголын их сургуулийн Байгалийн Байгалийн ухааны сургуулийн дэд захирал Dr. Hasi Agula-тай уулзаж, хоёр сургуулийн хооронд багш, оюутан солилцох, Монголын Улсын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль болон Өвөр Монголын их сургуулийн багш нартай шувуу судлалын Монгол нэр томьёо, хуруут хунгийн биологи, экологи, Монголын тэгш өндөрлөгийн шувууны тархалтын судалгааны чиглэлээр, мөн ургамлын аймаг, ангилал зүйн чиглэлээр Өвөр Монголын их сургуулийн проф. Zhoa Li-Qing нартай хамтран ажиллах тохиролцоо хийлээ..
Түүнчлэн ургамал, шувуу судлалын чиглэлээр хамтран ажиллаж буй багш нар өөрсдийн бүтээлээ солилцсон юм.